Өнөөдөр бүтээн байгуулалтад, тэр тусмаа барилгын салбарт олон жил амжилттай ажиллаж ирсэн “Ган хийц” компани гэхээр хүмүүс андахгүй сайн мэдэх байх. Ямартай ч энэ компанийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Тиймээс “Ган хийц” компанийн Ерөнхий захирал М.Даваасүрэнтэй өнөөгийн нийгэм эдийн засаг, улстөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та бизнесийн салбарт олон жил зүтгэж, нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн. Тэгэхээр улс орны эдийн засгийн байдал хүндрээд удлаа. Чухам хэзээ сэргэх эсэх гээд олон асуудал бий. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бид 2012 он хүртэл тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт хийж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаад амьдарч иржээ. Харин өнөөдөр туйлын хүндрэлтэй болчихлоо. Тэр тусмаа 2014 он гарч, өнөөдөртэй золгоход бизнес эрхэлдэг хүн болгонд хүнд туссан. Яагаад гэвэл төр өөрөө дэгтэй журамтай, төр өөрөө алсыг харсан цогц бодлого явуулж чадахгүй байгаа учраас ард түмэн ийм байдалд орсон. Ганцхан жишээ хэлье. “Ганхийц” компани 2012, 2013 онд нэг жилд 6.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2014 онд 2.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Ийн гурав дахин багасч, 2015 оноос материалаа үйлдвэрлэж байгаа ч тавдугаар сар гэхэд захиалга өгсөн хүн байхгүй байна. Энэ нь төр бодлогогүй явж ирсэн учраас барилгын салбар ерөнхийдөө зогслоо гэсэн үг. Би энэ тал дээр нэг жишээ татъя. Бүтээгдэхүүний захиалга ирэхгүй болохоор үйл ажиллагаа нь зогсож байна. Би 150 ажилтандаа эхний дөрвөн сар амьжиргааны доод түвшин болох 192 мянган төгрөгийн цалин өгч, тэр хүмүүсээ тогтвортой ажлын байран дээр байлгахын тулд чармайж байна. Сул зогсолтын мөнгө, нийгмийн даатгал гээд асуудал их үүслээ. Миний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, захиалга байхгүй болохоор орлоггүй байна гэсэн үг. Гэсэн хэдий ч цалин өгөхийг хичээж сул зогсолтын мөнгө өгөөд явж байхад Нийгмийн даатгал манай компаниудын дансыг хаагаад шүүхэд өглөө. Төрөөс ямар ч зохицуулалт хийгээгүй байхад шүү дээ.
-Хуулийн нэг уян хатан зохицуулалт байдаггүй бил үү?
-Энэ тухайд би хойш ярина, хуулиа хэлэлцэхгүй байна. Ерөөсөө төрөөс болоод ийм байдалд орчихлоо. Төр засаг маань цогц бодлоготойгоор 2015 оны гуравдугаар улиралд барилгынхаа ажлыг эхлээд явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Манай ижил олон компани ийм байдалд хүрэхгүй байв. Би түрүүчийн Засгийн газраас 1.2 тэрбум төгрөгийн авлгатай ч авч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Яагаад гэхээр Засгийн газар 250 компанийн үйл ажиллагааг царцаасан. Энэ нь ААН-үүд компанийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөллөө. Ингээд би ажиллагаагаа явуулахын тулд банкнаас зээл авчихсан байхад банк намайг “найдваргүй зээлдэгч” гэж бүртгэж авлаа. Юу болж байна вэ, ингэж болохгүй. Энэ олон компанийн үйл ажиллагааг царцаах эсэхэд УИХ бодох ёстой байсан. Энд УИХ-ын 76 хүнийг муулахдаа биш, өмнөх Засгийн газрыг муулахдаа ч биш. Гагцхүү Монголын төр замбараагүй болсон гэдгийг ганцхан жишээгээр л хэлье. 2008-2012 онд үйл ажиллагаа явуулж байсан УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд батласан “Монгол Улсын хөгжлийн бодлого”-ын хүрээнд улсын төсөвт бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан. Үүнийг 2012 оны сонгууль дууссаны дараа, шинээр байгуулагдсан Засгийн газар үргэлжлүүлээгүй, царцаасан. Ингэж өөрсдөө улсын төсвийн хуулийг зөрчсөн. УИХ-аар батласан аливаа төсөл хөтөлбөрийг хууль гэж үздэг ч төр өөрөө зөрчөөд явчихсан.
