Хуурайшилт ихтэй, цаг агаар тогтуун биш, түймэртэй байгаа нь газар тариалан эрхлэгчдийн ажлыг хойш татжээ. Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ /Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэнд/, Төв аймгийн тариаланчид ажилдаа гарсан бол Дархан-Уул, Хэнтий, Булган аймгийн тариаланчид тэнгэр авхайн байдлыг харзнаж буй аж.
Уг нь бол жил бүрийн дөрөвдүгээр сард тариалалт эхэлж, тавдугаар сард үндсэндээ жигдэрсэн байдаг ч энэ жилийн тухайд оройтжээ. Хэрвээ тавдугаар сарын эхэн үед цаг агаар дулаарч тогтохгүй бол тариалалт эхлүүлэх хугацаа үндсэндээ хойшлогдох бололтой. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 16 мянган га-д тэжээлийн таримал, 33 мянган га-д тосны ургамал, 1000 га-д жимс жимсгэнэ тариална.
Нийт дүнгээрээ тариалалт 400.8 га талбайг хамрах юм. Намар нь харин 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах зорилт дэвшүүлээд байна. Гэвч улаан буудай зорьсон төвшиндөө хүрэх үү гэдэг эргэлзээтэй аж. Энэ зун бороо ус ихтэй байх төлөв буусан тул улаан буудайн тариалалтаа багасгаж мэдэх юм байна. Мөн Шийдлийн Засгийн газар улаан буудайнд өгдөг урамшууллаа зогсоохоо мэдэгджээ. 2015 оны улсын төсөвт буудайн урамшууллыг тусгаагүй юм байна. Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн, буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн болно. Гэтэл тариаланчдын 2014 онд хураан авсан 350 мянган тонн таваарын буудайн 30-аад хувь нь цавуулгийн шаардлага хангаагүй тул 100 мянган тонн буудайн хэрэгцээ үүсэж, импортоор авахаас аргагүй болсон тухай гурил үйлдвэрлэгчдийн зүгээс мэдэгдсэн ч тариаланчид үгүйсгэлээ.
Уг нь бол гурилын үйлдвэр бүхэн дэргэдээ лабораторитой, түүндээ шинжлээд болж байна, шаардлага хангалаа” гээд авсан хэр нь дараа нь гурил ч хийж болохгүй, талх ч барьж болохгүй болж хувирчээ. Эцэстээ импортын буудайны дажинг үүсгэсэн байна. Хамгийн гачлантай нь, импортоор улаан буудай авч, дотоодынхоо буудайтай хольж гурил үйлдвэрлэсэн ч борлуулалт муудсан нь эцэстээ импортын гурилыг ад үзэхэд хүргэжээ.
А.Ханд