Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна.
Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.
Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсэг өнөөдөр 20:00 цагаас энэ сарын 25-ны өдөр хүртэл хаана. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэх юм.
Харин 2 дугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзварыг энэ сарын 25-аас хаахаар болжээ.
УДЭТ-аас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилгоор уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: www.24tsag.mn