Цагдаагийн албан хаагч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчсөн, эрүүдэн шүүхийн завдсан гэсэн гомдол ирсний дагуу Хүний эрхийн комиссоос тус албан хаагчийг шалгасан гэж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх талаарх 14 дэх илтгэл”-д дурдсан.
Мөн гомдлыг шалгаад прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон гэж бас мэдээлсэн. Гэвч сүүлийн үед мөрдөн байцаагч хэрэг мөрдөлтийн үед сэжигтнийг болон гэрчийг дарамталсан, эрүү шүүлт тулгахыг завдсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болов. Эдгээр мэдээлэл нь хэр үндэслэлтэй болохыг албаны эх сурвалжаас тодруулсан юм.
“Налайх дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч М, иргэн М, Г нарыг сэжигтнээр татсан хэргийг шалгах явцдаа буу тулган сүрдүүлжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь худал мэдээлэл байжээ. АТГ-аас “Мөрдөн байцаагч “М” нь сэжигтнүүдийг хууль зөрчин дарамталж, буу тулган сүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг шалгаж, дүүргийн 4 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэжээ.
Мөн дээрх гомдолд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл тогтоогдоогүй аж. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй “Г” нь гомдол гаргасны дагуу түүнтэй биечлэн уулзаж нөхцөл байдлыг тодруулсан” гэх мэдээллийг шалгахад иргэн Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ огт аваагүй, дээрх мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон гэдэг мэдээллийг өгсөн. Өөр нэг жишээ, Х, О нар бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдахдаа мөрдөн байцаагч С, бидэнд эрүү шүүлт тулгасан гэсэн гомдлыг гаргажээ.
Уг гомдлын үнэн мөнийг тогтоохоор УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж, Дүүргийн 3 дугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч “Х” нарын бүлэг этгээд бусдын эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр бүлэглэн хулгайлсан 16 холбогдогчтой 30 хавтаст хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан ба одоо ч Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Т, А нараас мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Э нар “бидэнд эрүү шүүлт тулгасан” гэх гомдлыг шалгажээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй учир гомдлыг Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч нар урьд нь цагдаагийн байгууллагад удаа дараа шалгагдан, шүүхээс 2-3 удаа хорих ялаар шийтгэгдэн хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд байжээ. Эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл Б гэгчийн гаргасан уг гомдлын дагуу УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгахад дээрх асуудал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн аж.
Мөрдөн байцаагч сэжигтэнд эрүү шүүлт тулгаад байна гэсэн асуултад хууль сахиулах байгууллагаас дээрх хариултыг өгөв. Тэгээд ч сэжигтэн эрүү шүүлт тулгасан, дарамталж, сүрдүүлсэн, хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдсон тохиолдолд мөрдөн байцаагч өөрөө буруудах болох зохицуулалт хуульд бий. Гэмт хэргийн зарим сэжигтнүүд хэрэг нь илэрч, үнэнд гүйцэгдэхийн үед хугацаа хожих эцсийн аргаа хэрэглэж байцаагчаа гүтгэх нь ажиглагдаж байна гэдгийг албаны эх сурвалж ярьж байсан.
Г.Мягмарсүх