Comment.mn

“Төр муу менежер” хэмээх хар технологи Монголд нутагшсан нь


“Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монголчууд өнөөдөр “төр муу менежер” хэмээн мэдэмхийрэх болцгоосон нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй. Өдгөө чухам юуны учир монголчууд бид эзэн Чингисээс өвлөгдөн ирсэн уламжлалт төрөө адалж, дорд үзнэ вэ?
“Төр муу менежер” гэсэн гуравхан үгэнд хураангуйлагдсан Монголын төрийг нураах, улсыг мөхөөх зорилготой хар технологи 1990 оны ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн бодлогын импортын нэгээхэн хэсэг болж орж ирсэн бөгөөд өмч хувьчлалын өмнөх жилүүдэд бүр ч хүчтэйгээр сурталчлагдсаар ирсэн.
1980-аад оны эхэнд барууны өндөр хөгжилтэй улсууд болоод олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын зүгээс хоцронгуй хөгжилтэй улсуудыг эзлэн түрэмгийллийн бус, тайван замаар эрхшээлдээ оруулах шинэ боловсронгуй аргыг боловсруулсан нь буурай улсуудын төрийг нь инститүцийн хувьд задалж төр нь улс, ард түмнийхээ төлөө ажилладаг бус харин засгийн эрхийг барьдаг цөөн тооны баячуудын хувийн өмчийг хамгаалах, “чөлөөт зах зээл”-ийн өрсөлдөөний зарчмыг тулган хүлээлгэх үүрэгтэй хүчний байгууллага төдий болгон хувиргах ажиллагаа байсан юм.
Товчхондоо түүхийн тодорхой үе шатанд Зимбабве, Замбиа, Нигер, Венесүэл зэрэг Африк, Латин Америкийн зарим улсад хэрэгжсэн энэ хар технологи манай улсын улс төрийн болоод эдийн засгийн бүтцийг задлах, төр төвтэй тогтолцоог нураах зорилготойгоор суурьшиж байна. Хар технологийг хэрэгжүүлэгчдийн хувьд юуны өмнө төрийг өмчөөс нь салгах нь чухал бөгөөд энэ нь хоёр үндэслэлтэй.
1. Төр өмчтэй байх нь инститүцийнхээ хувьд бэхжих үндэс болдог. Энэ нь нэг талаас төр санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байх, нөгөө талаас стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлийг өмчлөх нь улсын аюулгүй байдлыг хангана гэж үздэгтэй холбоотой.
2. Хувийн өмчид тулгуурласан эдийн засгийн бүтцийг бий болгоход төрийн өмч гэсэн ойлголт саад учруулдаг. Тиймээс төрийн өмчийг үнэгүйдүүлэн булаан авч гадаад, дотоодын этгээдүүдэд хувьчлал нэрийн дор тараан  өгдөг.
ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХАР ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЖИЛТ
Сүүлийн гурав, дөрвөн жилийн туршид “төр муу менежер” гэх хар пиар хүчтэйгээр түгэж нийгмийн сэтгэл зүйд төрөө дорд үзэх үзлийг шамдан суулгах болсон нь тохиолдлын зүйл биш бөгөөд 1990-ээд оны хувьчлалын шуурганаас үлдэж хоцорсон цөөн тооны төрийн өмчийн ордууд, үйлдвэрийн газруудыг хувьчлах ажлын бэлтгэл явагдаж байна гэж үзэж болно. Хувьчлахад хууль ёсны, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл хэрэгтэй бөгөөд үүнд:
1. Төрийн өмчийн газрууд менежмент муутай, ашиггүй ажилладаг.
2. Төрийн өмчийн газрууд улстөрчдийн хувийн бизнесийн шахааны газар, ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болдог.
Өнгөцхөн хархад энэ тайлбарууд үндэслэлтэй мэт санагддаг. Гэвч нарийвчлан судалж үзвэл тийм ч бодит үндэслэл болж чаддаггүй. Тухайлбал, энд дурдагдсан хоёрдугаар үндэслэлийн бодит хэрэгжилт нь нэгдүгээр үндэслэлээ үнэмшилтэй болгодог. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл бүхий улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд хувийн компаниараа дамжуулан өндөр үнэтэй ханган нийлүүлэлт хийх, ашиггүй бизнесийн гэрээг тулган хүлээлгэх зэргээр улсын өмчийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хүч түрэн оролцож бизнесийн шийдвэрт нөлөөлдгөөс улсын үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллах, муу менежменттэй мэт харагдах эрсдэл тулгардаг.
Тэгвэл төрийн үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллаж байвал энэ нь өмчийн хэлбэрээсээ болсон бус харин бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгийн оролцоо байгаагаас шалтгаалсан байж болох бус уу?
