УИХ-ын гишүүн А.Тлейхантай ярилцлаа
-Ерөнхий сайдын Дубайд үзэглээд ирсэн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор МАН, МАХН засгаас гарах нь гэдэг яриа гараад эхэллээ. Жишээ нь танай бүлэг дээр энэ талаар ярьсан зүйл бий юү. Оюутолгойн гэрээтэй танилцсан хүний хувьд та энэ гэрээг Монголын эрх ашигт хэр нийцсэн гэж харж байна вэ?
-Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг 2009 онд ярьснаар УИХ-аас төрийн бодлого гарч байлаа. Энэ бодлогын хүрээнд ажиллаад эхний сая тонн зэсээ гаргачихлаа. Одоо далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх ёстой үе шат. Гэтэл энэ ажил 2012 оноос хойш гацаж, талууд бүтэн гурван жил маргалдлаа. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компани Засгийн газартай учраа ололцохгүй байсаар энэ хугацааг алдсан гэсэн үг. Харин Ерөнхий сайд саяхан Дубайд айлчлах үеэрээ далд уурхан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэж шийдвэрлэсэн байна. Санхүүжилтийн хувьд нөгөө талаас тавьж байгаа саналуудыг хүлээж авах төлөвлөгөө хийгээд иржээ. Гэхдээ үүнийг төлөвлөгөө гэнэ үү, гэрээ гэнэ үү, ямар ч байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх эрх зүйн акт болж гарч байгаа юм билээ. Бидэнд энэ акт орчуулгатайгаа ирсэн, танилцсан. Хувь гишүүний хувьд энэ гэрээг харахаар тийм ноцтой зүйл алга гэж харж байгаа. Түүнчлэн манай намын бүлэг энэ гэрээг тийм ноцтой авч үзэхгүй байгаа. Ажлын хэсгийн судалгааны дүнгээс харахад ч гэсэн тийм ноцтой зүйл харагдахгүй байгаа юм. Манай бүлэг дотор ч гэсэн “Энэ гэрээ буруу болсон байна, үүнийг анхаарч харах ёстой” гэсэн саналтай гишүүн байхгүй байгаа. Оюутолгойн энэ гэрээтэй холбогдуулан Засгийн газрыг унагах юмуу засгаас гарах асуудлыг бүлэг дээр яриагүйг албан ёсоор хэлье. Цаашдаа ч ярихгүй байх гэж бодож байгаа.
-Энэ төлөвлөгөөний 4.4- т “Сангийн яам Оюутолгойн санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн заалт багтсан нь шүүмжлэлийн бай болоод байна. Энэ заалт ер нь ямар учиртай юм бэ?
-Энэ актын 4.4-т Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна гэсэн заалт байна лээ. Гэхдээ үүнийг би хувьдаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Энэ заалтын талаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч, ярилцсан. Гэтэл яагаад сүүлийн хэдэн жил энэ компанийн санхүүгийн тайланг хүлээн авахгүй байсан юм бэ гээд үзэхээр “Танай ТЭЗҮ-д өөрчлөлт оруулаагүй учраас” гэдэг шалтгаанаар манай тал хүлээн авахгүй байсан юм байна. Харин сая Ерөнхий сайдын баталгаажуулсан актанд энэ тайланг авчраад баталгаажуулаад өг гэдэг заалтыг тусгасан байна лээ. Гэтэл Сангийн яам тайлан баталгаажуулдаг хууль эрх зүйн орчин байхгүй шүү дээ. Тайланг нь ирүүлбэл яам хүлээж авна, харин тайлан баталгаажуулах ажлыг Монгол Улсын хуулийн дагуу Аудитын байгууллага хүлээн авч баталгаажуулдаг учиртай. Тиймээс Сангийн яам Оюутолгойн тайланг хүлээн авч баталгаажуулна гэдэг ойлголт байхгүй. Нөгөө талд Монгол Улсын эрх ашигт хор хохиролтой зүйл байгаа эсэхийг сайтар нягтлахад надад л лав тийм зүйл харагдахгүй байгаа.
-Тэгэхээр Оюутолгойн санхүүгийн тайланд Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагагүй гэсэн үг үү?