-Бид хоёрын яриа эдийн засгийн хямрал гээд эхэлсэн ч гарцаагүй улстөрийн хямрал руу орчихлоо. Тэгэхээр манайд улстөрийн хямрал нэгэнт бий болчихлоо гэдэг нь таны ярианаас анзаарагдлаа?
-УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн алсын хараатай бодлого ард түмэнд үгүйлэгдэж байгаа нь үүнийг харуулсан хэрэг. Алсын хараатай бодлого юунаас эхлэх вэ гэхээр нэгдүгээрт, УИХ-ын хувь гишүүнээс, алба хашиж байгаа сайд дарга нараас эхлэх ёстой. Хоёрдугаарт, улстөрийн үйл ажиллагаа явуулж байгаа, төрийн эрх барьж, барилцаж байгаа улстөрийн намаас. Тэгэхээр энэ хоёрын бодлого нийлэхгүй байгаа учраас л бид өнөөдөр хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй сууна. Ганцхан жишээ татъя. 1971 онд Ю.Цэдэнбал дарга Брежневтэй уулзаж, их бүтээн байгуулалтын тухай санал солилцож, таван жилийн дотор Эрдэнэт гэж том хотыг байгуулсан. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсыг тэжээж байна. Монголын эдийн засгийн валютын нөөцийн 80 хувийг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлж байлаа. Одоо ч байгаа. Тухайн үед одоогийн МАН төрийн эрхийг ганцаараа барьж, улс орны бодлогыг нэг хүн зангидаж, тэр алсын хараатай бодлогыг хийсэн нь аугаа зүйл. Гэтэл өнөөдөр Оюутолгой, Тавантолгой гэж яриад арван жил болох гэж байна. Ийм олон улстөрийн нам байгаад хэзээ ч Монгол Улсыг хөгжил дэвшилд авчрахгүй юм байна гэдгийг ард түмэн ойлгох ёстой. Ойлгож ч байгаа. Нэгэн цагт тавхан жилд босгож бүтээж байсан зүйлийг арван жил болоод ч чадахгүй байгаа нь энэ олон намын тогтолцоо, түүний гажуудал. Улс орны үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг алдагдуулж байгаа юм бол олон намын систем. Эв нэгдэл гэхээр хамгийн сүүлчийн жишээ авъя. 2008 оны сонгуулиар МАН дийлэнх олонхийн суудал авсан хэдий ч эв эеийг хичээж, цөөнх болсон АН-д хамтарч ажиллах санал тавьсан. Ингэснээр улсын эдийн засгийн өсөлт ямар өндөр байв. Нийгмийн амьдрал хэчнээн өөдрөг байлаа. Энэ чинь өнөөх миний яриад байгаа эв нэгдлийн асуудал шүү дээ. Харамсалтай нь АН 2012 оны сонгуульд арай илүү суудал авч гарч ирсэн ч эв эеийг хичээсэнгүй. Чадварлаг боловсон хүчний нөөцтэй улстөрийнхөө ууган хүчинтэй хамтарч ажилласангүй. Туршлагатай намыг ашиглаж чадсангүй. Хамгийн наад зах нь энэ намд Монгол Улс, эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй ахмадууд олон бий. Ийн эвлэж хичээж хамтраагүйн хар гайг монголчууд бид сүүлийн гурван жил амслаа.
-Гэхдээ МАН Засгийн газарт хамтарч ажиллаад хагас жилийн нүүр үзэх нь. Уг нь өдийд бодит үр дүн харагдаж эхлэх ёстой. Гэтэл ийм зүйл цухалзахгүй байна. Энэ нь намууд хоорондын толхилцооноос болоод байна уу, ерөөсөө хямарчихсан үеийн бодит цаг хугацаа юм уу?