Төрийн өмчид шунахайрагчдын хувьд харамсалтай нь төрийн өмчид үлдсэн “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэтийн цөөн хэдэн үйлдвэрийн газрууд ашигтай ажиллаж улсын эдийн засгийн гол тулгуур хүч болсоор байгаа нь төрийн өмчийн газрууд ашиггүй ажилладаг гэсэн үндэслэлийг нь худал болохыг баталсан баримт болж буй тул тэд ямар ч аргаар хамаагүй ашигтай ажиллаж буй газруудыг алдагдалд оруулах, алдагдалтай ажилладаг мэт харагдуулах, товчхондоо өмчийг үнэгүйдүүлэх ажлыг хийх болсон юм.
Эрх мэдэлтнүүд төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох, улс төрийн намд, эсвэл эрх баригчдад үйлчилсэн шийдвэр гаргуулах гэх мэт, эсвэл менежерийн албан дахь өөрсдийн төлөөний хүмүүсээр дамжуулах, ашиг орлогыг шамшигдуулах, алдагдалтай тайлан баланс гаргуулах гэх мэт замаар улсын өмчийг үнэгүйдүүлэх ажлаа хэрэгжүүлдэг.
Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур хэлэлцэгдсэн Гэрлэх ёслолын ордны хувьчлалын асуудал төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчлах оролдлогын нэг тод жишээ болсон. Нийслэлээс 2015 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтад Хуримын ордон орсон бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажилласаар ирсэн, тухайлбал 2012 онд 67.7 сая, 2013 онд 248.8 сая төгрөгийн ашигтай ажилласан тус байгууллага 2014 оны эхний хагас жилд түүхэндээ анх удаагаа алдагдалтай буюу хасах дөчин зургаан сая (-46,112.3 мянга) төгрөгийн баланстай тайлан гаргасан нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй юм.
“Гандан хийд, Хуримын ордон хоёр яагаад ч ашиггүй ажиллах нөхцөлгүй” гэх нэг талаас хошигнол, нөгөө талаас бодит үнэн болох бичигдээгүй хууль ийм л амархан зөрчигдсөн түүхтэй. Уншигч та удахгүй Гандан хийд “эдийн засгийн хувьд” үр ашиггүй гэнэ ээ, тиймээс хувьчлагдах гэнэ ээ гэж сонсвол бүү гайхаарай.
Одоо болтол халуун сэдэв хэвээр байгаа Тавантолгойн ордыг Хятадын Шэнхуа болон МСS-ийн хамтарсан консорциумд “менежментийн гэрээ” гэгч хуурамч маскаар далдлан өгөх ажиллагаа нь улстөрчид, гадаад дотоодын хүчирхэг хувийн компаниудын зүгээс төрийн үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлдгийг харуулсан нэгэн жишээ юм. Хувьчлалаар төрийн томоохон өмч, ордуудыг завшиж гаршсан цөөн хэдэн нөхдийн хувьд Тавантолгойн орд чухамдаа хагалаад идэхэд бэлэн гүзээтэй шар тос мэт л харагдаж байгаа.
Харин Монголын ард түмэн бид тэр шар тосыг хагалж идэх хууль ёсны эзэн гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Тиймээс хэн нэгэн сайд, аль нэгэн өмчийг завшихыг хүсэгч компанийн эзэд биш харин ард иргэд бид Тавантолгойг хэрхэн ашиглахыг шийдэх ёстой. Улстөрчид, улс төрийн намуудын шууд оролцоогоор төрийн компанийн үйл ажиллагаа доголддог, муу менежменттэй мэт харагддагийн тод жишээ нь Тавантолгой компани юм.
2011 онд МАН төр барьж байх үедээ тус компаниар дамжуулан Хятадын Чалко компаниас $350 сая долларын зээл авч ард түмэнд ногдол ашиг нэрээр сонгуулийн бэлэг болгон тараасан. Өөрийнх нь бизнест хамаагүй үйл ажиллагаавд зарцуулагдсан энэ их зээлийн өрийг Т авантолгой өдгөө төлсөөр байгаа нь үйл ажиллагаавд нь асар их дарамт болдог ба энэ нь тус компанийг менежмент муутай, ашигтай ажиллаж чадахгүй байгаа мэт харагдуулдаг гол шалтгаан юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Тавантолгой ашигтай ажиллаж байгаа нь төрийн компани чадваргүй гэсэн ойлголтыг үгүйсгэсэн баталгаа болж буй юм.
