-“Ургамлын тос литрээр нь авдаг хүн гэж байхгүй боллоо, бүгд л 100, 200 граммаар нь авч байна. Хэрвээ биднийг ингэж худалдаа хийж байгааг мэргэжлийн хяналтынхан мэдвэл ална л даа, гэхдээ одоо тэгээд яах юм бэ, хүмүүсийн худалдан авах чадвар цагаан сараас хойш эрс муудлаа шүү дээ.
Тэд оройн хоолоо хийх гээд хоёрхон ширхэг төмс жигнүүлж аваад явж байна. Бид ч гэсэн овойж оцойтол орлого олоод байгаа зүйл алга” хэмээн нийслэлийн гэр хорооллын 8 нэрийн барааны дэлгүүрийн нэгэн худалдагч өчигдөр орой телевизээр толгой сэгсрэн ярьж байна.
Гэтэл эдгээр иргэдийн хууль ёсны өмч, мэдэлд үндсэн хуулиар олгогдсон Монголын газар доорхи байгалийн баялагийг хууль бусаар ашиглаж, ашиг орлого олж байгаа гадаад дотоодын уул, уурхайн компаниуд жилдээ сая, сая тонноор нь олборлолт явуулж хувь, хувийнхаа хармааг хэдэн тэрбум доллараар, хэдэн тэрбум шүү, сая биш, дүүргэсээр л байна.
Жишээ нь, Энержи Ресурс компаний 2009 оноос 2014 он хүртэл нийтдээ 6 жилийн хугацаанд 31,6 сая тонн коксжсон нүүрс олборлож 2,2 орчим тэрбум долларын ашиг олжээ.
Үйл ажиллагааны чиглэл | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он | Нийт ашиг орлого |
Олборлолт /сая тонн/ | 3,9 | 3,9 | 7,1 | 5,6 | 5,7 | 5,4 | 31,6 |
Борлуулалт /сая ам доллар/ | 67,0 | 277,5 | 542,6 | 472,4 | 437,6 | 33,4 | 2,127,5 тэрбум доллар |
Авсан зээл сая ам доллар | 69,4 | 326,0 | 859,2 | 842,1 | 744,4 | 757,9 | 3,599,0 тэрбум доллар |
Тэд энэхүү олборлолтоо явуулж аж үйлдвэрийн цогцолбор барьж босгохдоо нийт 3,6 тэрбум долларын зээл авчээ. Нэг үгээр энэ өнгөрсөн хугацаанд Таван толгой дахь Ухаа худгийн ордоосоо нийтдээ 5,8 орчим тэрбум долларын хөрөнгө босгожээ.
Эндээс харвал өнгөрсөн 6 жилд нэг тонн нүүрсээ ойролцоогоор 67,3 доллараар экспортлож ирсэн харагдаж байна. Гэтэл манай бусад уул уухайн нүүрс олборлож байгаа компаниуд өнөөдөр нэг тонн нүүрсээ 10 орчим доллараар борлуулаад дээрээс нь улсдаа төлөх ёстой татвараа төлсөөр байна. Гэтэл Энержи Ресурс компанийг өнөөдөр өр ширэнд баригдаж, дампуурах дээрээ тулаад байгаа тухай амтай болгон ярьж байна.
Уул уурхайн компаниудын энэ их мөнгө, олж байгаа ашиг орого нь хаашаа урсаад байна вэ. Тэдний хэн нь ч, аль ч компани нь ашигт малтмалын хуульд заасан төрийн эзэмших ёстой 50 хүртэл хувийн ашгийг Монголын төрд, төсөвт одоо болтол тушаахгүй явсаар байна.
Гэтэл энэ их өв, баялагийн эзэн Монголын жирийн иргэд өнөөдөр оройн хоолондоо 2 ширхэг төмс идэж, 200 грамм ургамлын тосоор долоо хоногийн хүнсээ залгуулж сууна. Монголын хүн амын 98% буюу тэдний хүүхэд өлөн зэлмүүн, тарчигхан амьдарч байгааг тэд ойлгохыг хүсэхгүй байна.
Г.Чугаа