-Ж.Эрдэнэбат сайд санхүүгийн тайланд гарын үсэг зурж баталгаажуулдаг хууль эрх зүйн орчин Монголд байхгүй. Санхүүгийн тайланг баталгаажуулдаг хууль дүрэм тусдаа бий. Харин баталгаажуулсан тайланг Ж.Эрдэнэбат сайд биш, Сангийн яам хүлээж авах юм.
-Тэгвэл хууль эрх зүйн хувьд алдаатай заалт Оюутолгойн төлөвлөгөөнд тусчээ гэж ойлгож болох уу?
-Алдаатай заалт гэж нэрлэж болох эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ ямар агуулгаар энэ заалтыг оруулсан нь ойлгомжгүй юм билээ. Ямар ч байсан Ж.Эрдэнэбат сайд санхүүгийн тайлан хүлээж аваад тав хоногийн дотор баталгаажуулна гэдэг ойлголт бол байхгүй. Ер нь өргөн утгаараа энэ актыг баталгаажуулснаар Монгол Улсын нэр хүнд гадаадад өсөх, гаднын хөрөнгө оруулалт орж ирэх, улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх талдаа ихээхэн ач холбогдолтой гэж харж байгаа.
-Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөний чимээнд Тавантолгой сураг алдарчих шиг боллоо. Уг нь ажлын хэсэг гараад ажиллаж байгаа ч хангалттай мэдээлэл ч гарахгүй таг болчихлоо шүү дээ?
-Тавантолгой, Оюутолгой хоёр тусдаа асуудал. Хоорондоо ямар нэгэн холбоогүй гэсэн үг. Гэхдээ энэ хоёр толгойг хөдөлгөж, үр ашгийг нь хүртэнэ гэдэг бол байнга ярьдаг сэдэв. Манай нам Засгийн газарт хамтрах талаар АН-тай байгуулсан гэрээнд, энэ Оюутолгой болон Тавантолгойг хөдөлгөнө. Ингэхдээ мэдээж Монгол Улсын эрх ашигт нийцүүлж, манай улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Энэ утгаараа ч тэр улс орны эрх ашигт нийцэх талаасаа ч тэр, хоёр толгойг зайлшгүй хөдөлгөх ёстой. Тавантолгойн хувьд Засгийн газар саналаа гаргаад УИХ-д өргөн барьчихсан. Харин үүнээс хойш маш олон хоног өнгөрч байна. Хэрвээ Засгийн газар санал гаргавал яаралтай горимоор хэлэлцэх хууль гэж байдаг. Гэтэл анх оруулж ирэхдээ ч засаг яаралтай гэсэнгүй. Ер нь ч манай практикт байгаагүйгээр энэ асуудлыг явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг эхэлж байгуулаад буюу 76 гишүүний өмнөөс Ажлын хэсэг гэдэг зүйл гаргачихсан нь буруу. Тэр бүү хэл, энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа явдал. Угтаа эхлээд УИХ-аар оруулж, хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх нь гишүүдийн бүрэн эрх. Гэхдээ асуудал нэгэнт өөр горимоор явсан учраас одоо цаг алдалгүй оруулж ирж хэлэлцүүлэхийг л бид шаардаж байгаа. Гэхдээ хэлэлц гэдэг нь энэ гэрээг дэмжинэ гэсэн үг биш. Тэртэй тэргүй хэлэлцээд явахаар бүх зүйл тодорхой болж таарна. Хэлэлцэх явцад мэдээж сайжруулах зүйл байж болно шүү дээ.
-Энэ хаврын чуулганы хугацаанд Тавантолгойн гэрээг УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэх боломж танд харагдаж байна уу. Одоо чуулган завсарлахад үндсэндээ сар хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ?
-УИХ-ын дарга чуулган дээр ажлын хэсэгт чиглэл өгч байна лээ. Энэ долоо хоногт асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон. Тэгэхээр удахгүй хэлэлцэж эхлэх байх гэж бодож байна. Үүнийг бол УИХ-ын дарга л мэднэ шүү дээ.
–Тавантолгой, Оюутолгой гэх томоохон төслүүдийг хөдөлгөх талаар яриад байгаагийн цаана эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилго бий. Гэтэл том төслүүд хөдөлж, эдийн засагт бодит дэмжлэг үзүүлэх цаг хугацаа нь тийм ч ойр биш. Төслүүдийн үр өгөөжийг хүлээх цаг хугацаа өнөөгийн эдийн засагт байгаа юу?
