Өдгөө эдийн засаг уналтанд орж Монгол улсын зээлийн зэрэглэл B- хүрч буурсан. Түүнчлэн гадаададын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүйгээр унав. Энэ үед “Татварын өршөөлийн тухай хууль” хэрэгтэй байна.
Учир нь 2011 онд Монголын эдийн засаг арван долоон хувийн өсөлттэй гарч байсан удаатай. Үүнд нөлөөлсөн хамгийн гол шалтгаан нь 2008 онд баталсан “Татварын өршөөлийн тухай хууль” гэж эдийн засагчид хэлдэг. Энэхүү хуульд 44 мянган аж ахуйн нэгжийг хамруулахаар тооцоолсон ч 28 мянга нь хамрагдаж, тэдгээрийн орлого 3-5 дахин нэмэгдэн тухайн үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан байдаг. Ингэснээрээ эдийн засгийн эргэлтэд орж төсөв зузаатгасан.
Өдгөө эдийн засгаа хөл дээр нь босгоход нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг нь яалтгүй үгүй татварын өршөөлийн тухай хууль. Уг хуулийг баталж гэмээн нуугдсан хөрөнгийг гаргаж ирэх юм. Урьдчилсан тамгаар эдийн засгийн эргэлтэд орох 7-8 их наяд төгрөг нуугдмал байгаа гэсэн тооцоо бий.
Монголын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцүү гэсэн тооцооллыг ч гаргасан. Эдгээр үзүүлэлтээс харсан ч, улс орны өнөөгийн нөхцөл байдал цаашдын ирээдүйг бодсон ч, олон улсын жишгийг аваад үзсэн ч Монгол улс эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл эл хуулийн талаар дорвитой хэлэлцэж ярилцах ч үгүй замхрал оруулаад байна. Уг нь энэ хавартаа багтааж шийдвэрлэвэл төсөвт орох мөнгөний урсгал татарч, татвар төлөгч нар хуулиа хүлээж, төрд төлөх мөнгөө өөрсдөдөө эргүүлдүүлсээр байх юм.
Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 1.2 их наяд бүрдэж, татварын орлого 88 хувьтай байгаа. Манайд 100 гаруй мянган татвар төлөгч байдгаас 51 орчим мянган аж ахуй нэгж тогтмол тайлангаа гаргаж өгдөг. Тэгвэл сараас сард татвар төлөгчийн чадавхи буурах болжээ. Мэдээж эдийн засаг нь хүндрэлд орчихсон байгаа юм чинь буурахаас өөр яахав.
Ерөнхий сайд “Татвар төлөлт маш муу байгаа. Энэ нь нэг талаас хуулийн хүлээлт үүсч, татварт байгаа өрийн хэмжээ нэмэгдсэн. Тодорхой хэмжээний хяналт шалгалт, харьцаж байгаа байдлаас шалтгаалаад олон татвар төлөгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Валютын ханшид татвар төлөгчид хүндрэл учруулж байна гэдгийг албаны хүн хэлсэн” гэж хэлсэн.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Эдийн засгийн өршөөлийн хууль Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Манайд эдийн засгийн хямрал нүүрлэж, хөрөнгө оруулалтын орчин яагаад муудав гэхээр Монголд эргэлдэж байгаа мөнгөний тодорхой хэсэг нь далд байна. Бид гадны хөрөнгө оруулалтаас илүү дотооддоо нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, баялаг бүтээгчид айдасгүй болох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид хуримтлал үүсгэж, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгосноороо өөрөө гэмт хэрэгтэн мэтээр буруудах нөхцөл бий болсон. Манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран дайрдаг болсон. Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим нэг бизнес улс төрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход түлхэц болох эл хуулийг яагаад батлахгүй байна. Замхралд оруулахын тулд “эдийн засгийн өршөөлийн тухай” хуулиа ярих хэрэгтэйг санууллаа.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn