Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оны дунд үеэс эхлэн хэрэгжүүлж байгаа.
Уг зээлийн журамд зааснаар иргэд худалдан авах байрныхаа нийт төлбөрийн 30 хувийг гаргах үүрэг хүлээж байсан. Тэгвэл орон сууцны худалдан авалт буурч, байр авах хүсэлтэй иргэдийн дунд 30 хувиа төлөх боломжтой өрхүүдийн нөөц шавхагдаж байгаа эдийн засгийн судалгаатай холбогдуулан урьдчилгаа төлбөрийг 10 хүртэл бууруулахаар засгийн газрын түвшинд яригдаж байгаа.
Урьдчилгаа төлбөрийн үлдсэн 20 хувьд засгийн газраас баталгаа гаргах болсонтой холбогдуулан, нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийнхэн төслөө боловсруулан, засгийн газарт хүргүүлсэн. Уг асуудлыг засгийн газрар хэлэлцэхгүй удаж байгаа тул иргэдийн дунд хүлээлт үүсэж, байрны үнийн хөөсрөл ихсэх хандлага ажиглагдах болсон талаар яригдаж байна.
Тэгвэл уг асуудлыг засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 831.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19099 зээлдэгчийн нийт 568.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.96 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 35689 иргэнд 1925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Ж.Мядагбадам