“Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино өчигдрөөс Тэнгис, Хүннү моллын дэлгэцнээ гарч эхэллээ. Тайзнаа гурван удаа амилж байсан уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор жүжигчин, найруулагч Э.Батхүү ажилласан юм.
“Mind media group”-ийн бүтээл тус киноны гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тоглосон нь бүтээлийг жинхэнэ амилуулж чаджээ хэмээн ам бардам хэлэхэд нүүр улайхгүй чанартай бүтээл болсныг энд онцлоё.
Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки, дууны найруулагчаар Н.Төгсөө СТА зургийн даргаар Д.Жаргалсайхан нар ажиллажээ.
Ийнхүү кино группийнхэн үзэгчдэд хандан сэтгэлийн үгээ илэрхийлсний дараа шинэхэн бүтээлээ үзэв.
…Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг чинээлэг айл. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй хэлгүй нэгэн болон ирнэ. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусын эс олсон учраас гэртээ авчран харж хандана. Мэндээ ганц хүүгээ хүний дайтай хүн болгохсон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж нэг жил гэртээ хүүдээ хань хийлгэн хүүхэд төрүүлж өг хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амлана. Наран хүүхэн энэ бүхнийг ашигтай санал хэмээн олзуурхан хүлээн авч Батаатай нэг өрөөнд амьдарч эхэлнэ.
Өлзий энэ бүхнийг эсэргүүцэн шинжлэх ухааны боломжгүй гэсэн зүйлд горьдлого тавин найдах эхнэрээ зэмлэн Наранд их л дургүй байна. Батаа эхэндээ түүнээс эвгүйрхэн дөлж, юу болоод байгааг үл ойлгож байсан боловч эцэстээ Нарангийн хайр, халамжинд дасан бие сэтгэл нь сэргэж Наран нэг л өдөр бие давхар болсон байна. Өлзий, Мэндээ хоёр магнай тэнийн баярлаж тэд бүгд их л аз жаргалтай байна. Харин Наранг амаржсаны дараа Мэндээ түүнд амласан мөнгөө өгөөд гэрээс нь явахыг хүсэх тэр агшинд байдал оронгоороо эргэх нь тэр… Цааш хэрхэхийг мэдэхийг хүсвэл мэдээж кино театрыг зорьсноор учгийг тайлах болно.
“Эр хүн болгож өгөөч” киноны нээлтийн үеийн гэрэл зургийг сонирхуулья.
Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn