Эх сурвалж: www.zuuniimedee.mn
Хүүхдийн баяр өнгөрөөд хоёр, гуравхан хонож байна. Энэ баярын өмнөхөн өдгөө Хүүхдийн хориход ял эдэлж буй Сэлэнгийн хүүгийн тухай хэвлэлүүдээр гарлаа. Үнэндээ манай сэтгүүлч энэ “хэргийн” араас явж нийтэд мэдээлсэн юм.
2015.6.1. Дарга нар энд тэндхийн хүүхдийн баярын арга хэмжээнд очиж гоё гоё хайрын үг урсгав. Энэ нь телевиз, цахим хуудас, сонинуудаар ханатал гарав. Харин мөнөөх хүү хорих ангид ял эдэлсээр…
Хүүгийн хэрэг ихээхэн ойлгомжтой. Хулгай хийх санаатай машины цонх хагалсан гэнэ. Хохирогч жолооч нь цонхоо 60 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингээд шүүх хурал болж хүүд 10 жилийн хорих ял оноосон байна. Ийм хүнд ял оноосон нь учиртай. Хүү өмнө нь хүний юм булаах гэж оролдсон хэргээр шүүхээс тэнсэн харгалзах ял шийтгүүлж байж. Давтан гэмт хэрэгтэн учир ийн 10 жилийн хорих ял авчээ.
Үнэндээ өмнө нь хэрэгт холбогдож, дахин хэрэг тарьсан нь хүүгийн буруу. Харин машины цонх хагалсны төлөө 10 жилийн хорих ял онооно гэдэг тун ойлгомжгүй.
Монгол ардчиллын замаар замнаад 25 жил болж байна. Анх энэ нийгмийг мөрөөдөн жагсаж, өлсөж явсан залуус өнөөдөр буурал толгойтой хижээл эрчүүд болж, басхүү төрийн эрх барьж байна. Ардчиллын баяраа энэ жил ланжгар тэмдэглэлээ.
Гэлээ гээд энэ Монголд юу өөрчлөгдөв өө гэж асуумаар. Ардчиллын 25 жил, бас шүүхийн шинэчлэлийн хоёр жилийн ой болж байна. 2012 онд үндсэндээ төрийн эрх барьсан АН эрхзүйн шинэчлэл гээчийн хүрээнд шүүхийн шинэчлэлийн бодлого явуулсан. Бүх зүйл тэдний шийдлээр явж байсан учир торох юмгүй хуулиа баталж аваад баахан шинэчлэл хийж эхэлсэн. Өнөөдөр нам нэгт сайд нь гарч ирээд өмнө эхэлсний ихэнхийг буцааж байна. Үүнд шүүхэд хийсэн “шинэчлэл” ч хамаарч байна.
Чухамдаа шүүх шинэчлэгдсэн үү гэдгийг хэн нэгнээс асуумаар. Харамсалтай нь энэ асуултад хариулт өгөх хүн энэ Монголд алга. Харин өдөр тутам гарч буй дээрх мэт жишээ асуултад тань “Үгүй” гэж хариулах вий.
60 мянган төгрөгийн хохиролтой 10 жилийн хорих ял авсан хүүгийн талаар ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа “…Ширэн нүүрлэж байгаад ял оноохоос өөр арга байгаагүй” гэж тайлбарлажээ. Эндээс асуултын хариулт гарч ирж байгаа юм. Яагаад гэвэл хууль тэднийг ширэн нүүрлэхээс аргагүй байдалд оруулж байгаа хэрэг. Хэдэн жилийн өмнө 20 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлаад 12 жилийн хорих ял авсан хүү, 6950 төгрөг хулгайлаад 10 жилийн хорих ял авсан бүсгүйн хэргийн дараа шүүх яг л ийм тайлбар хэлдэг байсан. Хуульдаа л захирагдлаа гэж…
Өнөөдөр ч гэсэн мөнөөх үгээ л хэлсээр сууна. Тэгэхээр шүүхийн шинэчлэлийн хүрээнд юу өөрчлөгдсөн гэж? Бидний мэдэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гээч лут эрх мэдэлтэй баян тансаг газрыг байгуулсан. Тасганы овооны энгэрт тансаг гээчийн байртай. Олон сая төгрөгийн цалинтай цөөн тооны хүн ажиллана. Тэд шүүгчдийг томилоход гол нөлөө үзүүлнэ. Шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авна, сонгоно, Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлнэ. УИХ-д оруулж хэлэлцүүлэхэд орж хамгаална. Эрхэм гишүүд элдвийн үг хэлээд ч нэмэргүй. Ёстой л “жингийн цуваа” шиг ногоон гэрлээр яваад өгнө.
