Comment.mn

Ч.Сайханбилэг суудалдаа үлдэх эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэх үү

Ч.Сайханбилэг суудалдаа үлдэх эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэх үү
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал яригдаж эхлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл түүнийг огцруулах эсэх асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ гэсэн бор шувуу нисэх болов. Өчигдөр Эх үрсийн баяр тэмдэглээд бүх нийтээрээ амарсан бөгөөд өнөөдрөөс шинэ сар, шинэ долоо хоногийн ажил эхэлж байна. Тэгвэл шинэ сартай уралдаад Ерөнхий сайдыг суудлаас нь унагах ажил ч эхлэх бололтой. Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-той тохиролцож, Арабын Дубайд энэ сарын 18-нд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан нь түүнд хариуцлага тооцох хангалттай шалтаг болсон гэж огцруулах асуудлыг тавигсад үзэж байна.

Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг одоогоор УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Л.Цог нар дэмжиж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянга, “Дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4,7 тэрбум доллар зарцуулна гэж байна. Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр огцруулах саналыг өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  “Яагаад Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нь ойлгомжтой. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж эхэлсэн цагаас эхлэн бид шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Оюутолгойн гэрээг сайжруулахаар гаргасан УИХ-ын 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлнэ, Оюутолгойн гэрээг сайжруулна гэж ярьж байсан нөхөд эрх мэдэлд хүрээд байр сууриа өөрчилсөн. Гэхдээ ард түмний хүсэл хэвээрээ гэж ойлгож байна. Та бүхэн өөр дээрээ жишээ аваад бодоод үз. Байр юм уу автомашин худалдан авахаар тохирсон анхны үнэ нь дөрөв дахин нэмэгдчихвэл тэр наймааг хүн хийх үү. Яг үүнтэй ижил, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 2.7 тэрбум ам.доллар гэж байсан. Сүүлдээ 5.1 болж нэмэгдээд, одоо 8.3 тэрбум ам.доллар боллоо. Дахиад зургаан тэрбумыг нэмж зээлэх тухай баримтад гарын үсэг зурлаа Монголын тал Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшиж байгаа. Тэгэхээр нийт зээлийн ийм хэмжээний хэсгийг төлж таарна. Зээлийн хүүг төлөлцөж, ачааг үүрэлцэнэ. Ийм хэмжээний ачааг ард түмний нуруун дээр үүрүүлчихээд амжилттай ажиллалаа гэх юм. Тиймээс ийм гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой” хэмээсэн байна.

Харин дээрх гишүүд дээр АН-аас Ж.Батзандан гишүүн нэмэгдэх бололтой. Түүний хувьд “Дубайн гэрээ Ерөнхий сайдын хойдохыг уншчихлаа” хэмээсэн бөгөөд хариуцлага тооцно гэж мэдэгдээд байгаа юм. Уг нь Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд босгохоор болсон бөгөөд Энэтхэгээс хөнгөлөлттэй зээл авах зэргээр асуудалд гарц хайж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын зээл хяналтгүй болчихлоо. Зээл улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ гэцгээж байгаа юм. Төлөвлөгөө ёсоор бол Ч.Сайханбилэг дараагийн алхмаа хийж, Тавантолгойг хөдөлгөх ёстой. Гэтэл түүнийг дараагийн алхмаа хийхээс нь өмнө огцруулах бололтой. Учир нь Ч.Сайханбилэг суудалдаа үлдэх эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ хэмээж байгаа юм.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.