Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэв. Уг арга хэмжээ 11 дэх удаагаа болж буй аж. Энэ үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудаас гадна 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэд хамтран долоон төрлийн 3000 гаруй мод тарив. Мөн “Парламент” төгөлтэй боллоо. Харин Баянзүрх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжүүд Баянзүрх хайрханд мод тарьжээ. Тус дүүргээс УИХ-д сууж буй Ж.Батзандан Баянзүрх хайрханыг ойжуулах аяныг өрнүүлж байгаа аж. Тэрбээр “Бид энэ удаа 500 мод тарилаа. Баянзүрх хайрхан хэдэн жилийн өмнө битүү модтой байсан. Харамсалтай нь түймэр, гамшиг, хүний хариуцлагагүй үйлдлээс болоод модгүй болсон. Тиймээс унаган төрхөнд нь оруулахын тулд тасралтгүй, дэс дараатай олон арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn