Comment.mn

Шинэ цагийн хэлмэгдүүлэлт

 

Түүх давтагддаг, давтагдахдаа илүү боловсронгуй, илүү ухаалаг болж, илүү хорон болж давтагдах аж. Нэг мянга есөн зуун оны эх, гучин долоон оны их хэлмэгдүүлэлт өнөөдөр туйлын боловсронгуй хэлбэрээр бидэнд ирчихээд байна. Зөвхөн гучин долоон онд хэлмэгдүүлээд болчихсон хэрэг биш л дээ. Түүнээс хойш арай боловсронгуй болж нэгэн мянга есөн зуун наяад оны сүүл хүртэл амь бөхтэй байсаар ирсэн зүйл. Ерээд онд ч байсан хоёр мянган он гарсаар ч байсаар ирсэн. Харин өнөөдөр энэ хэлмэгдүүлэлтийн технологи нь илүү баруунжсан, илүү арга зальтай, хорон маягаар үргэлжилж байна даа. Тэр нь илүү улстөржсөн нэг намын үзэл сурталыг нийгэмд тэр чигт суулгаж, улс орныг эзэгнэх гэсэн санаархалаар үргэлжилж байгаа нь хамгийн аюултай. Энэ явдал нь урьд өмнө нь байсан зүйл гэдгийг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол аюул нь ардчилсан гэх улс оронд ийм хэлмэгдүүлэлт сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаад л хаа хаанаа харамсаж сууна.

 

Бидний түүхэнд хар мөр үлдээсэн хуудас чамгүй олон бий. Аливаа улс үндэстний түүхэн замнал ч ийм бөлгөө. Өнгөрсөн түүх рүүгээ яргаад байвал хэдэн жилийн нүүрийг үзэх учраас ирээдүйн тоосон дунд хар мөрөөр бичигдэж үлдэх ардчилсан Монгол Улсын түүхийн энэхэн хэсгээс зурвасхан дурдая.

 

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулж, МАХН-аас нэр дэвшсэн өрсөлдөгч Н.Энхбаяр өвдөг шороодов. Энэ цагаас эхлээд шүүх хүчний байгууллагыг гартаа хийсэн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгах, улмаар цагдан хорьж ял тулгах төлөвлөгөөт ажиллагааг эхлүүлсэн юм. Тус ажиллагаа ч биелэлээ олж, Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар баривчилж, ял оноов. Түүнтэй дөрөө харшуулан 2012 оны УИХ-ын сонгууль угтсан их хэлмэгдүүлэлтийг зохион байгуулав. Өрсөлдөгч МАН-ын голдуу нөхдийг шалгахыг нь шалгаж, хорихыг нь хорьж сонгуульдав. Олон ч хүн энэ ажиллагаанд ширвэгдэж үлдсэн. Энэ нэрсийн жагсаалтыг гаргавал багагүй цаг цаас орохоор хэмжээний цуваа гарч таарна. Тухайн цагт илүү үг хэлж, илүү үйл хөдөлгөөн хийхээс айцгааж байлаа.

 

Үүний дараа Орон нутгийн сонгууль угтсан их хэлмэгдүүлэлт явагдав. Орон нутгийн Засаг дарга нараас эхлээд олон хүнийг торны цаана суулгаж, шалгахыг нь шалгаж баахан хөл болсон доо. Энэ тухай ч дурдаад барахгүй жагсаалт хөвөрнө. Энгийнээр тайлбарлаж хэлбэл, Ц.Элбэгдорж Ардчилсан намыг сонгуульд ялалт байгуулахад хамгийн том нөлөөлөл үзүүлсэн хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тодруулбал, айлган сүрдүүлэх, шүүх хүчний байгууллагаар сүрдүүлэн далайлгах замаар энэ ялалтыг Ардчилсан намд авчирч өгсөн хэрэг.

 

Харин өнөөдөр энэхүү ажиллагаа ихэд идэвхийлэн сэргэлээ. Чухам ямар учиртайг одоогоор таах юм алга. Эрх баригч нам дотооддоо нэгнээ шалгаж эхэллээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүнийг тойрон хүрээлэгчдийг АТГ шалгаж эхэлсэн. Тэр ч бүү хэл “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг цагдан хорьсон. Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхэд зохиомол хэрэг үүсгэн хорьсон. Я.Батсуурь, Л.Гансүх нар өөрсдөө ямар ч буруугүй гэдгээ нотолж, хэвлэлд ч ярилцлага өгөөд буй. Л.Гансүх хэлэхдээ “АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтэд зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь  бас л хууль зөрчсөн  үйлдэл” хэмээсэн бол Я.Батсуурь ч “Би Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Би ямар нэг хууль зөрчөөгүй. Намайг чухам яагаад хорьж шалгаад байгааг гайхаж байна” хэмээсэн.

 

Тэр ч бүү хэл өнөөдөр төрийн ямар нэг шатанд ажиллаж байгаа албан тушаалтнууд “Цаг цөвүүн болж дээ. Ажлаа ч тайван хийж чадахаа болилоо” хэмээн халаглаж сууна. Ёстой л XXI зуунд 1937 оны их хэлмэгдүүлэлт айлчилсан юм шиг л байна.

 

А.Гал

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.