Comment.mn

Машинаас нь хамаарч торгуулийн хэмжээг нэмнэ

ШӨХТГ-аас зөвшөөрөлгүй газар байрлуулж орхисон машиныг ачих, журамлах ажлыг хууль бус хэмээн үзэн, иргэд ч багагүй эсэргүүцэж байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам’’-ын талаар хэлэлцсэн байна.

ЦЕГ-ын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа бол журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр энэ торгуулийн хэмжээг нэмэх гэнэ. Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаж байгаа аж. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 км чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг багтжээ. Мөн өнөөдрийг хүртэл ачиж байгаа аж ахуйн нэгжүүд 100 хувь орлогоо авдаг байсныг 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.

Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа бол журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлана гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Үүнд, гүүрэн дээр болон доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ.
Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд ачиж, тээвэрлэхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа. Гэвч энэ журмын талаар дараагийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.