-“Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчээ нийлүүлэн нэгэн зэрэг хөдөлж цэнгэлийн манлайг олно…” гэсэн Д.Сүхбаатар жанжины хэлсэн үг бий. Аягүй бол энэ үгийг наад хүмүүс чинь мэдэхгүй шүү. Тэгэхээр эв саналаа нэгтгээд зоригтойхон нэгэн зүгт явахгүй байгаа учраас бид ийм байдалд хүрлээ. Одоо АН-ын нэг дарга гарч ирээд чи тэр намынх гар зайл гэдэг. Ингэж болохгүй. Гэхдээ МАН-ын алдаа ч бий. МАН-д боловсролтой, ажлын дадлага туршлагатай, ард түмнийхээ зовлонг мэддэг, улс орноо гэсэн сэтгэлтэй хүн маш олон бий. Энэ бүгдийгээ дэмжээд явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Гэтэл намд хандив өргөсөн, сонгуульд нь мөнгө өгсөн хэдэн нөхдөө төрийн яамны сайд болгоод явах нь зөв үү, буруу юу. АН МАН хоёрыг судалгааны үндэслэл дээр удаа дараа харлаа. Нэг их саналын зөрүү гарахгүй, зэрэгцэх шахам явна. Нэг нь түрүүлээд, нөгөө нь шилийг нь дараад явах жишээтэй. Хойно өмнөө ороод бараг л зууай холбох шахам явна. Энэ нь юуг хэлж байна гэхээр энэ хоёр намд хоёуланд нь ард түмэн итгэхгүй байгаа учраас ард түмэн тэнцүү хэмжээний санал өгч байгаа хэрэг.
-Таныхаар бол нам яах ёстой байв?
-Миний бодлоор социализмын үед инженер техникийн ажилчид, бусад залуухан алба хаагчид байсан. Өнөөдөр ийм туршлагатай ахмадуудаар нам өөрөө хүрээлүүлж, тэднээр намын залуу халааг бэлтгэх ёстой байсан. АНУ-ын Харвардын их сургууль төгссөн хүн их ухаантай байдаг бололтой. Би тэнд бас англи хэлний курст суулаа. Тэнд байхад улс орноо яаж хөгжүүлэх тухай бол олж харна. Харин эндээс алийг нь улс орондоо ашиглах вэ гэдэг нь том асуудал. Аль нь манай хөрсөнд тохирч буух вэ. Аль нь болохгүй вэ гэдгээ ялгах хэрэгтэй. Монгол хөрсөнд ургахгүй үрийг авчирч суулгах гээд үйлээ үзээд байхаар яаж болох вэ. Ийм зүйлийг хэзээ ч бараа шиг импортолж болдоггүй юм. Түүхээс харвал Хүннү гүрнээс эхлээд эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улс, 1921 онд бий болсон ардын төр гээд бүгд л төрт ёсыг дээдэлж явсан. Энэ өнгөрөгч бүхий л хугацаанд биднийг чухам юу хорлоод байв гэхээр гаднын нөлөөгөөр л хамаг зүйлээ алддаг байсан. Бид өнөөдөр тусгаар тогтносон, дэлхийн 102 оронтой диполмат харилцаа тогтоосон байна. Дэлхийд мартагдаж байсан Монгол Улсыг эргэж дэлхийд таниулсан юм.
-Таны хувьд эх орны бүтээн байгуулалтад гар бие орлцож яваа бизнесмэн хүн. Нөгөө талаар улстөрч гэж болно. Та МАН-ын Бага хурлын гишүүн, үүрийн дарга хүртэл явсан. Тэгэхээр өнөөдрийн энэ нийгэм эдийн засгийн хямралыг гацаанаас яаж гарах вэ?
-Улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг хараад байхад гурван шалтгааны улмаас ойрын найман сардаа өөрчлөлт орохгүй. Нэгдүгээрт, гаднын хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн орчин алга. Үүнийг хийчих зориг байхгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийг аврахыг тулд одоо үүд хаалгаа бариад байгаа ААН-үүдэд зориулсан хууль алга. Эдийн засгийн эргэлтэд байсан 5000 ААН-ээ яаж хөдөлгөөнд оруулахаа шийдээгүй, мэдэхгүй байна. Гуравдугаарт, Засгийн газар, УИХ хэрэлдээд талцаад хуваагдаад байгаа байдлаасаа нэг өдөр ч гэсэн холдоод ганцхан чигтээ нэгэн зорилгоор хөдлөх хэрэгтэй. Хөдлөхдөө УИХ бид төдөн оны төдөн сард эдийн засгийг ийм болгоно гэсэн шийдвэр гаргаж түүнийгээ Засгийн газарт даалгавар болгож өгөхгүй бол урагшаа хөдлөхгүй. Өршөөлийн хуулийг ч гаргах хэрэгтэй.
