Хүүхдийн эрхийн асуудлаар хүний эрхийн олон байгууллага анхаарлаа хандуулж байна. Гэвч дорвитой үр дүнд хүрч ажил хэрэг болсон нь ховор. Гэр бүл болон нийгмийн орчинд ч тэдний эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх чөлөөг эдлэх эрхтэй. Энэхүү язгуур эрхээ эдэлж чадахгүй хойд эцэг эх, ах дүү, хамаатан садан, сургууль, халамж асрамжийн газруудад олон бяцхан үрсийн эрх зөрчигдсөөр л.
Хүүхдийн төлөө Үндэсний газрын мэдээлснээр 2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт хүүхдийн асрамж халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулан халамжлуулж байна. Тэгвэл эдгээр асрамжийн газарт хүний эрхийн үндэсний төвөөс хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар олон ноцтой зөрчил илэрсэн бөгөөд наад захын зориулалтын байргүй орчинд хүүхдүүдийг асрамжлан хамгаалж буйг тогтоосон байна. Тэр ч бүү хэл, “Кристина Нобел”- ийн сангийн санхүүжилтээр гэр хороололд байрладаг бөгөөд тухайн газар нь мөнх цэвдэгтэй учир асрамжийн төвийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй орчинд тооцогдож байна. Мөн “Манай гэр-1”, “Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин биш гэж үзсэн байна. Асрамжийн төвүүдэд нийтлэг илэрсэн бас нэг томоохон зөрчил нь хүүхдүүдийг товлосон эмчийн үзлэгт хамруулдаггүй, эмийн санд нь хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал аж.
Шалгалтаар хугацаа нь дууссан Clotri denk, Assure platinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen зэрэг нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрснийг хүний эрхийн үндэсний комиссоос устгалд оруулсан байна.
Тэгэхээр шинэ хувцас гэдгийг тоотой өмсөж үзсэн асрамжийн бяцхан үрст эрүүл мэндийн шаардлага хангасан эм хэрэглүүлэх нь тийм хэцүү юм гэж үү. Өөрөөр хэлбэл, тэдний хэрэглэж буй эм нь хүртэл “комиссынх’’ байх учиртай юу?
Хүүхдийн эрх өнөөдөр ч маргааш ч зөрчигдсөн хэвээр л байна. Хүн болсон ховорхон хувь заяагаа даган нэгэн дээвэр доор нийгэмд хөл тавих гэж буй бяцхан үрсэд хэн анхаарлаа хандуулах вэ? Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн газруудын 80 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай гадаад захиралтайгаараа бахархан гайхуулдаг.
Энэ ч утгаараа хөрөнгө санхүүжилт хангалттай орж ирдэг гэж хэлж болно. Гэтэл төрүүлсэн эцэг, эх нь хөсөр хаясан Монголын үрсэд хэдэн мянган бээрийн алсаас сэтгэл гаргаж илгээсэн мөнгө хэний гарын салаагаар урсаад байна вэ?
Б.Нандин-Эрдэнэ