Comment.mn

“Бид хамтдаа” аян орон даяар өрнөнө


Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам “Бид хамтдаа” аянг 2015 оны зургадугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30 хүртэлх зургаан сарын хугацаанд орон даяар зохион байгуулах гэж байна. “Бид хамтдаа” аяны зорилго нь 2016 оны УИХ болон Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад оршиж байгаа юм. Мөн Монгол  Ардын  Намын XXVII Их хурлын шийдвэрийн хэрэгжилт, Намын Бага хурлын II хуралдаанаар батлагдсан “Монгол Ардын Намын хөгжлийн дунд хугацааны стратеги /2014- 2017 он/” намын хөгжлийн хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчид, иргэдэд хүргэж сурталчлах, намын бодлого, үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оршино. Нам ба ард иргэдийн харилцан ойлголцлыг дээд зэргээр сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, намын талаарх эерэг имиж, бодол санааг нийгэмд ул суурьтайгаар нутагшуулан, төлөвшүүлнэ. Иргэд, сонгогчдодоо  хүрч, санал хүсэлтийг нь сонсож, тухайн орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг өөрсөдтэй нь зөвлөлдөж, судалсны үндсэн дээр 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зэрэг болно.

Одоогоос 94 жилийн тэртээ /1921 оны гуравдугаар сарын 1/ ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, нийт ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцэж ирсэн эх оронч хөвгүүдийн залгамж халаа Монгол Ардын Нам цаг үргэлж ард түмэнтэйгээ ойр байж ирснийг та бид мэднэ. Монгол Ардын Нам төр барьж байх үедээ ард түмний санал бодол, оюун ухаанаас ургаж гарсан шинэ санаа, зөв шийдлийг төрийн бодлогодоо тусгадаг байсан нь улс орны хөгжил дэвшил, ард түмний сайхан амьдралд том түлхэц болдог байв. Энэ удаа ч гэсэн иргэн Таны саналыг сонсож, мэргэн оюунаас тань ундарсан их үйлсийн эхлэлийг тавилцах зорилго өвөртлөн “Бид хамтдаа” аянг хүргэж байгаа юм байна.

Монгол Ардын Нам ард түмэнтэйгээ хамтран төрийн жолоог атгаж ирсэн он жилүүдэд нийгмийн амьдрал өдрөөс өдөрт өөдөлж, хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл, сэтгэлд нь жаргал бялхдаг байсан нь ард түмэнтэйгээ ойр байж, санал бодлыг нь сонсож ирсний тусгал юм.

Харин Ардчилсан нам засаг толгойлсон сүүлийн гурван жил ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудаж, хоолны махаа, хэрэглэх тосоо граммлаж авахад хүрчээ. Бүр цаашилбал хоёр айл дундаа нэг талх авч хуваан идэж байгаа нь эмгэнэл юм. Үнэн хэрэгтээ ард түмний талхнаас хэн хумслаад байгааг бүгд мэднэ. Тэд хоёр талх хийх мөнгөөр нэг талх хийж байгаа нь ард түмнээ талхаа хувааж авахад хүргэж байна. “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газрын тэргүүн нь цагаан будаа, өндөгийг тансаг хэрэглээнд оруулж, “Монголчууд тансаглах хэрэггүй” хэмээн хээвнэг ярьж суусан баримт одоо ч бий. Тэгвэл тансаглах байтугай тарчигхан амьдрахад ч бэрх болоод байгааг Та бид бэлхнээ харж байна. Ам.доллар төгрөгийн ханшийн зөрүү өдрөөс өдөрт холдсоор байгаа нь Монгол Улсын эдийн засгийг улам доройтуулсаар байна. Улмаар Монгол Улсын зээлжих зэрэглэл хоёрхон жилийн дотор /2012-2013 он/ хоёр шатаар буурч, эдийн засаг өсөх биш уруудаж байгаа нь гаднын ажиглагчид хийгээд дотоодын эдийн засагчдын сэтгэлийг зовоосон асуудал болоод байна.

Энэ мэт төрийн буруу бодлогыг засаж залруулах, зөв замд нь оруулахад иргэн Таны санал, бодол юу юунаас илүү хэрэгтэй. Тиймээс Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Намаас “Бид хамтдаа” аянг орон даяар өрнүүлэх юм байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.