Comment.mn

Шил шилээ дарсан айлчлалын зорилго нь эдийн засагт чиглэжээ


 

Улс орны эдийн засаг хямралтай, томоохон төслүүд хөдлөх эсэх нь эргэлзээтэй байсан үе ард хоцров бололтой. Хэдийгээр “Гадаадад айлчлах үеэрээ түмний нүднээс далдуур зурсан” гэх шүүмжлэлд өртөж байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойг хөдөлгөх гэрээг баталгаажуулаад ирлээ. Улстөрчид төдийгүй олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа ч бодит байдалд энэ бол эдийн засагт эерэг үзүүлэлт гарахын томоохон дохио. Цаашлаад Ч.Сайханбилэг сайдын Эмиратад хийсэн айлчлал хоосон байсангүй. Эмират улс манайд хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.доллар оруулахаар болсон сайхан мэдээ сонсогдов.

 

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 6.1 тэрбум ам.доллартай нийлүүлж тооцвол бид тавхан хоногийн дотор 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадна, дотнын айлчлалаас босгоод байна. Энэ бол манай улсын Засгийн газрын тэргүүний гадаадад хийсэн айлчлалын үр дүн. Харин бид үүнээс өмнө буюу өнгөрөгч дөрөв, тавдугаар сард гадна, дотнын айлчлалаар хэчнээн төгрөгийн хөрөнгө босгов, үүний үр дүнд эдийн засагт эргэлдэх ам.долларын урсгал хэрхэн нэмэгдсэн талаарх мэдээллийг тоймлон хүргэе. Товчхондоо энэ хоёр сарын хугацаанд манай улс хөл ихтэй байлаа. Байсхийгээд л гаднын зочидтой байгаа гэх шалтгаанаар хотын төвийн зам, уулзварыг хаасан байхтай та олонтаа таарсан байх. Гаднын зочид ихтэй байгааг жирийн иргэд ингэж л мэдэрдэг.

 

Харин тухайн айлчлал ямар үр дүнтэй байсныг албаныхан дүгнэдэг. Тэгвэл сүүлийн хэдэн сарын турш манай улсын төр, засгийн томчууд гадагшаа айлчлах болон гаднын улсын төр, засгийн удирдлагуудын манайд хийсэн айлчлал ихээхэн үр дүнтэй байсан бөгөөд тэр бүү хэл, эдийн засагт эерэг үзүүлэлт гаргах хэмжээнд хүртэлх хөрөнгө босгоод байгааг УИХ-ын гишүүд төдийгүй эдийн засагчид ярьж байна. Учир нь, манай улс арван тэрбумын эдийн засагтай. Гэтэл Ерөнхий сайдын “олж ирсэн” найман тэрбумын хөрөнгө оруулалт дээр Энэтхэгийн Ерөнхий сайд Наренра Модигийн айлчлалын үеэр шийдсэн нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг хамтатгавал өнөөдрийн байдлаар бид найман тэрбум ам.долларын хөрөнгөтэй болчихсон гэж тооцож болно. Энэ нь үндсэндээ нийт эдийн засгийнхаа 80 орчим хувийг босгочихоод байна гэсэн үг.

 

Цаашлаад Оюутолгой компанийнхан ТЭЗҮ-ийн хэтрэлтийн хоёр тэрбумын 1.2 тэрбумын ам.долларын удирдлагын зардлын төлбөрийг төлж, харин бусад зардлыг төлөхгүй гэж тохиролцсон гэж байгаа. Мөн тус компанид тавиад байсан 30 сая ам.долларын өрийг ч мөн төлөхөөр болсон гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Мэдээж энэ бол манай улсын эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх эерэг талтай. Цаашлаад дөрөвдүгээр сар гарахтай зэрэгцэн Болгарын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан бөгөөд гол зорилго нь хоёр орны хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх байв. Энэ ч үүднээс ноён Росен Плевнелиевийг дагалдан тус улсын эдийн засаг, бизнесийн төлөөлөгчид ирсэн юм.

 

Тэд айлчлалын үеэр Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулсан бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хэвлэл, мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Дараагийнх нь Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн айлчлал байлаа. Энэхүү айлчлалаар гуравдагч хөрш Турк улстай хамтын ажиллагааг идэвхтэй төвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг талууд дүгнэж байгаа.

 

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийсэн бөгөөд Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхсан. Хэдийгээр энэ айлчлалаар мөнгөн хөрөнгө босгох асуудлыг талууд хөндөөгүй ч гэлээ хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай болох нь цаашид эдийн засагт бодит түлхэц үзүүлэх эхлэлийг тавьсан юм. Гадаадаас манай улсад хийсэн айлчлал ийм байсан бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ хүрээнд мөн л хоёр улсын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудлыг хөндсөнөөс гадна Япон улс монголчуудад олон удаагийн виз олгохоор болоод байна.

 

Товчхондоо, дээр дурдсанчлан манай улс гадна, дотнын айлчлал ихтэй байгаагийн гол зорилго нь эдийн засагт эерэг үзүүлэлт гаргахын эхлэл гэж харж болохоор байна. Энэ ч үүднээс ирсэн, явсан айлчлал бүрийн эхний хэлэлцэх асуудал нь эдийн засаг байна.Ямартай ч, гадаадаад бага хүүтэй зээл авах эсвэл гаднын томоохон хөтөлбөрүүдэд хамрагдахаас өөр аргагүй байдалд ороод байгаа гэх эдийн засагт мөдхөн эерэг үзүүлэлт гарч, гадна дотнын айлчлалын үр дүн бодитоор харагдах цаг айсуй.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.