Цэргээс тодорсон цөөхөн нэртэй уран бүтээлч бий. Цэрэг эрийн хатуу чанга дэглэм дунд ард түмнийхээ сонсох дуртай олон сайхан дууны аялгууг зохируулахын зэрэгцээ өөрөө дуулж, амьдарч, бас гуниж, баясч, түүнээсээ хөг авч явна гэдэг тэр болгон хүнд заяах тавилан биш байх. Ийм ачааг дааж явах сэтгэлийг бурхан цаанаасаа хөглөж өгдөг биз ээ. Ард түмнийхээ зүрх сэтгэлд олон сайхан дууг эгшиглүүлж түүндээ хөтлөгдөн яваа нэгэн эрхмийг уншигч олонтойгоо уулзуулж байна. Түүний анхны бүтээл болох “Настан буурал эмээ” хэмээсэн сайхан дууг нэрлэхэд ард түмэн танина. Тиймээс эх орноосоо төрж, цэргээс өсч өндийсөн Монгол Улсын гавьяат жүжигчин, цэргийн бэлтгэл хурандаа Нанзадын Чулуунхүүтэй ярилцлаа.
-Урлагийн сургууль төгсөөд цэргийн газар ажиллаж алдарт хүрсэн хүмүүс бол олон бий. Таны хувьд анхнаасаа л цэрэг байсан. Яаж яваад цэргийн өдөр тутмын амьдралаас урлаг руу хальтирчихдаг байна вэ?
-Багаасаа л дуу хөгжимд сонирхолтой байлаа. Би тухайн үеийн цөөхөн сургуулийн нэг Хөдөө аж ахуйн дээдэд байхдаа сангийн аж ахуйд явсан. Тэр жил цэрэг татлага болохоор нь ямар оюутан хүнийг цэрэгт татах биш гээд л бөөнөөрөө давхиад ирсэн чинь цэрэгт татаад л шууд цэргийн хүн болчихсон. Зарим нь Сүхбаатарын талбай дээрээс зугтаж байсан даа. Тэгэхэд одоо шиг харилцаа холбоо хөгжөөгүй байсан цаг. Гэрээдээ хэл дуулгаж би цэрэгт орлоо гэж бичихдээ алдаад би хэрэгт орлоо гээд бөөн юм болж байлаа. Завханаас манайхан ирж хөглөж байлаа. Цэргийн албанд олон жил зүтгэхдээ хөгжим дуугаа орхиогүй шүү. Би ч эрт тэтгэвэрт гарсан, тиймээс ерээд оноос л уран бүтээлдээ шаргуу орсон доо. Багаасаа л дур сонирхолтой, байгалиас авч төрсөн бүгд маань урлагаас хөндийрүүлээгүй биз ээ.
-Энэ нь хэдэн он бэ. Тухайн үед чинь сургууль цөөхөн, дээд сургуульд сурч байгаа хүнийг цэрэгт татдаггүй байсан биз дээ?
-Жараад оны сүүлээр юм. Тэр үед дээд сургуульд суралцаж байгаа хүнийг цэрэгт татдаггүй байсан л даа. Хамгийн гол нь тухайн цагт эх орноо хамгаалах үйлсэд чухал чухал объектууд болох холбоо, бусад техник хэрэгслүүд дөнгөж орж ирж байлаа. Үүнд л сайн мэргэжилтэн хэрэгтэй болохгүй юу. Тухайн үед Засгийн бодлого ч сайн байсан байгаа юм. Мэдээж захын нэг нөхрийг түүнд сургаагүй, тусгай бодлогоор дээд сургуульд сурч байсан болон төгссөн залуучуудыг сургаж байсан юм. Тэр олон боловсролтой залуучуудыг ихэнхийг нь зүгээр орхиогүй. Дандаа сургуульд сургасан. Төрийн бодлого л гэж энэ байх даа. Энэ бол Монголын армийн түүхэнд цоо шинэ үзэгдэл байсан юм.
-Урлаг бол нэг талдаа их харгис ертөнц. Хүний залуу нас, авьяас чадварыг харамгүй ашиглачихаад цагаа болоход орхидог юм шиг ээ. Гэтэл та 60 дөхөж байж залуусын хамт нэр нь яваад байх юм?