-Энэ уруу дорой байдал хамгийн энгийнээр танд яаж харагдаж байна?
-Өнөөдөр харж байхад лангууныхаа түрээсийг дийлэхээ болчихсон. Байр оффис түрээслэж байгаа нь чадамжгүй болчихсон. Одоо хэвлэл мэдээллээс харж байхад байр оффис лангуу түрээслэнэ гэсэн хүмүүс маш олон байна. Өчнөөн хүн орон сууцны зээлд ч хамрагдаж чадахгүй байхад нэг хүн 21 орон сууц авчихсан байх жишээтэй. Энэ олон байрыг ганц хүн түрээслэж байгаа юм. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт зогсчихоор гадаад хүмүүс өндөр үнээр түрээслэхээ больчихсон. Дотоодынхон нь түрээсийг нь дийлэхгүй. Харин дээр ярьсан Өршөөлийн хууль гарснаар энэ байдал ч зохицуулагдана. Энэ хүмүүс үл хөдлөх хөрөнгө олноор нь худалдаж авчихаад өнөөдөр улсад ямар ч татвар төлдөггүй шүү дээ. Орон сууц нэг хүнд нэг л байдаг биз дээ. Яахав, арван хүүхэдтэй хүн хүүхэд бүртээ нэг орон сууц авч өгнө л биз. Олон давхар орон сууны нэг орцыг тэр чигээр нь авчихсан ч хүн бий. Тэгэхээр Өршөөлийн хуулийн нэг зарчим нь эдийн засгийг бодитой байлгах шүү дээ. Хүнд орон сууц, машин тэргээ түрээслүүлж авч байгаа мөнгийг л бодитой болгох юм. Энэ цагт улсын төсөвт орж ирэх мөнгө нь өөрөө хэрэгтэй. Нэг зүйл байна, барилгын салбарыг дэмжих зорилгоор 103 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнийг нь 32 компани авсан. Эд нар тэр мөнгийг идээгүй, бүгд өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж, хамгийн сүүлийн үеийн технологи оруулж ирээд үйлдвэрлэл явуулсан чинь өнөөх бүтээгдэхүүнийг нь авах компани байдаггүй. Яагаад гэхээр эдийн засаг нь хямраад 2014 онд батласан төсвөө 2015 онд 50 хувиар царцаагаад хаячихлаа. Тэгээд 2016 онд хйинэ гэж байгаа юм. Тэр болтол энэ олон компани юугаараа амьдрах юм бэ. Ингээд 50 хувиар царцаачихаар тэр компаниуд бага ажил хийнэ, тэр хэрээр цалин бага авч, амьдрал ядуурна гэсэн үг биз дээ. Тэр болтол энэ олон компани юугаараа амьдрах юм бэ. Ийм байхад бүсээ чангалж байгаа хэдэн компаниуддаа төр зохицуулалт хийж өгөх ёстой байсан. Ийм хүнд үед УИХ, Засгийн газар Нийгмийн даатгалд хандах байсан. Наад ААН, компаниудад чинь бид мөнгө өгөөгүй учраас ямар ч ажил хийгээгүй, бүсээ чангалж байгаа шүү гэдгийг ойлгуулж үүрэг өгөхөд болох л байсан. Тэр төсвийг нь танасан учраас уналтад орчихсон гэдгийг Нийгмийн даатгалд ойлгуулах юм шүү дээ.
-Лавтай сүүлийн 20 жил өдөр шөнөгүй л хөгжил дэвшил ярихын зэрэгцээ ард түмэн минь, эх орон минь хэмээсэн. Өнөөдөр хөгжсөн гэж хэлэхэд нийгэм даяараа чулуудаад хөөх байх, тэр хүнийг. Ерөөсөө л энэ чөдөр тушаа нь гол хоёр улстөрийн хүчинд байгаа юм биш үү. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 20 гаруй жилийн өмнө ийн ярьж суусан нөхөд өнөөдөр ч үүнийгээ давтаад улстөрд сууж байна. Тэгэхээр цэвэрлэгээ хийх болсон гэж харж байна?
