Яам, тамгын газрын сайд, дарга нараас эхлээд хороо дүүргийн засаг ноёд хүртэл төрийн албыг төрлийн алба болгож байна гэх иргэдийн гомдлын мөрөөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо яг нэг сарын өмнө хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Албаныхны өгч буй мэдээллээр 2012 оноос хойш төрийн албанаас халагдсан хүний тоо 30 мянга гараад байгаа гэнэ. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэсэн үг аж. Ялангуяа, 2012 онд 12, 2013 онд 18, 2014 онд 21 мянга гаруй төрийн албан хаагч ажлаасаа янз бүрийн үндэслэлээр чөлөөлөгдсөн нь энэ асуудлыг УИХ-ын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байна. Хамтарсан Засгийн газарт МАН орсноос хойш ажилчдыг хоморголон халах ажиллагаа бүр ч эрчимжсэн гэдгийг дээрх байнгын хорооны хуралдаанаар ширүүхэн ярилцсан билээ.
Үүний цаад учир нь Засгийн газар солигдох бүрт намаар талцдаг хэдэн нөхөр очсон байгууллагаа самардагтай холбоотой. Тодруулбал, Засгийн газрыг солих бүрт яам, тамгын газар, агентлагуудын сайд, дарга нар солигддог. Нөгөө томилогдсон сайд, дарга нь дахиад л доод албан тушаалтнуудаа ажлаас нь чөлөөлөөд явуулдаг. Тэд нар нь дахиад л доод албанынхнаа сольдог.Ингэж явсаар тус байгууллагад үүдний жижүүр нь хүртэл өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгдөг жишиг тогтжээ.
Төрийн өндөр албан тушаалд гармагцаа л ах дүү, амраг саднаа аль гайгүй гэсэн албан тушаалтад шургуулдаг уламжлал болсон гэмээр байдал Монголд ноёрхоод удлаа. Аль нэг нам сонгуульд ялалт байгуулмагцаа л эсрэг намын үед ажиллаж байсан хүмүүсийг зайлуулж өөрсдийн хүмүүсээр сольдог энэ ажил бүр хэрээс хэтрэх шинжтэй. Түүнээс гадна нам доторхи фракц бүлэглэлүүд өөрсдийн хүнээ ийш тийш нь шургуулах ажил сонгуулийн дараанаас жинхэнэ идэвхжиж эхэлдэг. Гэхдээ хамгийн хүчтэй нь төрлийн хүндээ албан тушаал атгуулдаг. Энэ төрлийн баримт нотолгоо ч их.
Ингээд төрийн албыг төрлийн алба цаашлаад төрлийн компани болгож буй шинэ баримтуудтай танилцая.
БАРИМТ 1
Энэ мэтээр төрийн албыг эхнэр, нөхөр, ах дүү, хамаатан садан, эхнэр, нөхрийн танил, найзын хамаатан цаашлаад ойрын хүн зэргээр дүүргэж байгаа жишээг дурдвал урт жагсаалт гарна. Уг нь Монголын төр залгамж халаатай байвал улс орон хөгжинө. Төрийн байгууллагын үйл ажиллагааг дархлаатай болгох гэж Төрийн албаны зөвлөлийг хуульчлан байгуулсан. Гэтэл уг асуудлыг зохицуулах амин чухал ганц хууль нь нь хэрэгждэг ч үгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Үүнийг дээр өгүүлсэн цөөхөн жишээ хангалттай нотолж байна. Уг нь Төрийн албан төрөөс ангид байх ёстой билээ.
Т.Энхэлээ
Эх сурвалж: www.24tsag.mn