Н.Алтанхуяг өнгөрсөн онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Л.Гансүхийг хоригдож байхад нь хорих ангид эргэсэн. Тухайн үед АТГ-аас “Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна” хэмээн Н.Алтанхуягийг хууль зөрчсөнийг мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрээ барьж ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ.
Тэгвэл хууль зөрчсөн нь тодорхой байхад Н.Алтанхуягийг АТГ шалгахгүй байгаа нь сонин. Магадгүй энэ удаа түүнийг шалгахаар болсон байж ч магад. Тиймээс Н.Алтанхуяг яаран сандран хуулийн төсөл санаачилсан байх магадлалтай. Түүгээр ч зогсохгүй Н.Алтанхуяг “Хаан жимс”-т нэгжлэг хийхийг завдсантай холбоотойгоор УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан гэх мэдээлэл ч гарч байна. Мөн Улсын Ерөнхий прокурорын харьяанд байсан Мөрдөх албыг АТГ-т шилжүүлснийг Н.Алтанхуяг эсэргүүцэж байгаа. Тиймдээ ч дээрх Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгахаар хуулийн төсөл санаачлаад байгаа юм. Ингэснээр цагаан захтнууд өршөөгдөх боломж үүсэх талтай. Уг нь Н.Алтанхуяг ийнхүү сандарч, ийш тийш бичиг захидал илгээж, УИХ-ын гишүүний бүрэн эрх ярьж байхаар зүгээр шалгуулаад буруугүй бол түүнийгээ тогтоолгочихвол зүгээр юм даа гэж олон нийт үзэж байгаа нь нууц биш. Учир нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Үүнийг Н.Алтанхуяг мэдэж л баймаар. Эсвэл түүнд үнэхээр сандрах шалтгаан байна уу.
П.ТУУЛ
Эх сурвалж http://www.info.mn