-Би МАН-ын Бага хурлын гишүүн байсан. 1996 онд нутаг захиргааны нэгжийн тухай хууль гарч, намууд орон нутгийн бүтцээр зохион байгуулалтад орж ажилласан. Хуучин бол компани дээр МАН-ын үүр байдаг байлаа. Энэ цагаас хойш л Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж ирлээ. Өнгөрөгч хугацаанд би ганцхан л зүйл тэднээс хүсдэг байлаа. Улс орноо яаж хөгжүүлэх вэ, чухам юу дутагдаж байна, бид яаж засах ёстой вэ гэж бодож ирсэн. Хүн болгон үүнийг бодож байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Сингапур улсыг хар. 27 жилийн дотор Азийн бар болсон. Гэтэл Монгол Улс 25 жилийн дотор бахь байдгаараа, эдийн засаг нь уначихсан, гадаад өрөндөө баригдсан орон болчихсон. Би өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Ганхийц” компанийг байгуулж байсан бол өнөөдөр анхдагч есөн үйлдвэр байгууллаа. Монгол Улс импортоор авч байсан есөн бүтээгдэхүүнийг эх орондоо хийдэг үйлдвэр байгуулсан. Энэ би биш, манай “Ган хийц” компанийн инженерүүд болон хамт олон байгуулсан. Би Монголын төрөөс ганцхан л зүйл хүсдэг. Би дарга цэрэг хүсэхгүй ээ, намайг төрийн сайд болох уу гэвэл би үгүй л гэнэ. Надад хэрэггүй. Би Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож, намайг хүн бүхэн дурсдаг тийм л зүйл бүтээхсэн гэж боддог. Тйим л орчин хэрэгтэй байна гэж хүсдэг. Гишгисэн мөрөө эргээд харахад тэнд цэцэг ургаж байхаар л амьдрах хэрэгтэй. Миний хийсэн бүтээгдэхүүнийг хүмүүс аваад баярлаж байвал би эх орондоо хэрэгтэй зүйл хийжээ гэж бодно.
-Та ийм боломж өгөхгүй төртэй байсаар байна гэж хэлэх гээд байна уу. Яагаад?
-Ерээд оноос хойш 25 жилийн турш ард түмэн МАН, АН гэсэн хоёр намыг л сонгож ирсэн. Гэхдээ аль нэгийг ь дандаа сонгоод байсангүй. 1996-2000 онд, 2012 оноос АН гээд бусдад нь МАН төрийн эрхийг атгаж ирсэн. Энэ хоёрыг яагаад нэгээр нь дагнуулахгүй сольж сонгоод байна вэ гэвэл хоёулаа л ард түмэнд таалагдахаа байжээ гэсэн үг. Бодлого нь буруу, үйл ажиллагаа нь болохгүй байгаа учраас л солиод байна. Нам өөрөө ард түмний нэгдэл байдаг учраас энэ нэгдлийг зөв тийш чиглүүлэхгүй бол улс орны хөгжил бүтээн байгуулалт цааш явж чадахгүй. Эргээд харахад АН-ыг 1996-2000 онд төр барьж байх хугацаанд Монгол Улс ядуурсан. Цалингаа тавьж чадахгүй, лангуу нь хоосорч байсан шүү дээ. МАН ч өнгөрсөн хугацаанд ард түмэнд хэрэгтэй үйлдвэр барьсан уу гэвэл үгүй л байхгүй юу. МАН Монголын ард түмэнд загас идэхийг нь зааж өгөөд загас барих аргыг нь зааж өгөөгүй. Хүний ам руу нь хоол хийснээрээ, бэлэн мөнгө тарааснаараа ялалт байгуулдаг байсан бол МАН 2012 онд ялах л байсан. Ард түмэн 2012 онд МАН бүтээн байгуулалт хийгээгүй, хийх ёстой зүйлээ танилцуулж чадаагүй гэдгийг харсан.
-Тэгэхээр АН-ыг чухам ямар шалгуураар сонгосон байж таарах вэ?
