Comment.mn

Д.Ганхуяг: Засгийн газрын төслөөр 1072 ш хувьцаа амь орохгүй

 

 

Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг урьж ярилцлаа.

 

-Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан уу. Энэ гэрээнд Монголд ашигтай заалт хэр тусгагдсан бэ?

 

-Хоёр тал дэлхийд томд тооцогдох ордыг харилцан ашигтай хамтран ашиглах тохиролцоог зохицуулах зорилготой гэрээний төсөл болохоор аль аль талд нь ашиг байж таараа. Гэвч УИХ-д өргөн баригдсан гэрээний төслөөр бол улсын хөрөнгөөр нөөцийг тогтоосон энэ ордын эзэн буюу хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, Засгийн газарт оногдох ашиг маш бага байна гэж ойлгосон. Тавантолгойн орд бол Оюутолгойн ордоос ялгаатай нь улсын хөрөнгөөр хайгууль хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ утгаараа хуульд заасны дагуу энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэн нь өнөөгийн байдлаар Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгж, Монголын   засгийн газар “Монголын тал гэх” юм. Иргэд, аж ахуйн нэгж нийлээд нийт хувьцааны 15 орчим хувийг эзэмшиж байгаа бололтой. Төр хувьцаа эзэмшиж байгаа ордоос хоёр төрлийн орлого авдаг. Эхлээд хуульд заасны дагуу татвар, төлбөр хураамжаа авдаг. Дараа нь татвар төлсний дараахь ашгаас уг компанид эзэмшиж байгаа хувьдаа оногдох ноогдол ашгаа авдаг. Гэтэл гэрээний төслөөр бол 60 жилийн хугацаанд ноогдол ашиг гэж авахгүй,энэ ашгийн оронд жил бүр борлуулалтын орлогын 2.5 хувьтай тэнцэх түрээсийн төлбөр авах бололтой. Ер нь ордоо хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа нь бол үнэн. Гэхдээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад нэгд ордоо барьцаалаад зээл авч болно, эсхүл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаныхаа тодорхой хувийг  хөрөнгийн биржээр хаалттай болон нээлттэй хэлбэрээр арилжиж болно.

 

-Тэгэхээр..?

 

-Монголын талд ноогдол ашгаар хувиарлагдах бага гэж ойлгосон. “Эрдэнэс Тавантолгой” компани одоогийн байдлаар нэг тонн коксжих нүүрсийг хилийн цаад талын Ганц модны боомт дээр 73 ам.доллараар өгч байх шиг байна. Энэ борлуулалтын орлогоос үйл ажиллагааны зардлыг 40 ам.доллараар тооцож, жилийн 10 сая тонн нүүрс экспортлоно гэж үзвэл татвар төлсний дараах жилийн цэвэр ашиг 160 орчим сая ам.доллар болохоор байна. Гэтэл гэрээний төслөөр 60 жилийн хугацаанд Монголын тал ноогдол ашиг авахгүй бөгөөд, жил бүрийн борлуулалтын орлогоос 2.5 хувийн түрээсийн төлбөр авна гэхээр жилд Монголын тал ердөө 18.25 сая ам.доллар буюу цэвэр ашгийн 11.3 хувьтай тэнцэх хураамжийг авах бололтой. Энэ ч арай дэндэнээ.Тиймээс л Монголын засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийнхаа 51 хувийг авч үлдэе гэсэн шийдвэрийг АН-ын гүйцэтгэх зөвлөл гаргасан юм.Энэ нь УИХ-р батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт л доо. Энэ ордын 34 хувийг , ер нь 49 хүртэл хөрөнгийн биржээр худалдахад, уг орлыг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг татаж чадна гэж бодож байна. Гэрээний төсөлд зааснаар Засгийн газар болон иргэд ноогдол ашиг авахгүй болохоор л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээ нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг амь оруулж, хувьцааны ханшийг нэмэгдүүлэх зорилго хоосон мөрөөдөл  болохоор байна.Өнөөгийн байдлаар нүүрс олборлож экспортлох зардалд хамгийн их хасах нөлөө үзүүлж байгаа нь тээвэр, ложистикийн зардал. УИХ Тавантолгой-Гашуун сухайтын боомтын төмөр замын царигыг нарийн байхаар шийдвэр гаргасан. Энэ төмөр зам нь хамгийн их ачаалалтай байх төмөр зам. Тиймээс бусад чиглэлийн төмөр замтай харьцуулахад энэ төмөр зам хамгийн богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой.

 

-Тэгвэл Монголд ашигтай заалт байхгүй гэж үзэж болох нь ээ?

 

-Гэрээний заалтыг нэг бүрчлэн судалж амжаагүй байна. Ер нь хуулиас давсан, санхүүгийн луйврын шинжтэй ойлгомжгүй заалтыг гэрээнд оруулаад тэрийгээ найдвартай баглахын тулд маш урт гэрээний төсөл хийдэг гэж мэрэгжилтнүүд ярьдаг. Ийм гашуун туршлага байгаа учираас л Монгол улс Хөрөнгө оруулалтын хуулиндаа хөрөнгө оруулалтыг нь баталгаажуулж, улмаар уг төслийг хэрэгжих хугацаанд хөрөнгө оруулалт, татварын орчныг тогтвортой байлгахыг батламжилсан гэрчилгээ олгоно гэсэн заалт оруулсан. Ийм эрх зүйн орчин байсаар байтал заавал ойлгомжгүй заалттай , Африкийн загвараас долоон дор урт гэрээний төслөө магтаад чинэрээд дайраад байгаа нь гайхишралтөрүүлж байна. Ажлын хэсэг энэ сарын 1-нд хуралдсан. