Эх орны дайны үед ЗХУ-ын Ази дахь цорын ганц холбоотон улс байж, бүхий л нөөц бололцоогоо дайчилсан БНМАУ-ын/тухайн үеийн нэршил/ өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их ялалтын 70 жилийн ойн баярт оролцож буй төрийн тэргүүнүүдийн эрэмбэд Путины ард II эгнээнд, II зэрэглэлд зогсжээ. Харин Путиний хоёр талын хүндтэй байр Хятадын Си, Казахын Назарбаев хоёрт ногдсон байна.
Ер нь олон улсын томоохон уулзалт, арга хэмжээнүүдийн үеэрх төрийн тэргүүнүүдийн байршил, зогсолтын цаана ч улс төрийн бодлого, хандлага илрэх нь бий. Ц.Элбэгдорж яагаад II эгнээнд зогсож, яагаад Назарбаев, Си нар Путиний дэргэд шадарлана вэ? Монголчууд бид тэднээс бага хувь нэмэр оруулсан гэж үү?
Олон нийтийн сүлжээнд буй зарим мэдээллийг үзвэл үүнд бага зэрэг эмзэглэж буй өнгө аяс байна. “Уг нь бид чинь энэ их ялалтад оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх бүхнээ тооцвол тэргүүн эгнээнд зогсож байх учиртай шүү дээ. Бид тоогдсонгүй. Орос Их гүрний дээрэнгүй үзэл гаргалаа” гэх мэт. Үнэхээр ч тэргүүн эгнээнд залрахад бидний зүгээс ер гайхах зүйлгүй мэт сэтгэгдэнэ.
.
Гэвч, бодит байдал арай өөр юм.
НЭГД:
Эх орны их дайны ялалтад Казах болоод Хятад улсуудын оруулсан хувь нэмрийг сонирхож үзье.
КАЗАХЫН ТУХАЙД:
Казахын хувьд тухайн үед ЗХУ-ын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг болсон БНУ байв. Тэд Монголоос илүүгээр хамаг хүч нөөцөө Эх орны дайнд зарцуулсан байна. Эх орны дайны үед Казахстаны 5 хүн тутмын нэг нь буюу 1, 2 сая хүн фронтод явсан. Казахстан иргэдээс 12 буудлагын дивиз, 4 морьт дивиз, /үүнээс нэг нь цэвэр казах үндэстнээс бүрдсэн/, 7 буудлагын бригад фронтод тулалдаж байжээ. Мэдээж хэрэг тэдний нэлээд хувь нь орос үндэстнүүд… Москваг хамгаалах тулаанд шалгарч, домог болсон Панфиловын дивизийнхэн Казахстанчуудаас бүрдэж байж. /Казахуудаас биш шүү/. Дайны жилүүдэд үйлдвэрлэсэн нийт сумны 5-ны дөрвийг нь Казахстанд хийж байсан гэдгээрээ тэд бахархдаг. 1941 оны сүүлээр нөхцөл байдал хүндрэхэд ЗХУ-ын гол гол аж үйлдвэрүүдийг арагш нь, фронтын гүн ар тал руу шилжүүлэхэд Казахстанд 140 гаруй үйлдвэрийг шилжүүлж, 460 гаруй үйлдвэр завод, цехийг шинээр барьжээ, гэх мэт…. Тэд мөн л бидний адил “БҮХНИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТАД” гэсэн уриан дор ажиллаж, 5 тэрбум орчим рублийг фронтод зориулсан байна.
ХЯТАДЫН ТУХАЙД:
Тухайн үед Хятадууд Гитлерийн германий гол холбоотон япончуудтай аль 1937 оны 7 сараас 1945 оны 9 сарын хүртэл тасралтгүй 8 жил хатуу ширүүн тулаан тэмцэл хийжээ. Тэр хэмжээгээрээ Японы 4 сая орчим хүнтэй их хүчийг барьж байсан байх юм. Энэ дайнд хятадууд 3.2 сая цэргийн хүчээ, нийт 7.7 сая гаруй хүнээ алдсан байна.
