Comment.mn

УИХ АТГ-ын өмнө бөхөлзөх ёстой юу

 

Нийгмийг идээд байсан авилга хээл хахуулийг нухчин дарна хэмээн өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө АТГ-ыг байгуулж байв. Харин өнөөдөртэй золгоход тус байгууллага нь жанжин шугамаасаа  хазайж улстөрийн захиалга биелүүлдэг байгууллага болчихжээ гэх шүүмжлэлийг дагуулах боллоо. Энэ захиалгын хүрээнд албан тушаалтнууд болон бизнесмэнүүдийг ямар ч нотлох баримт, шүүхийн тогтоолгүйгээр барьж хорьдог л газар боллоо гэх. Тэр ч бүү хэл сүүлдээ өөрсдөө хянаж, зохицуулж байх ёстой УИХ нь ч АТГ-аас айдаг боллоо гэсэн шуугиан ч дэгдэв. Энэ тухайд жишээлсэн баримтыг үүний төгсгөлд өгүүлэх болно.

 

Тухайлбал, хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилж хорив. Тэрээр ямар ч хэрэг тариагүй гэдгээ удаа дараа батлан хэлэхийг оролдож байгаа. Мөн “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг барьж хорьсон. Арай гэж суларсан ч өдгөө гадагшаа гарах эрхийг нь хаахаас эхлээд тал талын дарамт байгаа гэдгийг ч албан бус  эх сурвалж хэллээ. Л.Гансүхийн хувьд ч тийм гээд хэлчих хэрэг өдүүлээгүй гэдгээ хэвлэлээр хэлсэн.

 

Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар дээрх эрхмүүдийг баривчилж хорьсон шалтгаан нь цэвэр улстөр. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “алтангадас”-ыг бүр мөсөн дарж авах гэсэн ажиллагаа ч хэмээн тайлбарлах хүмүүс цөөн бус байгаа.

 

Тухайлбал, Я.Батсуурь урьдчилан хорих төвөөс бичсэн захидалдаа “…Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна…” хэмээсэн. Насаараа диполматч байж, УИХ-ын гишүүнээр ажилалж байсан хүн ийн хэлсэн болохоор түүний үг үнэнд дөхөж очно. Л.Гансүхийн хувьд төрд хариуцлагтай алба олон жил залгуулж, төрийн сайд, УИХ-ын гишүүнээр ч улиран ажиллаж байсан хүн.

 

Тэрээр Ерөнхийлөгчид бичсэн захидалдаа “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм. Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо” гэсэн нь нэгийг хэлж, хоёрыг ухааруулж таарна.

 

Уг нь АТГ гэх байгууллагыг УИХ-аар байгуулж дарга нарыг нь УИХ-аар томилдог ч өнөөдрийн байдлаар лавтай УИХ-ын толгой дээр гараад суучихаж гэсэн ойлголтыг өгч байна. Энэ тухайд би жишээлсэн баримтаа энд өгүүье. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг баривчлах үед маш олон хууль зөрчсөн гэдгийг эх сурвалж хэлсэн. Түүнийг асуух тодруулах нэрийдлээр АТГ-т ирэхийг удаа дараа шаардаж, ойр ойрхон утасджээ. Л.Гансүх ингээд ямар нэг зүйл саналгүйгээр очтол шууд л баривчлах тухай яриа өрнүүлсэн байна. Тэрээр гайхаж баривчлах тухай шүүхийн тогтоол үзүүлэхийг шаардахад “байхгүй” гээд барихаар улайрсан байна.

 

Иймд Л.Гансүх хууль журмынхаа дагуу ажлаа явуулахыг хүсээд АТГ-аас гарч явахад УИХ-ын гишүүн Д.Арвин, “ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран” Б.Наранхүү нартай тааралджээ. Тэдэнд өөрийг нь хууль бусаар баривчлах гээд байгаа талаараа тайлбарлаж зогстол АТГ-ын төлөөлөгч болох хэдэн залуус гүйлдэн гарч ирээд шууд л түүнийг баривчлахаар дайрчээ. Энэ үед Л.Гансух “Та нар УИХ-ын гишүүдийн өмнө намайг шүүхийн шийдвэргүйгээр хууль зөрчиж баривчиллаа шүү” хэмээхэд “Та нарын хэн байх хамаагүй, бид нар баривчилна гэснээ баривчилна” гээд баривчилсан байх юм. Цаад гурван “мануухай” нь ч гэж дүүрсэн амьтад. Уг нь хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхт гишүүд шүү дээ. Өөрсдөө худалч хулгайч биш л бол дуугүй зогсоод байхгүй баймаар.

 

Энэ явдал нь үдийн 12 цагийн үед өрнөсөн бөгөөд өмгөөлөгчийг нь ирэхэд “Энд байхгүй” гэж худал хэлэн буцаажээ. Ийнхүү бараг өдөржин гавлаатай байсан түүнд орой 18 цагийн үед, ажил тарсны хойно баривчлах шүүхийн тогтоолыг нь уншиж танилцуулжээ.

 

Энэ мэт зүйл дурдаад байвал олон л байж таарна. Тэгэхээр хүний эрхийг дээд зэргээр зөрчиж, хуулиас дээгүүр аашилж байгаа АТГ-ын нэр бүхий төлөөлөгчдийг УИХ өөрийнхөө дэргэдэх байгууллагын хувьд дуудаж, хариуцлага тооцохгүй бол хэн дуртайгаа баривчилж хорьдог нь хэрээс хэтэрч байна шүү гэж хэлэхээс өөр арга алга. Харин хэллээ гээд Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, Д.Арвин нар шиг айгаад сүүлээ хавчаад зугтвал яах билээ гэдэг асуудал ч босч таарна.

 

 

А.Гал

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.