Үүнээс гадна давж заалдах шүүхүүдийн байрлалыг өөрчилсөн. Нутаг дамжуулаад бөөгнүүлээд, эсвэл тараагаад хаячихсан. Энэ өөрчлөлтөөс болоод хөдөө орон нутагт давж заалдах гэдэг ойлголт мөнгөтэй хүний хийдэг ажил болсон гэж байгаа. Адаглаад л өмгөөлөгчөө шүүх хуралд явуулахад дор хаяж гурван хонио зарлагадна.
Хотод бас л эмх замбараагүй байдал үүссэн. Шүүхүүд ийш тийш нүүж, үүнээс болоод шүүхийн архив хүртэл бужигнасныг эх сурвалжууд хэлж л байсан.
Чухамдаа шүүхэд хийсэн шинэчлэл энэ. Харин олон нийт шинэчлэлийг огт өөр ухагдахуунаар хүлээж байлаа. Шүүх энэрэнгүй байж, 60 мянган төгрөг хулгайлсан хүүхэд, 600 сая төгрөг зувчуулсан албан тушаалтан хоёр өөрт тохирсон ял зэмээ хүртдэг болохыг л хүлээсэн. Харамсалтай нь өнөөдөр 60 мянган төгрөг хулгайлбал 10 жил, харин 600 сая төгрөг зувчуулбал нисээд л таван жилийн хорих ял авдаг тогтолцоо үйлчилж байна. Тав ч хүрэхгүй дээ.
ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндорж гуай саяхан болсон нэгэн уулзалтынхаа үеэр 100 мянган төгрөг хулгайлсан, 10 тэрбум төгрөг завшсан хоёр хүн хоёр өөр ял авч, 100 мянган төгрөгийн хохирол учруулсан нь хүнд ял авч байна гэсэн асуултад “Энэ бол байнгын маргаан дагуулдаг асуудал. Манай хуулиар давтан гэмт хэрэг үйлдэх нь ялыг хүндрүүлэх нөхцөл болдог. 100 мянган төгрөг хулгайлсан хүн өмнө нь бас 100 мянган төгрөг хулгайлсан байхад 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэдий ч анх удаа хэрэг үйлдэж буй хүн нь бага ял авдаг” гэж хариулсан. ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяагийнхтай яг адилхан хариулт. Эндээс шинэчлэл ер үнэртэхгүй байгаа юм.
Гэтэл ШЕЗ-өөс шүүх байгууллага иргэдийн “хайртай” байгууллага болоод байгаа гээд л ийш тийш мэдээлж гарна. Иргэдийн шүүхэд итгэх итгэл өмнөх оныхоос 10 гаруй хувиар нэмэгдлээ гээд л. Тоо харуулна. Шүүхийн шинэчлэл хэмээх бужигнаанд зориулж тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан гэдгийг УИХ-ын нэгэн гишүүн хэлж байна. Энэ бол их мөнгө.
Өнөөдрийн Монголын шүүхийн тогтолцоо, нийгэмд үнэлэгдэх үнэлэмж нэг иймэрхүү. Тоогоор бүгдийг гоё харагдуулаад ярьж болно оо, Лүндэндорж дарга аа. Харин дээр хэлсэн хүүгийн жишээ, их мөнгө завшсан албан тушаалтан хоёр хэзээ тохирсон ялаа шийтгүүлдэг болох вэ. Тэр цагт л Монголын шүүх шинэчлэгдлээ гэж болох бус уу.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин