Хамтарсан засгаас гарна гэж айлгаж эхэлсэн МАН-ынхан, Засгаас гар хэмээн зандарсан АН-ынхан гээд өнгөрсөн долоо хоногт Төрийн ордон дотор ширүүхэн маргаантай хоногууд өнгөрсөн юм. Их ажил хийж, эвлэрч ойлголцсон хоёр намын хувьд тохироо хийж засагт хамтарсан хэрнээ одоо болохоор нэгнийхээ хийх гэсэн, санаачилсан ажлыг үгүйсгэж, нэгнээ дарамтлан “Гарлаа, орлоо” хэмээн айлгаж төрийг тоглоом болгож байгаад иргэд болон бусад намууд, зарим нэгэн улс төрч ихэд эгдүүцэж байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сөрөг хүчнээ хүчтэйхэн шүүмжилж, Ардын намынханд ад шоо үзэгдэж эхлэв.Тэрбээр хэсэг хугацаанд тэвчээр заан чимээгүй суусан байсан бөгөөд ийнхүү хүчтэй дуугарч, АН-ын 2012-2014 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед “МАН-ынхан Засгийн газарт хоноцын сэтгэлгээгээр хандаж болохгүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр эртхэн шиг зайгаа тавьж өгөөд гараад явсан нь дээр. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хангаж эрчимжүүлэх мөрийн хөтөлбөрийн тогтоолыг дэмжихгүй гэж байна. Ингэж байж яаж та нар хамтарч засаг барьдаг юм. Эцсийн эцэст АН л хариуцлага хүлээнэ шүү.
Юм ярихаараа эсвэл хоёр толгой заадаг, эсвэл мөнгө ярьдаг л хүмүүс боллоо. Шалтаг, шалтгаанаар ажил зогсоож болохгүй. Хоёр Энхболд хамтраад ажил хийвэл хий, хийхгүй бол боль” гэжээ.
Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар удахгүй онхолдохыг шулуухан хэлчих шиг болов. Засгийн газар дахь МАН-ын сайд нар “Эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байна. Сангийн данс улайж эхэлсэн. Яаралтай шийдвэр гаргахгүй бол оройтлоо” хэмээн намынхандаа сануулсан аж. Товчхондоо хувьсгалын тохироо, тэгэхдээ маш муу тохироо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тойрон эргэлдэж эхэлсэн юм. Хэрхэхийг тэнгэр биш “МАНАН” л шийдэх болсон доо. Эх сурвалж www.wikimon.mn