-Чиний асууж байгаа үнэн. Хүнийг 50 гараад ирэхээр энэ Чулуунхүү хийдгээ хийж авдаг алдраа авсан одоо ч яахав дээ, залуучуудтай ажиллая гэх хөгжмийн зохиолч олон. Харин энэ нь надад нэг их мэдрэгддэггүй. Яагаад гэвэл би дуулахаас гадна хөгжим бичдэг. Тиймээс би дуугаа өөртөө зориулаад л бичээд өөрөө дуулахад хүнд хүрдэг л байхгүй юу. Би хэзээ ч дуугаар цангахгүй хүн. Бямбабаяр ямар сайндаа энэ Чулуунхүү ах гандан буурахгүй шүү гэж байсан.
-Одоо энэ С.Жавхланг ч юм уу, Т.Баясгалан гээд олон залуучуудыг хит дуучид гэдэг. Тэгэхээр та арга байхгүй нэгэн үеийн хит дуучин байсан. Энэ талаар дурсахгүй юу?
-Би ерээд онд уран бүтээлдээ шаргуу орсон гэж дээр хэлсэн. Тэр үед би МҮЭСТО-нд тоглолтоо долоо хоног хийхэд дүүрэн байдаг байсан. Түүний дараа залгуулаад Офицеруудын ордонд хоёр өдөр тоглоход хүмүүс хаалга эвдэж байсан. Тэгэхээр нөгөө хит гэдэг нь байсан байлгүй. Намайг Монголын радио, телевиз л олонд таниулсан. Одоо миний дуулсан дууны концертыг өглөө явуулахад үд хүргэх хэмжээний юм радиогийн алтан фондод бий. Мөн дуулснаас гадна аяыг нь бичсэн дууг явуулахад нэг өдөржин явах хэмжээний юм алтан фондод бий. Тухайн үед радио телевизид дуугаа бичүүлэх гэж бөөн юм болдог байлаа. “Сандуйтай мод” гэхэд л 28 бадаг дууг бараг 30-аад минут хөгжимчидтэй шууд дуулдаг байсан. Нэг, хоёр алдлаа л бол хөгжимчид ч тэр, найруулагч ч тэр уурлаад болихоос өөр аргагүй. Тэгэхээр 30-аад минутын турш алдалгүй дуулах шаардлгатай байлаа.
-Тухайн цагт ам барьж байсан биш, 30-аад минутын бичлэг гэж яггүй юм байсан байх даа. Одоо бол техник хөгжсөн зовох юмгүй шүү дээ?
-Одоо ч санаа зовох юмгүй болж дээ. Техник хөгжсөн өөрт зовлонгүй. Одоогийн эд нар ч дээ тэр зовлонг дайраагүй болохоор сайн мэдэхгүй юм. 30 минутын турш дуулаад гарч ирэхэд хамаг биений хөлс шуурчихдагсан.
-Гэхдээ л таныг 50 шүүрэх насандаа авсан цолыг түрүүчээсээ хүртлээ шүү дээ?
-Аль аль нь авах л залуучууд. Арай л эртэдлээ дээ. Нөгөө талаар тэд ямар нэгэн урлагийн байгууллагт ажиллаагүй. Түүний амтыг мэдрээгүй л байхгүй юу. Би бага зэрэг харамсаад байгаа юм. Монголдоо анхны рок дуурийг бичсэн С.Тарва, хөгжмийн зохиолч Д.Бямбабаяр, С.Батмөнх, Эрдэнэчулуу, Ц.Буян-Орших гээд дунд үеэсээ мултарсан хэдэн сайхан авьяастнууд байна. Нас намба, хийсэн бүтээснийг нь бодсон ч эдэнд өгөхөд яадаг юм бэ гэж боддог.
-Манайд угаасаа шагналын үнэ цэнэ гэдэг утгагүй болсон эд. Хамтарч уран бүтээл хийдэг яруу найрагчидттайгаа үе үе дөрөө харшуулна биз дээ?
-Харшилгүй яахав. Тэдэнтэй суухад цаанаа л нэг гэгээлэг. Хүнд шинэ соргог юм дуулгаж, хүнийг хөглөж явдаг улс. Би Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржоос эхлээд Б.Лхагвасүрэн гээд олон яруу найрагчидтай уран бүтээл хийсэн. Эдэн дотроос Ц.Чимэддорж, Ц.Сайннямбуу хоёртой түлхүү уран бүтээл хийсэн байдаг юм. Хамгийн сүүлд СГЗ Л.Хуушаан ахтай хамтарч “Суварга хайрханы дуу” гэдэг дууг хийгээд байна. Шагналын хувьд бол утгагүй гэдэг нь үнэн. Манай Ц.Чинзориг агсан “Тав давсан бөх байр машин аваад байх юм. Гэтэл би нотны хувьд 10 давчихсан хүн дээ” гэж байж билээ. Энэ бол үнэн үг шүү. Манай Л.Мөрдорж багшийн дуугаар Монгол Улс өглөө сэрж, орой унтдаг. Гэтэл тэр хүнд байр машин бүү хэл юу өгснийг эс санана. Тэр Б.Дамдинсүрэн, Д.Дамдинсүрэн, Г.Бирваа тэд юу авсан юм бэ. Ийм л байна даа.
