Comment.mn

Су.Батболд: Сонгуулийн маргааныг шүүхээр шийдвэрлэдгийг эргэн харна


УИХ-ын гишүүн Су.Батболдтой Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа. 
-Та Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ? 
-УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах ажлын хэсэг гарч Р.Бурмаа гишүүн ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс энэ ажлын хэсэгт таван хүн орж ажилласан. Ажлын хэсэг өнгөрсөн бямба гаригт хуралдаж санал солилцлоо. Бидний зүгээс энэ хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал тавьж байгаа. Түүнчлэн МАН-ын бүлэг Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлах ёстой гэсэн байр суурь баримталж байна
-Тухайлбал ямар санал тавьж байгаагаа тодруулна уу? 
Үндсэн хуульд сонгуулийн тухай тус тусдаа заалт байдаг. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай тусгай заалт байхаас гадна УИХ-ын болон орон нутгийнх ч тусдаа. Нэгэнт Үндсэн хуульд эдгээрийг тусгай заалтын дагуу явуулна гээд заачихсан учраас Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах нь Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Яагаад гэхээр энэ хуулиудаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг өөр өөр субьектийг сонгодог. Хэдийгээр сонгуулийн ерөнхий зарчим сонгууль явуулах байгууллага нь ижил байж болох цаанаа хоёр өөр байгууллагыг сонгож байгаа учраас бүгдийг нь нэг дээвэр дор нэгдсэн хууль гаргах нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж үзээд байгаа юм
-Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөхөөс нааш Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг батлах боломжгүй гэсэн үг үү? 
Үгүй л дээ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбохгүйгээр Сонгуулийн нэгдсэн хуулийг яаж гаргах вэ гэдгийг л ярьж байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгээс ямар нэгэн санал ирээгүй учраас одоогийн хуулийн дагуу боловсруулна.
-Ажлын хэсэг дээр өөр ямар санал тавьж байгаа вэ? 
-Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг үндэсний хэмжээнд явуулах парламентын сонгуулийн хавсарга маягаар явуулах нь УИХ-ын Үндсэн хуульд заасан статусыг доошлуулж байна гэж үзсэн. Тиймээс энэ асуудлыг эргэн харж нягтлах нь зөв гэсэн саналыг ажлын хэсгийнхэн хурлын үеэр ярьсан. Хоёрдугаарт бидний боловсруулж байгаа хуулийн төсөлд сонгуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хурцаар тавьж байгаа. Одоогийн хуулийн төсөлд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ. Ингэхдээ УИХ ын сонгуулийн маргааныг Дээд шүүх, орон нутгийнхыг Захиргааны хэргийн шүүхээр таслуулахаар тусгасан Гэхдээ шүүхийн практикаар яаж шийдэх, маргааныг шийдвэрлэх хугацаа нь хэр байх юм. Олон нийтийн сонголтын шүүхээр шийдсэн өмнөх туршлага нь муу байсан. Үүнийг Өвөрхангайн сонгуулийн тойрог дээр гарсан маргааныг хэрхэн шийдсэнээр харж болно Тэгэхээр шүүхэд эрх мэдлийг өгөх үү, эсвэл Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдлийг нэмэгдүүлэх маягаар Хараат бус маргаан шийдвэрлэх комисс” байгуулж шийдэх үү гэдгийг ярилцах нь зөв. Сонгуулийн хуулийн Дэд ажлын хэсгээс сонгуулийн маргааныг шүүхээр шийднэ гэсэн байдлаар төсөл оруулж ирсэн. Үүнийг бас эргэж ярилцах ёстой.
-МАН хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа байгуулсан гэрээндээ энэ талаар тусгасан уу? 
-Сонгуулийн хуулийн талаар хоёр нам улс төрийн хүрээнд зөвшилцсөн. Ялануяа тогтолцоо, сонгуулийн санал тоолох, Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний асуудлаар зөвшилцсөн. Зөвшилцлийн баримт бичигт байгаа энэ асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгах гэдэг нь МАН-ын бүлгээс ажлын хэсэгт орсон гишүүдийн санаа тавих ажил.
-Сонгуулийн хуулийн төсөлд саналын хуудсыг ямар нөхцөлд гараар тоолох талаар тусгасан уу? 
-Сонгуулийн дараа санал тоолох машины дүнд эргэлзэх тохиолдол их гардаг. Тиймээс хоёр намын байгуулсан гэрээнд саналын хуудсыг гараар тоолох хувилбарын тухай ярьсан. Энэ гэрээнд сонгуулийн дүнд эргэлзэж, гомдол гаргасан тохиолдолд гараар тоолно гэсэн хувилбар байгаа. Гэхдээ яг бодит амьдрал дээр ямар хүндрэлтэй асуудал гарах, түүнийг хэрхэн зохицуулахыг зөвшилцөх шаардлагатай. Түүнчлэн гараар тоолохоор бол тойргийн хороон дээр тоолох уу, хэсгийн хороон дээр үү. Ямар зөрүү гарсан тохиолдолд дахин тоолох юм гээд шийдэх асуудал бий.
-Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох вэ? 
-Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зөвхөн төрийн албан хаагчдыг оруулах биш сонгуульд оролцож байгаа намуудын төлөөлөл байлцахыг зайлшгүй тусгах шаардлагатай. Үүнийг хоёр намын хооронд байгуулсан зөвшилцлийн баримтад тусгасан. Тэгэхээр энэ талаарх заалтыг хуульд тусгах ёстой.
-Энэ хуулийг хаврын чуулганы хугацаанд баталж чадахгүй бол яах вэ? 
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах эцсийн хугацаа дараа оны нэгдүгээр сарын 1-ны дотор гэсэн байгаа. Харин Сонгуулийн хуулийг сонгууль явуулахаас зургаан сарын өмнө баталсан байх ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд аль болох эрт батлах нь улс төрийн нам, иргэд сонгогчдын аль алинд нь хэрэгтэй.
-Тогтолцооны хувьд намууд нэгдсэн ойлголтод хүрсэн үү? 
-Хамгийн маргаантай асуудал сонгуулийн тогтолцоо. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуулийн төслийг санаачлаад Засгийн газраас санал авахаар явуулсан. Хуулийн төсөлд сонгуулийн тогтолцооны асуудлаар иргэд сонгогчдын саналыг авахаар тусгасан. Ямар тогтолцоогоор явуулбал сонгууль хамгийн шударга, иргэдийн эрх ашгийг төлөөлж чадах вэ гэдгээр санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах учиртай. Түүний дараа улс төрийн намууд тогтолцооны асуудлаа эргэж ярих юм.
-Санал асуулга явуулахаар боллоо гэхэд цаг хугацааны хувьд амжих уу? 
-Санал асуулга явуулахаар болчихвол хугацааны хувьд асуудалгүй. Хамгийн гол нь хуулийн төслийг дэмжих эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ хуулийн төсөл өргөн барьсан учраас үүнийг заавал хэлэлцүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа.

М.АЛТАНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.