Comment.mn

Хүүхдийн цэцэрлэг “хорих анги” биш


 

Жил бүрийн намар хүүхдийн цэцэрлэгийн асуудал бага насны хүүхэдтэй хүмүүсийн толгойны өвчин болдог.

 

Улсын цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байдгаас эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдийг хонон өнжин сахиж хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг.

 

Гэтэл өнөөх итгэл хүлээлгэж, хүүхдээ даатгасан төр, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа доголдолтой байсаар байгаа нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрсэн байна.

 

Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний  дагуу “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар  нийт 88 байгууллагыг хамруулан  шалгалт явуулжээ.

 

 

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдээс эдэлбэр газар, анги танхим, өрөө тасалгааг хүүхэд хөгжүүлэх чиглэлээр зориулалтын дагуу ашиглаагүй, биеийн тамирын гадна талбайд тавигдах шаардлага хангаагүй, туршилтын талбайгүй, сургалтад тогтмол ашигладаггүй, гадна тоглоомын талбай нь хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тоног төхөөрөмж, хэрэгсэлээр хангагдаагүй зэрэг зөрчил ихээр илэрчээ.

 

Түүнчлэн шалгалтад хамрагдсан  цэцэрлэгүүдийн 50 хувь нь хөгжмийн танхим, биеийн тамирын заал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, хэрэгслийг хүүхдийг хөгжүүлэхэд тогтмол ашигладаггүй болох нь тогтоогдсон байна. Нэг үгээр хэлбэл цэцэрлэгүүд дуу хөгжмийн танхим, биеийн тамирын заалыг үзүүлэн хэлбэрээр ашиглаж байсан аж. Угтаа бол хүүхдийг хөгжүүлэх боловсруулах үүднээс л тэдгээрийг ашиглах учиртай байлтай. Гэтэл хэн нэгэн дарга, хэсэг бүлэг урлаг, спортын авьяастай гэх хүүхдүүдэд л зориулагдсан мэт нийт хүүхдүүдийг хамруулж, хичээлийн хөтөлбөрт ашиглахгүй байгаа нь шалгалтаар илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлжээ.

 

 

Багш хэмээх эрхэм ажлыг хүссэн хүрнбүр хийгээд байдаггүй. Тиймээс ч номын дуу сонсож байж, багшлах эрх авдаг. Энэ нь ч мэдээж учиртай. Хүүхэдтэй харьцана гэдэг амаргүй атлаа адармаатай ажил. Хүүхдийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус, багшлах эрхийн үнэмлэхгүй хүмүүс багшлаж, хүүхдүүдийг хүмүүжүүлэх нь хүүхдийн сурч боловсрох, суурь хүмүүжил олж авахад нь муу нөлөө үзүүлдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг.

 

Гэтэл мэргэжлийн бус, багшлах эрхгүй “нөхдүүд” ажиллаж, хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь мөн л шалгалтаар илэрсэн байна. Гэхдээ дээрх зөрчлийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн цэцэрлэгүүд эзэлж байгаа аж.

 

Улсын цэцэрлэгээс “жийгдсэн” хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээхгүйн тулд өндөр өртөг төлж хүүхдээ хувийн цэцэрлэгт өгдөг. Гэтэл хувийн цэцэрлэгүүд энэ мэт байдлаар хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь ёстой л мөнгө цагаан нүд улаан болсоны гэрч ажээ.

 

Шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 67 хувь нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, стандартын шаардлагад нийцсэн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаагүй байсан нь ч шалгалтаар тогтоогдсон байна.

 

Дээрх зөрчлүүд нь хүүхдүүдийн цэцэрлэгээс олж авах, эдлэх ёстой бүхий л эрхийг зөрчиж байна гэхэд нэг их хилсдэхгүй байх. Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил улс, хувьсгалын бүхий л цэцэрлэгт байсан нь өнөөгийн манай улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж, ямар түвшинд байгааг илтгэж байна.

 

Цэцэрлэгүүд ч улс орны маань ирээдүй болсон бяцхан үрсийн сурч боловсрох эрхийг зөрчижцэцэрлэгийг зөвхөн өдөр хоног өнгөрүүлэх “хорих анги” мэт үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалт нүдээ олж, цэцэрлэг нэрийн цаана нуугдаж байсан “хорих ангийн” булхиаг илчилсэн нь энэ.

 

Тиймээс эх орны маань ирээдүй болсон бяцхан үрсийнхээ хүмүүжил, сайн сайхны төлөө хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, цэцэрлэгүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх цаг хэдийнэ ирсэн гэдгийг холбогдох албаны хүмүүст дуулгая.

 

 

Үүнд бас нэгэн жишээ дурдвал хувийн хэвшлийн цэцэрлэгүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлдэггүй, зөрчил дутагдал гаргасаар байдаг аж.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн “Амар”, Чингэлтэй дүүргийн “Чинхур” цэцэрлэг нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс ч шалгалтын комисс Нийслэлийн Засаг даргад дээрх хоёр цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн байна.

 

Харин үүнийг хариу хэрхэн ирж,  мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг тэр бүр биелүүлдэггүй “том толгойтнууд”-д ямар хариуцлага тооцсон талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.

 

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.