Comment.mn

Оюутолгойн 6 тэрбумын төсөлд Рио Тинтогийн захирлын 9 настай охин “тусалжээ”


Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийг үргэжлүүлэх болсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ дундаа “Australian financial times” сайтад гарсан сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Сонин санагдаж магадгүй ч 9 настай охин Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүсэлт тавьсан нь Рио Тинтогийн 6 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн төсөлд эргэх цэг тавьж, нааштайгаар шийдвэрлэгдэхэд ногоон гэрэл асаажээ.

 

Рио Тинтогийн Зэс, нүүрсний захирал Жан Себастьян Жакийн охин Одри Жак Ч.Сайханбилэгээс газарзүйн хичээлээр Монголын тухай бэлдсэн даалгавар дээрээ гарын үсэг зурахыг хүсчээ. Гэхдээ энэ явдал өнгөрсөн 10-р сард Жан Себастьян Жакийн Холланд парк дахь гэрт нь болжээ.

Жан Себастьян Жактай гал тогооных нь ширээний ард таван өдрийн турш эрчимтэй хэлэлцээ хийж байгаад түр завсарлахдаа Ч.Сайханбилэг охины хүсэлтийг биелүүлжээ. Цагаа олсон Одри Жак охины хүсэлт хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн адармаатай хэлэлцээний уур амьсгалыг зөөллөн Засгийн газар, корпораци хоёрын харилцаанд сайн санааны үрийг суулгасан гэлтэй.

Янз бүрийн бүлэглэлүүд Оюутолгойгоос дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 30 хувийг гаргах илүү ашигтай шинэчилсэн гэрээ байгуулах ёстой гэсэн хүчтэй дарамт шахалтын улмаас Монголын тал 2012 оноос эхлэн Рио Тинтотой илүү хатуу байр сууринаас харилцах болсон юм.

 

Гэвч хамтач бус тэр харилцаа бүтэлгүйтсэн юм. Ингэснээр дэлхийн уул уурхайн аварга том корпорац Хятадын хилээс 80 км зайд орших дэлхийн томоохон зэс, алтны орд газар болох Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтаа шууд зогсооход хүрчээ.

 

Тус орд газрын зэс, алтны нөөцийн 80 орчим хувийг агуулдаг гүний уурхайг зогсоосон нь ноцтой үр дагавар авчирчээ. Монголын эвлэршгүй байр суурьд өгсөн Рио Тинтогийн хатуухан хариу тус улс гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн ханддагийг дэлхий нийтэд анхааруулсан мессеж болсон юм.

 

Аль аль талаас нааштай алхам хийгээгүй хүндхэн хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар Хятадаас гадаад валютын төлбөр авч төсвөө санхүүжүүлж байв. Хятад 500 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлж өгчээ. Дараа нь энэ тоо хоёр тэрбум ам.долларт хүрсэн юм.

Оюутолгойн бүтээгдэхүүний 95 орчим хувийг Хятад худалдан авдаг тул уг төслийг үргэжлүүлэхийг Монголын тал сонирхох нь “хууль ёсны” хэрэг юм.  Гацаанд орсон нь тус уурхайн төслийг анхлан санаачилсан Канадын бизнесмэн Роберт Фридландын бий болгосон бодит бус хүлээлттэй ямар нэг хэмжээгээр холбоотой аж.

 

Саяхан томилогдсон Ч.Сайханбилэг Оюутолгой нь тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын лакмусын цас, гол шалгуур болохыг сайн ойлгож байв. Тэрээр мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, “Монгол Улс бизнест эргэж хөл тавилаа” гэсэнд гайхах зүйлгүй юм.

 

Вашингтоны Жоржтауны их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын улс төрийн сэргэлэн залуу төлөөлөл болсон Ч.Сайханбилэг Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куаныг биширдэг.

 

Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том компани болох “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Эрдэнийн гаргасан Оюутолгойгоос ойрын 25 жилд орж ирэхээр тооцож буй 50 орчим тэрбум ам.долларыг Сингапурын Темасек Холдингтой адил үндэсний баялгийн санд хуримтлуулах саналыг бүрэн дэмждэг аж.

 

Энэ ярианууд Жан Себастьян Жакийн гэрт Оюутолгойн төслийг урагшлуулах шинэ чиглэл гарах үед өрнөсөн байна. Энэ үеэр хоёр тал хэлэлцээ хийх багийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт хийхээр тохиролцжээ.

 

Лондоны дараагийн хэлэлцээ арванхоёрдугаар сард Монголын нийслэл Улаанбаатарт үргэлжилсэн байна. Жан Себастьян Жак хэлэхдээ, “Ч.Сайханбилэгийн албан өрөөнд болсон тэрхүү хэлэлцээгээр ашиг хуваарилалт, хувь хэмжээний талаар ихэвчлэн ярилцсан” гэсэн юм.

 

Хэлэлцээний турш Жан Себастьян Жакт 2010 оноос “Рио Тинто”-той холбогдох болсон А.Амаржаргал тусалсан байна. Тэрээр “Рио Тинто”-д орохоосоо өмнө Шотландын Дандийгийн их сургуулийг уул уурхайн хууль эрх зүйгээр төгсч арилжааны хуульчаар ажиллаж байжээ.

 

Мягмар гарагт үзэглэгдсэн гэрээ нь 2009 онд зурагдсан хөрөнгө оруулалтын анхны гэрээтэй төстэй аж. Дараагийн алхам бол энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийг босгох, гүйцэтгэлийн судалгааг гаргах ажилд банкуудыг татаж 4 тэрбум ам.долларыг олох явдал юм.

 

Оюутолгойн гүнийн уурхайг өргөтгөх тухай гэрээ байгуулсан нь тус улс гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлэн Япон, Өмнөд Солонгос, Австрали, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх тал дээр хэлэлцээ хийсний дараа биелэлээ оллоо.

Г.Үжин

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.