*
ХОЁР:
Өнөөдрийн улс төрийн бодлогыг Оросын өнцгөөс харвал Хятад, Казахын ерөнхийлөгчид Путины хоёр талд зогсож буйд нэг их гайхах юмгүй мэт.
КАЗАХЫН ТУХАЙД:
Казах улс нь хөгжлөөрөө Дундаж Азийн гол тоглогч болон гарч ирсэн. Тэд Барууны үзэл суртлын эсрэг хийж буй шинэ үеийн хоёрдугаар шатлалын ХҮЙТЭН ДАЙН-д Оросын талд баттай зогсож буй. Ази, Ойрхи Дорнод төдийгүй дэлхийд ч Назарбаев өндөр нэр хүндтэй, жин нөлөөтэй удирдагч.
ХЯТАДЫН ТУХАЙД:
Хятад дэлхийн том гүрэн болоод байна. Цаашид тэдний хүч нөлөө улам өсөх магадлалтай. Хэрвээ Орос АНУ тэргүүтэй Барууны ертөнцтэй шууд цэрэг зэвсгээр шөргөөцөлдвөл оросын талд Хятад бат найдвартай зогсох магадлал маш өндөр… Өнөөдөр өрнөж буй Шинэ үеийн хоёрдугаар шатлалын хүйтэн дайнд, Улс төр-Эдийн засгийн шөргөлцөөнд ч Хятад улс Оросын талд байна. Мөн дэлхийн улс төрийн тавцанд Си удирдагч хүчтэй, нөлөөтэй том фигүр.
.
*
Харин БИДНИЙ хувьд тухайн цаг үед ЗХУ-ын Ази дахь тусгаар тогтносон ганц найдвартай холбоотон нь мөн ч өнөөдөр улс төрийн байр суурийн хувьд оросын талаас харвал ихээхэн эргэлзээтэй байх нь аргагүй мэт.
Энхийг дэмжих зорилготой олон улсын хамтарсан сургууль нэртэй ч үнэн хэрэг дээрээ АНУ-ын бодлогыг дэмжсэн “Khaan Quest”- “Хааны эрэлд” цэргийн хамтарсан сургуулийг эх нутаг дээрээ хэдэн жил дараалан хийсэн.
Тэр ч бүү хэл монголд АНУ-ын цэргийн бааз байгуулах тухай ч яриа гараад амжсан.
Оросын хувьд өнөөдөр Монголын улс төрийн гадаад бодлого тодорхой биш, эргэлзээтэй, ялангуяа АНУ талыг идэвхтэй барьдаг АН намыг эрх барьж байх үед энэ эргэлзээ нь улам тод болж, илэрдэг.
Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсын олон улсын тавцанд гүйцэтгэж буй улс төр, эдийн засгийн үүрэг, нөлөөлөл юу билээ? Хөгжлийн чадамж ямар түвшинд байгаа вэ? Хятад, Казахтай харьцуулвал ямар вэ? Манай Ерөнхийлөгчийн нэр нөлөө юу билээ?
Бодит байдал нэг иймэрхүү.
Их ялалтад оруулсан Монголчууд бидний хувь нэмрийг үнэлээгүй биш үнэлсээн. Бид зохих эрэмбэндээ, байх ёстой дэсдээ л байгаа харагдана. Харин нэгэн цагт бид хөгжөөд, хүчирхэгжээд, үнэлэгдэж, хүндлэгдэж, нэгдүгээр эгнээнд уригдан залагдах цаг ирнэ л гэж найдаж байна.
За тэгээд геополитк мэддэг нь нарийн ширийн зүйлсийг тодруулж, ялгаад тайлбарлана биз ээ.
Б.Номинчимэд
Эх сурвалж: www.dorgio.mn