-Таны хувьд төрийн шагналаас хэд хэдэн удаа буцсан дуулддаг. Ямар учир байв аа?
-Намайг Завханаас ч тэр, энэ тэндээс шагналд тодорхойлж л байсан. Гэтэл яг авах гэхээр гацаад байсан, тэр нь урлагийн байгууллагад ажиллаагүй гэсэн шалтаг байсан. Тэгэж ярих юм бол одоо энэ залуу гавьяатууд урлагийн бүү хэл ямар ч байгууллагуудад ажиллаагүй л байхгүй юу.
-Батлан хамгаалах ч юм уу, цэргийн газраас тодорхойлоогүй юм уу?
-Би цэргийн газар насаараа ажилласан. Гэхдээ л намайг дэмжээгүй гэж хэлж болно. Би армиас алдар аваагүй. Сүүлд Жадамба генерал хөөцөлдсөнийг үгүйсгэхгүй. Намайг тэтгэвэрт гарахад Жадамба генерал хэдэн жилдээ ажилла гээд их дургүй байсан.
-Танай охин бас л урлагийн хүн, нэртэй хөгжмийн зохиолч болчихсон. Удам дагасан авьяас байх. Охинынхоо талаар?
-Мөнхжаргал бол хөгжмийн сургуулийг шат дараалалтай бүгдийг нь төгссөн хүн. Одоо ч суралцаж байна. Тиймээс тэр хүн сайн хөгжмийн зохиолч байх ёстой. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд л СУИС-ийн дуулаачийн ангид нэгээрээ тэнцсэн юм. Сүүлд нь хөгжмийн найруулагчийн анги болгосон. Түүний дараа хөгжмийн зохиолч Т.Соронзонболд дээр таван жил суралцсан. Одоо ОХУ-ын Санктпетрбургийн Римски Корскозын нэрэмжит хөгжмийн сургуульд сурч байна. Түүнээс гадна түүнд мэдрэмж, авьяас байна. Тэгэхээр сайн хөгжмийн зохиолч болно. Хөгжмийн зохиолч хүнд хөгжмийн сайн боловсрол, мэдрэмж, авьяас байхад болно. Тэр бүгд миний охинд бий.
-Яагаад дуулаачийн ангийг нь сольчихсон юм бэ. Түүнээс хойш дуулж эхэлсэн залуучууд гавьяат болчихлоо. Тэгэхээр аав охин хоёр гавьяат зогсож байх ч байсан юм билүү?
-Боддог л санаа. Би л солиулчихсан юм. Уг нь энэ Т.Баясгалан эд нараас өмнө гарсан, сайн ч дуулдаг л байсан даа. Анх СУИС-д шалгалт өгөөд би нэгээрээ тэнцчихлээ ааваа гээд бөөн баяр ирсэн. Би аан баярлалаа л гэсэн. Гэтэл тэр аав та яагаад дурамжхан байгаа юм бэ гэхээр нь би, чи дуучин болж чадахгүй гэсэн. Тэр яагаад гээд л сонин болж билээ. Тэгэхээр нь чи нэгдүгээрт намхан нуруутай, дуучин хүн чинь тайзан дээр бүхий л талаараа тэгш байх ёстой. Хоёрдугаарт чиний хоолойны бяр муу гэж хэлсэн. Өнөөх чинь уйлаад сүйд. Тэгээд хоёулаа өдөржин ярилцаж шийд гаргасан.
-Аав охин хоёр чухам юу ярьсан нь сонин байна?
-Миний охин чи хэзээ ч дуулж болно. Гагцхүү хөгжмийн боловсролыг олно гэдэг амаргүй. Тэр тусмаа эмэгтэй хүн насны эртэд боловсрох хэрэгтэй. Чи дууллаа гэхэд телевиз, радиогийн нэг сайхан дуучин л байна. Цэргийн боловсролтой, цэргийн албанд насаараа зүтгэсэн аавыг нь яагаад дуучин Чулуунхүү гэж хүндлээд байгаа юм. Чиний хоолойг бодвол аавынх нь хоолой бяртай шүү нөхөр минь. Тэгэхээр дуучин болоход оройтохгүй, урлагийн хүнд хөгжмийн боловсрол шиг хэрэгтэй юм байхгүй гэсэн дээ.