-Эдийн засаг маш хүнд байгаа. Төсвийн орлогын төвлөрөл хангалтгүй буюу 80 орчим хувьтай байна. Цаашдаа ч орлогын төлөвлөлт сайжрах төлөв харагдахгүй байна. Учир нь, төсөв бүрдүүлдэг маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. Тиймээс эдийн засаг дахь мөнгөний эргэлт маш ихээр хумигдсан. Засгийн газрын бонд гаргаад ч үүнийг худалдаж авах банк ховор байна. Товчхондоо, амиа аргацаасан байдалтай л явж байна. Тэр бүү хэл, цалин тэтгэвэр тавих асуудал ч бүрхэг хэвээр байгаа. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тендер аваад ажлаа хийчихсэн маш олон компани төсвөөс мөнгөө авч чадахгүй байгаа. Гэтэл тэд ажлаа хийхийн тулд зээл авчихсан байдаг. Ингэж мөнгөө авч чадаагүй компаниуд үнэндээ дампуурч байгаа шүү дээ. Ийм л учраас би эдийн засаг маш хүнд байгаа гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ерөөсөө л энэ байдлаас гарах гол гогцоо нь хоёр том ордоо хөдөлгөх асуудал. Ингэж байж мөнгөний урсгал наашилна. Мөн энэ хоёр том төсөл хөдөлчихвөл үүнийг дагаад бусад төсөл хөдлөх, өчнөөн аж ахуйн нэгж ажилтай, орлоготой болох боломж бүрдэнэ.
-Ойрын хугацаанд эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалтын чимээ байна уу?
-Ерөнхий сайд Дубайд хийсэн айлчлалынхаа үеэр Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулаад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирэх асуудлыг шийдвэрлэсэн байна лээ. Энэ бол эдийн засаг хүнд байгаа үед маш зөв зүйтэй шийдвэр. Учир нь, Хөрөнгө оруулалтын сан гэдэг бол зээл биш. Монголд сангаа байршуулна.Тэр сангаас Засгийн газар бонд гаргаж, бүтээн байгуулалтад ашиглаж болно гэсэн үг. Хувь компани, хүмүүс ч гэсэн олон улсын шаардлага хангасан төсөл боловсруулж чадвал тэр сангаас хөрөнгийн эх үүсвэрээ аваад үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалт явуулах том боломж нээгдэж байгаа хэрэг. Гэхдээ мэдээж өчигдөр ярьсан зүйл өнөөдөр ажил хэрэг болохгүй нь ойлгомжтой. Миний ойлгосноор энэ жилдээ багтааж, 300-гаад сая ам.долларын хөрөнгийг энэ сандаа төвлөрүүлэх юм билээ. Энэ бол маш сайн хэрэг. Ер нь ийм байдлаар хөрөнгө оруулалт орж ирээд байвал эдийн засаг сэргэж эхлэх нь ойлгомжтой. Манай улс 10 тэрбумын эдийн засагтай. Тэгэхээр одоо 4-5 тэрбум ам.долларын эх үүсвэр ороод ирвэл эдийн засаг амархан сэргэнэ. Наад тал нь жил хагас, хоёр жилийн хугацаанд л эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч эхэлнэ. Бидэнд туршлага бий шүү дээ. 2008-2009 онд нөхцөл байдал ямар байлаа даа. Манайх байтугай дэлхийн эдийн засаг хямралтай байсан үе. Тухайн үед манай улсын эдийн засаг өсөлтгүй, тэр бүү хэл, хасах 1.2 хувьтай байсан. Харин энэ үед Оюутолгойг хөдөлгөөд л дорхноо сэргэсэн шүү дээ. Ердөө хоёрхон жилийн дотор буюу 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байлаа. Нэг ёсондоо 17 дахин өссөн гэсэн үг шүү дээ. Бидэнд ийм сайн туршлага байсаар атал хөнжилдөө хөлөө жийлцэж, биенээ муулж байгаа нь харамсалтай байна. Үнэндээ өөр хоорондоо үзэлцсээр байгаад хамаг юмыг уначихаж байгаад би хувьдаа харамсаад байгаа юм.
