2014 оны 11 дүгээр сарын 21 -нд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга : “Би Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6 жил УИХ- д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана…” хэмээн хэлж байлаа.
Үнэхээр ч 5 сарын 19-нд АНЭУ-ын Дубай хотноо Монгол Улсын Ерөнхий сайд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурсаны маргааш буюу өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга нар хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихаар болж, гарын үсэг цуглуулж эхэлснээ зарлалаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Л.Цог нар дэмжин нэгдээд буй бөгөөд Г.Уянга цаашид УИХ-ын нийт гишүүдэд энэхүү асуудлыг хүргүүлж саналыг нь авах гэж буй ажээ.
Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барих бичигт гарын үсэг зурах УИХ-ын 19 гишүүн үнэхээр бүрдэх үү? гэсэн асуулт улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь асуудал хаашаа ч эргэж мэдэх нөхцөл байдал үүссэн тухай эх сурвалжууд өгүүлж байна.
МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн уг шийдлийн талаар ямар ч албан ёсны мэдээлэлгүй байгаа тухайгаа гайхан өгүүлж буй бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагууд “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан өдөр Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээний асуудлыг нэн даруй шийдэхийг УИХ, Засгийн газраас шаардсан юм.
Тодруулбал МАН хийгээд “Шударга ёс” эвслийн зарим хэсэг Тавантолгойн гэрээний асуудлыг яаралтай шийдэх шахалтыг Ерөнхий сайдад үзүүлэх гэж буй бөгөөд хэрэв хүссэнээр нь шийдэгдэхгүй бол Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаас түүнийг үүдэн огцруулахаар гаргасан УИХ-ын гишүүн Г.Уянгын албан планк дахь бичигт гарын үсэг зурахаас ч буцахгүй болжээ . Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын шахалт хийгээд өөрийн шийдлээр Тавантолгойн гэрээний асуудлыг Монгол Улсын Сайд М.Энхсайханы өргөн барьсан хувилбараар шийдвэл мөн л огцруулах санал гаргана гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд хэдийн мэдэгдчихээд байгаа. Ийм л нэг яаж ч хөдөлсөн огцорч мэдэх нөхцөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орчихоод байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн гэрээний асуудлыг хэрхэн шийдэхээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барих бичигт гарын үсэг зурах УИХ-ын 19 гишүүн бүрдэх эсэх шалтгаалах болоод буй аж.
М.Гал
Эх сурвалж: www.sonin.mn