Цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн кондуктор, жолооч нар нийслэлийн 1.2 сая иргэнд үйлчилдэг автобусны дугуйн доогуур орж хэвтчихээд, ажил хаялтад нэгдэхгүй гэсэн бусдыгаа үйлчилгээнд өчигдөр гаргасангүй. Ажил олгогч, хамтран ажиллагсад, цагдаагийн алба хаагчид гээд ер нь хэнбугай ч, яаж гуйгаад тэднийг дийлсэнгүй. Ажил хаяхаараа айлган цалингаа нэмүүлсээр байгаад нийтийн тээврийнхэн даварсан гэх хүн ч цөөнгүй байна.
Одоогоор илүү цаг, урамшуулалт цалин гээд кондуктор 800 мянган төгрөг, жолооч нэг сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Харин цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ажилтнууд хэлэхдээ “Дунджаар 400 орчим мянган төгрөгийн цалинг 880 мянган төгрөг болгохыг шаардаж байгаа” гэлээ. Энэ удаа ч яахав цалинг багагүй хувиар нэмээд, асуудлыг намжаагаад өнгөрлөө гэхэд цаашид энэ мэт асуудал үүсэх тохиолдол бүрт нийслэлийн энгийн иргэн, зорчигч хохирсоор байх уу гэдгийг нийслэлийн удирдлагууд эргэх харах нь зүйтэй болов уу.
Учир нь нийтийн тээвэрт энэ гэлтгүй олон асуудал үүсэж, байдал зөвхөн ажилчдын цалин мөнгө, ажил хаялт зэргээр тогтохгүй, улам ээдрээтэй болж эхэлжээ. Цагдаагийн ерөнхий газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудын эзэд хууль зөрчин, төрийн их хэмжээний мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэх хэргийн талаар өчигдөр /05.25/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг ашиглан нийтийн тээврийнхэн улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй байгаа гэнэ. “Төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгодог. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад тухайн автобус үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэж GPS /байршил илрүүлэгч/ тоног төхөөрөмжийг нэг машинд олноор байршуулж, нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү онцолсон юм.
Мөн мөрдөн байцаалтын явцад “Тэнүүн огоо”, “Тулга огоо”,”Тэнүүн дэлгэр” гэсэн гурван компанийн эзэд ийнхүү заль хэрэглэж, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөгийг улсаас шамшигдуулсан байж болзошгүй гэнэ. Ядаж кондукторууд зан харьцаа, автобусаа цэвэр цэмцгэр байлгаж иргэдэд үйлчилчхээд дараа нь цалингаа нэмье гэж ярих хэрэгтэй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байна. Тэгвэл төр засгаас цалин нэмэх асуудлыг жил бүр дэмжин, 30 хувьд багтаан нэмсээр байгаа. Гэвч зах зээлийнхээ эрэлт хийгээд шаардлагатай цалингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь харамсалтай. Уул уурхайн салбар биш бол бусад салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний хувьд ч цалин нэмэх асуудал бүр сураггүй. Үүнийгээ ажил олгогчид эдийн засаг хүнд байгаатай холбон тайлбарлана. Иймээс хувьд ажиллагсад ёстой тэвчих гээчийг үзүүлсээр ирсэн. Үүнтэй нэгэн адил төрд ажиллагсад, нийтийн тээврийнхэн ганцхан жил цалингаа нэмүүлэхгүйгээр тэвчих боломж байдаггүй юм уу.
Г.Мягмарсүх