-АН-ыг бол хөөрхийдөө нэгэн цагт хэдэн залуучууд зүгээ олохгүй байсан. Одоо ухаан сууж туршлагжсан байж таарна гээд 2012 онд сонгосон хэрэг. Гэтэл АН-ын 1996-2000 онд төр барьж ахуй үеийн үйлдэл нь яг давтагдаад ирлээ. Ахиад ард түмний итгэл алдарсан. Айсуй сонгуулиар хэнд итгэж хэнийг сонгох вэ гэсэн асуудал сонгогч олны өмнө тулгарч байна. Энэ нам доторхи албан тушаалын хэнээрхэл хэрээс хэтэрч, нам доторхи хагарал ч их болжээ. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болоод улс орныг аваад явна гэж ярьдаг. Монгол Улс 1921-1990 он хүртэл нэг намтай, түүгээрээ удирдуулаад бүтээн байгуулалт хөгжлийн төлөө тэмцэж байхдаа дэлхийн 102 оронтой диполмат харилцаа тогтоогоод 18 аймгаа барилгын материалын иж бүрэн парктай болгоод, Эрдэнэт үйлдвэрийг барьж, гуйлагчин ядуугаас зайлуулж хамуу гээд олон халдварт өвчнөөс салгаж байсан юм. Яагаад бид нэг намтай байж болдоггүй юм. Яагаад нэгдмэл санаа зорилготой байж болдоггүй юм.
-Бид хүсч байж ардчилсан нийгмийг сонгож, өнөөдөр энэ замаар яваагаа дэлхийтэй хөл нийлүүллээ гэж бахархаж байна шүү дээ. Бараг л АНУ-тай эн зэрэгцэж байгаа тухай ардчилагчид цээжээ дэлдэж байхад та ухрах тухай ярьж байгаа нь ямар учиртай юм?
-Монгол Улсыг нэг хүн юм уу, нэг нам яагаад удирдаж болдоггүй юм. АНУ олон намтай л байдаг юм байгаа биз. Түүнээс импортолж хулгайлах хэрэг байхгүй. 1990 оны хувьсгал гээд яриад байгаа чинь ардчилал гээч зүйлийг АНУ-аас хулгайлж авчраад социалист нийгмийг задлахын тулд зохион байгуулсан ажиллагаа. Түүнээс биш өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм ардчилал биш. Ардчилал гэдэг чинь хуулиа дээдэлдэг улсыг хэлдэг юм. Өнөөдөр хятад коммунист дэглэмтэй. Гэтэл авлига хээл хахуултай хэрхэн яаж тэмцэж байна. Төр нь төр шиг байж, хууль хяналтын байгууллага нь ном журмын дагуу ажилладаг. Түүнээс бус өнөөдөр хүн алсандаа бус, маргааш хэн нэгнийг шоронд хийсэндээ бус төрт ёсоо дээдэлдэг, хуулиа дээдэлдэг цагт л аливаа улс орон хөгжлийн манлайд хүрнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хууль дээдэлдэг нэг ч хүн байхгүй. УИХ-ын гишүүд нь “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй” гэсэн хуулийнхаа нөөлөгт гэмт хэрэг үйлдэж сууна. Энэ чигээрээ яваад байвал Монгол Улс хөгжих нь бүү хэл баларч таарна.
-Яриад суугаад байх нэг өөр хэрэг. Ямар нэгэн зүйл хийхгүй бол энэ бусармаг зүйл чинь үеийн үед залгамж чанараа хадгалаад цааш яваад байна гэсэн үг?
-Би МАН-ын хүн, энэ намыг сайн бодлого явуулвал дэмжинэ, муу бодлого явуулвал дэмжихгүй, хатуу шүүмжилнэ. МАН, АН-ын ямар дарга байх нь хэнд ч хамаагүй. Адилхан л үгээ хэлнэ. Тусгаар тогтнолын ордонд МАН-аас УИХ-д байгаа 25 гишүүн суугаад бизнес эрхлэгчидтэй уулзахад би босоод үг хэлсэн. Тэр үгэнд эмзэглэсэн хүмүүс намайг МАН-ын Бага хурлаас зайлуулсан.
-Та энэ үеэр чухам юу гэж хэлээ вэ?