-Одоо тэгээд эзэмшсэн мэргэжилдээ охин чинь сэтгэл хангалуун байх юм уу. Дуулж мөнгө олох хавьгүй дээр санагдах юм. Хөгжмийн зохиолч болсны үр ашиг байв уу?
-Хангалуунаар барах уу, бүр зовлон жаргалыг нь мэдэрсэн уран бүтээлч болсон. Тэр Ч.Лодойдамбын “Шаргачин” зохиолоор нэгдүгээр симфонио бичсэн. Үүнийг бичих гэж их ч зүдэрсэн. Унтахаа болиод их шаналсан. Тэр бүтээл нь хөгжмийн зохиолч хүн томоохон хэмжээний уран бүтээл хийхэд ямар байдгийг мэдрүүлсэн дээ. Үүнийг бичихэд П.Хаянхярваа багш их тусалсан даа. Охиныг маань симфонио тоглуулж дуусаад сууж байтал Б.Шарав ирээд “Миний охин наадхийг чинь эмэгтэй хүн бүү хэл эр хүн ч зовж хийдэг ажил, Монголд анхны симфони бичсэн эмэгтэй хүн боллоо шүү дээ. Одоо эндээс гарах гарц байхгүй шүү” гэж урам хайрласан юм билээ. Манай Б.Шарав чинь мундаг амьтан даа.
-Мэргэжлийн хүрээнд томоохон хэмжээний бүтээл хийнэ гэдэг их амжилт, таны хувьд бол их баярлаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн хэмжээний том бүтээлийг тусгай бүртгэж аваад БСШУЯ-наас шагнал авдаг юм билээ. Түүнийхээ мөнгийг авахаар нь би бага зэрэг туслаад машин аваад хүрээд ирэхгүй юу. Тэгэхээр нь би миний охины хөгжмийн зохиолч болох анхны гараа чинь энэ шүү, өөр олон шагнал, нэр хүнд хүлээж байгаа шүү гэж хэлсэн.
-Тэгэхээр тэр юу гэж байх юм?
-Ааваа надад тэр шагнал энэ тэр хэрэггүй. Одоо би жинхэнэ хөгжмийн зохиолчийн жаргал зовлонг мэдэрсэн. Тэр нь л болно гэж хэлсэн.
-Чулуунхүү гэдэг хүнтэй уулзаж байж, Мөнхжаргал гэдэг хүний тухай баахан яриулчихав уу. Хөгжмийн зохиолчийн жаргал зовлонг танаас асуух юун. Харин хөгжмийн зохиолчдоос жаргал зовлонгоо хуваалцдаг нөхдийн тухай?
-Манай талийгаач Ц.Чинзориг, Х.Билэгжаргал нар байна. Мөн энэ Б.Шарав гээд олон сайхан найз нар бий. Чинзориг манайхаар ирж очоод, хонож өнжөөд явдаг байсан. Би нэг муу “69” машинтай түүний кабинаас салахгүй дээ. Бие биеэндээ их ч хөг өгсөн.
-Та олон шавьтай биз дээ. Таны шавь Бямбажавын талаар янз бүрийн юм ярих л юм. Яаж шүү аж төрж байна даа?
-Миний шавь бол одооны энэ залуучуудыг бодвол жинхэнэ дуучин хүн. Гавьяат болчих хүн байхгүй юу.
-Яагаад?