-Манай улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай гээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлаад ирэхдээ Оюутолгойн 6.1 тэрбум ам.доллартай нийлүүлээд тавхан хоногийн дотор найман тэрбумын хөрөнгө оруулалт татлаа гээд байгаа шүү дээ. Үүнд Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр шийдсэн нэг тэрбум ам.долларын зээлийн шугам багтаж байгаа. Энэ бүхнээс харахад таны хэлсэн 4-5 тэрбум ам.доллар бүү хэл бараг эдийн засгийнхаа 90 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг босгочихоод байгаа юм биш үү?
-Оюутолгой дээр яриад байгаа зургаан тэрбумын хөрөнгө оруулалт гэдэг маань ганцхан өдөр ороод ирэх юм биш. 5-7 жилийн хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил явсны дараагаар манай улсын эдийн засагт орж ирэх үр өгөөж шүү дээ. Энэ жилийн хувьд 200- гаад сая ам.доллар орж ирнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна лээ. Гэхдээ 2016 оноос эхлэн жил бүр нэг тэрбум ам.доллар орж ирэх юм билээ. Энэ бол эдийн засаг эргэх том дохио гэж харж байгаа. Харин Тавантолгойн гэрээг бид цаг алдалгүй баталчихвал тэр даруйдаа эхний ээлжид 620 тэрбум ам.долларыг Монголд оруулж ирэх гээд байгаа юм шүү дээ. Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл тавих төмөр замын бүтээн байгуулалтад “Чингис” бондоос авч ашигласан 280 сая ам.долларыг ч консорциум буцааж өгье гэж байгаа. Нөгөө талдаа “Шинхуа”-д төлөх 140 сая ам.долларыг ч төлье гэж байна. Гуравдугаарт, консорциумаас Монголын талд татвар хураамжийн урьдчилгаа болгож, 200 сая ам.доллар өгөх талаар гэрээнд тусгасан. Тэгэхээр нийт дүнгээрээ 620 сая ам.доллар богино хугацаанд орж ирэх боломжтой байгаа юм. Харин Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалаар шийдсэн нэг тэрбум ам.доллар бол зээлийн шугам нээсэн асуудал. Өнөөдөр авч байгаа зүйл биш шүү дээ. Бүхэлдээ энэ яриад байгаа хөрөнгийн эх үүсвэл бол өнөөдөр яриад бүтэх зүйл огтхон ч биш. Гэхдээ мэдээж дэлхий даяар эерэг мессеж болж байгаа бөгөөд ирээдүйд эдийн засагт орж ирэх сайн дохио л юм. Энэ бүх эерэг мэдээллийн үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, манай Засгийн газрын зээлжих зэрэглэл 0.84 байснаа 0.94 болчихсон байна лээ. Энэ мэтээр бага багаар гарах үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр та эдийн засгийн сэргэлтийг тун удахгүй мэдрэгдэнэ гэж харж байгаа байх нь ээ?
-1.6-2 жилийн дотор эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, Монголын эдийн засаг дахин сэргэж өсөх боломжтой. Үүнтэй холбоотойгоор ард иргэдийн амьдрал ч гэсэн дээшилж, ахиц гарах боломж харагдаж байгаа юм.
-Гэхдээ өнөөдрийн төвшинд улс төрчид төдийгүй эдийн засагчид “Манай улсын эдийн засагт ойрын үед сэргэлт харагдахгүй байна. Тиймээс Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй” гээд байгаа. Тэр дундаа “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар их ярих боллоо?
-Миний хувьд ч гэсэн тэдэнтэй санал нэг байгаа. Бид олон улсын аль нэг байгууллагаас тусламж дэмжлэг авахгүй бол болохгүй. 2008 оны эдийн засгийн хямралын үед бид мөн л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж хүнд байдлаас гарсан түүхтэй. Одоо ч гэсэн бид дахин хамтарч ажиллахад буруудах зүйлгүй. Энэ хөтөлбөрт хамрагдана гэдэг хүн айгаад байх зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь бид өөрсдийн хүрсэн төвшин, түүнээс гарах арга замаа зөв тодорхойлсноор “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад явахад болохгүй юмгүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бүх мөнгө хаагдаж байгаа юм биш. Гэхдээ мэдээж зээл авах талд тодорхой хэмжээний хязгаар тавигдаж таарна. Харин гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд ямар нэгэн саад учрахгүйгээс гадна зардлаа хумьж байж алдагдлыг багасгах бодлого л явах юм. Нэг үгээр бол, “Стэнд бай” хөтөлбөр бол одоогийн хямралт байдлаас гарах нэг гарц.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: www.unen.mn