-МАН яагаад 2012 онд ялагдсан тухай хэлсэн. МАН бизнес эрхлэгчдээ дэмждэггүй байсан. Яагаад бэлэн мөнгө тараасан гээд нэлээд хэдэн зүйл хатуухан хэлчихсэн юм. Тэгээд л Бага хурлаас намайг зайлуулсан.
-Та эдийн засгийн олон бэрхшээл дунд бизнесийн байгууллага удирдаж ирсэн хүн. Нөгөө талаар “Ган хийц” компанийн 30 жилийн ой тохиож байна. Байгууллагынхаа талаар дурдахгүй юу?
-Миний болон манай байгууллагын нэг уриа бий. “Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчээ нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдлөвөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний чин зориг мэднэ” гэж Д.Сүхбаатарын хэлсэн үгийг уриагаа болгодог. Энэ л зарчмыг бодож өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч ирлээ. Манай компани Монгол Улсын барилгын салбарт төмөр хийцийн анхны үйлдвэрийг барьсан. Анхны сэндвичийн үйлдвэр, анхны металл хийцийн, анхны өндөр байшин болох “Туушин”-гийн барилгыг манайх барьсан гээд дурдвал өнгөрсөн жилүүдийн амжилт овойж харагдах байх шүү.
-Барилгын салбарт анхдагч үйлдвэрлэгч гэж хэлж болох юм байна, тэгвэл?
-Монгол Улсад анхны эрчим хүчний суурийг үйлдвэрлэсэн. Улаанбаатар хотод төвийн бүсийг хамгаалсан, Дорнод аймагт зүүн бүсийг хамгаалах эрчим хүчний тулгуурын үйлдвэрийг барьсан. Хадаасны үйлдвэр, вакум цонхны үйлдвэр барьсан. Хямралтай ч энэ ажлаа чадлынхаа хэмжээгээр явуулж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд чанартайгаар нийлүүлж байна. Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд Европын холбооны улсад мөрддөг стандартыг Монгол Улсад бий болгоод Монгол Чехийн хамтарсан үйлдвэрийг бариад байхад төр ерөөсөө дэмжээгүй.
-Уг нь харахад төр ч тэр, хувийн хэвшлээс гээд байшин барилга их барих юм. Та бүгдийн бүтээгдэхүүнд борлох хэмжээний зах зээл байна уу л гэж харах гээд байна л даа?
-Монгол Улс миний хийдэг бүтээгдэхүүнийг 2013, 2014 онд 1.8 сая ам.доллараар гаднаас худалдаж авсан. Энэ гаалийн бүрдүүлэлт баримтад байна. Энэ нь барилгын төмөр хийц, стандартын бус янз бүрийн зүйл оруулаад ирсэн. Миний үйлдвэрлэдэг эрчим хүчний тулгууруудыг гаднаас оруулж ирэхдээ стандартын шаардлага хангаагүй, чанаргүй зүйл оруулж ирсэн. Уг нь үүнийг оруулж ирэхэд гаалийнхан наад бүтээгдэхүүнийг чинь манайд үйлдвэрлэдэг. Шаардлага хангаж байна уу үгүй гээд шалгах ёстой биз дээ. Энэ зураг дээр баримтжуулаад авсан байна. Баруун гар талынх нь манай хийж байгаа тулгуур юм. Үүнд 24 армуторын төмөр бий. Гэтэл хятадаас оруулж ирж байгаа тулгуурт аравхан ширхэг армуторын төмөр байх жишээтэй. Ийм хямдхан чанаргүй зүйлийг төр худалдаж аваад эрчим хүчээ тавьж байж миний юмыг үнэтэй гээд авахгүй. Энэ нь хямд өртөгтэй зүйлийг төрд шахаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн ажил. Монголд үйлдвэрлэдэг зүйлээ гадаадаас авахаа болиоч ээ. Энэ баримтаа би өмнөх Засгийн газарт дэлгэж өгөхөд авч хэлэлцээгүй. Цаана нь улстөр явж байна. Энэ Даваасүрэн чинь “Ган хийц”-ийнх, МАН-ынх учраас бүтээгдэхүүнийг нь авч болохгүй гэснээр бага дунд шатных нь гаднаас авч байгаа хэрэг шүү дээ.
С.Ууганбаяр