Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин болон дасгалжуулагч Б.Баяраа нар Катарын Дубайн нисэх буудалд визний зөрчлийн улмаас саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэд өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Дасгалжуулагч Б.Баяраа: “Бид визний зүгээр нэг зөрчил ч биш хуурамч визний асуудалд орооцолдсон. “Хуурамч визийг хэн хийсэн Кувейтын ямар байгууллагатай холбоотой байсан” гээд мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа бидэнтэй энгийн биш байдлаар гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг зандарч дээрэнгүй харьцсан. Хэн та нарт виз өгсөн, дарга нар ч хэн бэ гэхэд “Манай дарга Катарт байгаа. Аварга хүн бий. Та нар яриадхаач бидэнд ч хэцүү байна” гэлээ.
Катарын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагчидтай холбогдсны дараагаар “Тэмцээнд оролцох тамирчдын дунд та нарын нэрс, мэдээлэл алга” гэж хэлсэн.
Ингээд л шууд биднийг хорьсон. Бид хуурамч визний асуудал цаашлаад гэмт хэрэгт холбогдох нь гэж айгаад хоригдохгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн. Гэтэл цэргийн хүмүүсээр хамгаалуулж шууд хорьсон.
Хоригдсон газар бохир заваан, үнэр танар гэж авах юмгүй. Хүйтэн шаланд, жорлонгийн үүдэнд хүртэл хүмүүс хувцсаа дэвсээд хэвтэж байсан. Монгол Улсыг тив, дэлхийд төлөөлж цаашлаад олимпод бэлдэж буй тамирчид ийм муухай газар орж юм, юм үзнэ гэдэг арай л хэтэрхий” гэсэн юм.
Мөн тэрбээр “Хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдоход нэг ч албан тушаалтан бидний араас санаа зовоогүйд гомдолтой байна. Монголд төлөөлж суугаа Кувейт, Катарт суугаа ЭСЯ, консулын газрын хүмүүс нэг цагийн дотор л ирэх боломж байсан. Биднийг Бээжин рүү нисгэсэн гэж мэдээлэл цацагдаж байхад ч бид хоригдож л байсан” хэмээн тухайн үед болсон үйл явдлыг ярьсан юм.
Миний хувьд виз зөрчилгүй байсан. Өнөөдрийг хүртэл том тэмцээнд бэлдсэн шавь нарыгаа хүний нутагт ийм муухай зүйл дээр яаж хаях юм бэ. Хэл ус мэдэхгүй хүүхдүүдийг чинь яалтай билээ. Сэтгэл санаагаар уначих вий, бие нь өвдөх вий гээд санаа зовоод хамт үлдээд хоригдсон. Ядарч, зүдэрч, өлсч, цангаж хоригдож төөрч будилж амьд мэнд хүүхдүүдээ Монголд авчирлаа. Онгоцны тийз захиалах гэхэд мөнгө байхгүй учир ар гэрийнхэн, найз нөхөд Монголоос Air China-тай холбогдож тийзний зөрүү мөнгийг өгч байж ирлээ. Олон жил тэвчиж явсан одоо айх юм алга гэдгээ ч хэлэв.
Ийнхүү монгол улсынхаа тамирчдын төлөө явах хүн харийн нутагт олдсонгүй юу, эсвэл цаанаа ямар нэг зүйл байв уу хэмээн олон хүн хардаж, бас гомдож байна.Эх сурвалж: www.dorgio.mn