Тавантолгой өөрөөс нь үл хамаарах гадаад валютын ханшийн хэлбэлзлийг эс тооцвол 2013 онд 24.2 сая, 2014 онд 23.2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Чалкогийн зээлийн 60 гаруй хувийг барагдуулсан, төлбөрийг 100 хувь барагдуулах бүтээгдэхүүн нь ачигдахад бэлэн хүлээлтийн байдалтай байгаа нь тус компани менежмент сайтайг харуулж буй хэрэг. Улстөрчид, улс төрийн намаас бизнесийн үйл ажиллагаанд нь оролцоогүй бол бүр ч илүү үр дүнтэй, ашигтай ажиллах байсан гэвэл үгүйсгэх аргагүй.
Монголчууд бидний аз болоход төрийн өмчийн “Эрдэнэт” хэмээх уурхайн компани амжилттай ажилласаар байгаа юм. 1978 онд байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажиллаж, үр өгөөжөө өгсөөр ирсэн “саалийн ганц үнээ” гэх “Эрдэнэт”-ийн талаар олон юм нурших нь илүүц буй за. Хувьчлах өмчийн жагсаалтад нэр нь үе үе орж, гарсаар байдаг “Эрдэнэт” манай улсын уул уурхайн хөгжлийн жишиг, төрийн өмчийн компанийн менежментийн үлгэр дууриал, улсын эдийн засгийн тулгуур болдгийнхоо хувьд гадаад, дотоодын өлөн нүдэтнүүдийн ил, далд довтолгооны бай, улстөрчдийн ашиг сонирхлын тулааны талбар болсоор ирсэн юм. Чухам тийм л учраас бид “Эрдэнэт”-ийг төрийн өмчид нь үлдээж бизнесийн үйл ажиллагаагаа саад тотгоргүй явуулах нөхцөл бололцоогоор хангах ёстой.
Дээр дурдсан жишээнүүдээс хархад үйлдвэрийн газрууд өмчийн хэлбэрээсээ хамаараад, тухайлбал төрийн өмч учраас ашиггүй ажилладаг гэсэн ойлголт худал гэдэг нь батлагдаж байна. Аж ахуйн нэгжүүд өмчийн хэлбэрээсээ үл хамаараад бизнесийн хууль, зах зээлийнхээ зарчмын дагуу алдаатай, оноотой явах нь тодорхой. Харин хэн нэгэнд төрийн өмчийн газрыг зориудаар ашиггүй ажиллуулах сонирхол байдаг гэвэл үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаас төрийн өмчийн газруудад улстөрчид, улс төрийн намуудын хөндлөнгийн оролцоо их байгаагаас бизнесийн үйл ажиллагаанд нь саад болоод байгаа нь үнэн юм.
Гэхдээ энэ нь мэдээж төрийн өмчийг хувьчлах шалтаг болох ёсгүй. Учир нь энэ нь төрийн өмчийн ангуучдын өмчийг үнэгүйдүүлэн авах, төрийг хүчгүйдүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагаа хэрэгжиж буй хэрэг тул төр энэхүү башир аргад автах ёсгүй юм. Зөвхөн “Эрдэнэт”, “Тавантолгой” хоёр л гэхэд манай улсын топ есөн хувийн компанийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний татварыг улсад төлдөг гэдгийг сонсвол уншигч та намайг яагаад төр өмчтэй байх хэрэгтэй гэж хэлээд буйгийн учрыг илүүтэй ойлгох биз.
ТӨР МЕНЕЖЕР БИШ, ХАРИН ТӨРД САЙН МЕНЕЖЕР ХЭРЭГТЭЙ
Төр бол үнэндээ сайн ч, муу ч менежер биш. Яагаад гэвэл төр өөрөө менежер биш учраас л тэр. Угаасаа төрийг компанийн менежертэй зүйрлэх аргагүй, учир нь төр нь улс төрийн инститүц, компани нь аж ахуйн нэгж. Харин төрд менежерүүд ажилладаг гэдгийг санах хэрэгтэй бөгөөд менежерүүдийн сайн, муугаас төрийн үйл ажиллагаа ихээхэн хамааралтай байдаг нь үнэн. Төрд ажиллаж байгаа менежерүүдийн санаа зөв, ур чадвар сайн байж төрийн ажил өөдтэй явна. Төрд санаа зөвтэй хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй гэдгийг би онцлон хэлмээр байна. Энэ нь төрийн албан хаагчид төрийн үйл хэргийн төлөө санаа тавьдаг, үнэн зүтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. Энэ л чанар манай төрийн албан хаагчдад дутагдаад байгаа нь ажиглагддаг.
