Comment.mn

Сонгуулиар мөнгө тараахыг хатуу хориглоно. Бас зардлыг багасгана


Сонгуулийн шинэ хуулинд сонгуулийн үеэр мөнгө тарааж иргэдийн санал хурааж авах явдлыг тас хорьсон байна. Хэрэв мөнгө тарааж байгаад баригдвал улс төрд цаашид явах эрхгүй болох гэж тус хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм.

 

Энэ талаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт “Нээлттэй нийгэм форум”, АТГ, “Сонгогчдын боловсрол төв зэрэг зарим төрийн бус байгууллагууд оролцсон юм.

 

Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийнхэний мэдээлж буйгаар хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм байна.

 

Шинэ хуулинд, улс төрийн намуудын санхүүжилтийг Сонгуулийн болон Намынх гэж хоёр хувааж байгаа юм байна. Мөн хандивлагч гэж хэн бэ, хандивын хэмжээ, түүнд тавих хяналтыг тодорхой болгожээ. Нэр дэвшигч сонгуульд хэдэн төгрөг зарцуулж байгааг Сонгуулийн Ерөнхий хороо хянадаг байсан бол одоо Аудитын газар шалгах гэнэ. Тухайлбал, хандивын асуудал дээр хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ, нэр хаяг түүнд тавих хяналтыг тодорхой болгоно гэсэн үг юм. Өмнө нь нэр дэвшигч сонгуульд хувиасаа хэдэн төгрөг гаргасан гэдгээ тайлагнадаггүй байсан. Харин хандивлагчдаа цухас дурьдаад өнгөрдөг байсан юм. Тэгвэл шинэ хуулиар тэгэхгүй гэнэ. Нэр дэвшигч өөрөөсөө хэдэн төгрөг гаргасан гэдгээ аудитад тайлагнаж, шилэн дансанд байршуулах юм байна.

 

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ БҮХ ХҮН МҮОНРТ-ЭЭР СУРТАЛЧИЛГААГАА ҮНЭГҮЙ ЯВУУЛНА

 

Шинэ хуулиар сонгуулийн зардлыг багасгасан байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнийг бууруулж, сонгуулийн үнэ гэж тусдаа өндөр байж болохгүй, нэг жигд байх сүүлийн зургаан сарын ханшаар тооцож мөнгийг авах цаашлаад нэг нэр дэвшигч, нам эвслийг илүү дөвийлгөн сурталчилж болохгүй гэнэ. Түүнчлэн бүх нэр дэвшигч МҮОНРТ-ээр сурталчилгаагаа үнэгүй явуулах юм байна. Мөн нэр дэвшигчдийн иргэдэд тараах сурталчилгааны материалыг нэгтгээд сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүс сонгогчдод хүргэж өгөх юм байна. Энэ нь ижил, тэгш өрсөлдөх боломжийг олгох гэнэ.

 

Үүнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдалд хэт халдсан үйлдэл ч гэж харах хүмүүс байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ БУЦААН ТАТАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

 

Хэрэв нэр дэвшигч тайлангаа өгөхгүй бол нэрсийн жагсаалтаас хасна. Хууль зөрчсөн нь сонгуулийн дараа тодорхой болбол тангараг өргөсөн байсан ч хамаагүй мандатыг нь хураан авч хүчингүйд тооцох аж. Хэн нэгний буруутай үйлдлээс болж дахин сонгууль явуулах хэмжээнд хүрвэл буруутай этгээдээр сонгуулийн бүх зардлыг гаргуулах юм байна. 2008 оны сонгуулиар нэг нам, эвслийн зарцуулсан мөнгөний хэмжээ 5.5 тэрбум төгрөг байсан бол 2012 оны 9 тэрбум байжээ. Харин 2016 оны сонгуульд 37 тэрбум төгрөгт хүрсэн байна. Сонгуулийн үеийн санхүүжилт ийм хурдацтай өсч буй нь анхаарал татах асуудал гэж Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяа хэлэв. Энэ хэрээр сонгуулийн үеэр авлигал, хээль хахуул өсдөг байна. Тиймээс сонгуулийн үеийн санхүүжилтийг нээлттэй, ил тод байлгах шаардлагатай гэж байгаа юм.

Т.Энхэлээ

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.