-Яагаад гэвэл Бямбажав бага залуугаасаа намайг дагаж яваад сайн дуучин, ард түмний танил болсон хүн. Би түүнийг сайн мэднэ. Хэмжээ, өнгө сайтай, эвтэй, донжтой хоолойтой дуучин. Юмыг маш сайн тогтоодог. Түүнд олон сайн чанар бий. Даанч бор дарсанд их дуртай. Би цэргийн хүн болохоор түүнийг хатуу гараар чанга барьдаг байсан. Надаас ч их айна. Шавийгаа сайн сайхан явуулахын төлөө их л хөөцөлдсөн. Энд тэнд дарга нартай уулзахад урам авч уран бүтээлээ хийж амьдралаа зохицуулаг гэхдээ түүний тухай ярьдаг юм. Тэгэхээр тэд Бямбажавыгаа архи битгий уулга л гэдэг. Даанч өөрөө болж өгөхгүй юм. Эхэндээ ч уур хүрээд зүрх өвддөг байлаа. Одоо ч гомдонгуй л явах юм байна даа. Энэ хүн одоо л нэрээ бодохгүй бол бас чиг нас нь явлаа шүү. Талийгаач Цэрэнчимэд ч намайг багшаа л гэдэг байсан. Одоо ч багшаа гэдэг хүн олон бий. Би ч нэг их сүрхий багширхаад байх юу байхав. Дууг нь бичиж өгөөд дуулах арга эвийг нь зааж өгдөг л хүн гэж боддог.
-Тэгэхээр таны анхны уран бүтээл юу байна. Уран бүтээл зовж бүтэх нь бий?
-Миний анх дуулсан дуу бол ардын дуу. Анх зохиосон дуу бол “Настан буурал эмээ” шүү дээ. Энэ дуу намайг олонд их алдаршуулсан даа. Би дуугаа үггүй энэ тэнд тэмдэглээд л явдаг. Зарим үед зовоох ч байна. “Халагдах цэргийн вальс”, “Настан буурал эмээ” их амархан, бараг 10 минутанд бүтсэн. Харин “Мөнхийн шүтээн миний Монгол”, “Дилав хутагтын дуу” гээд их зовоож төрсөн дуунууд бий.
-Танд эхийн тухай дуу олон бий. Нийтдээ хэдэн дуу байх юм?
-Эхийн тухай 70-аад дуу бий шүү. Нийтдээ 400-аад юм бий. 200-аад нь олонд хүрсэн байх. 200-аад нь энд дараатай байна. Одоо залуучуудтайгаа хамтарч ажиллая гэсэн бодлоор дуугаа тэдэнд өгөх бодол байна. Тэрчлэн яруу найрагч залуучуудтай ч хамтрах бодол бий. Миний ээж хааяа таяг тулахаас өөр өвчингүй 90 шахсан буурал бий.
-Уран бүтээлч хүнтэй уулзсаных сүүлийн үеийн чинь уран бүтээлийн богцруу өнгийвөл?
-Огт зүгээр суухгүй юм даа. Сүүлийн үед хэд хэдэн дуу бичлээ. Армид хамгийн их үүрэг гүйцэтгэдэг нөхөд чинь “Жа” буюу жагсаалын дарга, түрүүч нар байдаг юм. Тэгээд Жагсаалын дарга гэдэг дууг Чимэддоржтойгоо хамтарч бичлээ. Нэг өдөр хэдүүл ярьж суугаад би, миний амьдарлын нэлээд хугацаа хэдэн бор цэргийн дунд өнгөрлөө дөө. Цэргүүддээ дуу хийхсэн гэхгүй юу. Гэтэл С.Чулуунбаатар би хийнэ гээд л
“Армийн эгнээнд жигдрэн жагсаад
Андын ёсоор ижилдэн дасаад
Өөрийн минь хүү шиг надад эрхэлсэн
Өр зүрхний хайртай хөвгүүд
Хээрийн салхи шиг дэндүү омголон
Хэдэн бор цэргүүд минь” гээд л бичиж өгсөн. Тэр нь дуу болсон доо. Саяхан миний DVD цомгийг дээд Монголоор нутагтай Д.Гомбосүрэн гэдэг хүн Бээжинд хэвлүүлж өглөө. Учир нь Монгол туургатанд зориулсан юм шиг билээ.
-Таны амьдралын нэгэн үе цэргүүдийн дунд өнгөрчээ. Нэгэнтээ зохиолч Б.Догмид “Одооны хурандаа нар гэж харандаа болжээ” гэж байсан. Ялгаа ч их л бий дээ. Энэ талаар?
-Жараад он, одоо үе чинь тэс өөр шүү дээ. Тэр үеийн цэрэг гэдэг гурван жил алба хаачихсан, хоол унд ч гэж санаанд орохгүй. Баргийн юм цохиод авахад хэлтийхгүй тийм сайхан болгодог байсан. Тэр дарга офицерууд ч мөн сайхан. Ямар автобус унаа гэж байсан биш, Улиастайгаас шөнө цэргүүдээ унтуулаад л харина, өглөө хар үүрээр ирчихсэн л байдаг. Гүйчихдэг байсан байгаа юм.
С.Ууганбаяр