Арга ч гүй биз дээ ихэнх нь намын томилгоо, амраг садангийн холбоо, найзын шахаагаар орж ирсэн нөхдүүд байдаг хойно. Ямар сайндаа л “төрийн алба төрлийн алба болсон” хэмээх хэлц үг гарсан байх вэ. Миний санаанд үлдсэн нэгэн жишээг дурдъя. Өнгөрсөн өвөл нэгэн хувийн компани дээвэртэй мөсөн гулгуурын талбай байгуулсан аж. Харин Улаанбаатар хотын захиргаанаас уламжлал ёсоороо төв талбай дээрээ гулгуурын талбай байгуулжээ. Энэ нь дарга ажилтай нэгэн эрхэмд төрийг муулах завшаан болсон байна.
Тэрээр “Төр муу менежер гэдгээ харууллаа, дээвэртэй мөсөн гулгуур байгуулж чадахгүй байхад хувийн компани байгуулчихлаа” хэмээн жиргэж тодорсон аж. Энэ харьцуулалт үнэндээ утгагүй, учир нь хотын захиргаа хувийн компанитай мөсөн гулгуур байгуулах талаар өрсөлдөхгүй, тэгэх ч учиргүй. Гэтэл төрийн нэг томоохон менежер, агентлагийн дарга хүн төрөө яахин муулна вэ. Менежер нь төрөө муулдаг, санаа буруутай байхад төрийн ажил сайн явахгүй нь мэдээж.
ТӨР ШИГ ТӨРТЭЙ БОЛЦГООЁ!
Хөгжлийн өндөр төвшинд хүрсэн улсуудын түүхийг аваад үзэхэд бүгд хүчтэй, чадварлаг төрийн удирдлага дор хөгжсөн байдаг. Тэдгээр улс төр, засгаа хэзээ ч “менежер” хэмээн харж байгаагүй юм. Төрдөө “муу менежер” хоч өгч адалсаар уруудсан жишээг Ази тивд бид зөвхөн Киргиз, Монгол хоёроос олж харах бол төрөө удирдагч гэж зөвшөөрөн амжилтанд хүрсэн түүхийг мөн зэргэлдээх улсуудаасаа харж болно. 30-хан жилийн дотор 600 сая хүнийг ядуурлаас гаргаж өдгөө дэлхийн хамгийн том эдийн засагтай (валютын худалдан авах чадвараар тооцвол) болсон Хятад, 2000 он хүртэлх уналтаасаа хойш ердөө 14 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ээ $1320 доллараас $14,612  доллар буюу 11 дахин өсгөсөн
Орос түүхэндээ хэзээ ч тусгаар тогтносон төрт улс болон оршин тогтнож байгаагүй боловч шинээр байгуулсан улсаа ердөө 20 жилийн дотор хөгжингүй улсын зэрэгт хүргэж чадсан, Казахстан бүгд төр шиг төртэй байж улс шиг хөгжиж байна. Эдгээр улсуудын хөгжлийн түлхүүр нь “төр муу менежер” гэх мөлжлөгийн хар технологи, аргад авталгүйгээр хүчтэй, чадварлаг, мэргэжлийн төрийг бий болгон удирдлага дор нь нэгдсэнд оршино. Энэ нь нэг талаас төр бол удирдагч, удирдлагын тогтолцоо гэдгийг харуулж буй хэрэг.
Төр муу менежер гэх энэ хар технологийн хэрэгжилт нь гадаад болоод дотоодын бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг давхар хангадаг. Гадаад улсууд, тэдгээрийн үндэстэн дамнасан корпорацуудын хувьд төрийг хүчгүйдүүлэх, тогтолцоог нь нураах замаар Монголыг мөлжих тааламжтай нөхцлөө бүрдүүлдэг бол дотоодын бүлэглэлийн хувьд төрийн өмчийг үнэгүйдүүлэн завших боломжийг олгодог. Төрийн компаниуд муу ажиллаж байвал асуудал өмчийн хэлбэртээ бус харин төрд ажиллаж буй менежерүүд болоод өмчийн зарцуулалтын тогтолцоонд байна гэсэн үг. Монголын төр бол Монгол Улс оршин тогтнож байх үндэс юм. Төр өмч эзэмших нь төр хүчтэй байх нэг үндэс болдог төдийгүй, улсын аюулгүй байдлыг хангах онцгой ач холбогдолтой.
Монголчууд аа “төр муу менежер” гэх башир аргад бүү автагтун! Гадны угшилтай энэ хар технологиос салцгаая! Монгол Улс хоцронгуй байдлаасаа гарч урагш хөгжих найдвартай зам нь мэргэшсэн удирдлагатай, хүчтэй, чадварлаг төртэй байх юм.
Эдийн засагч Х.Батсуурь

Эх сурвалж: www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.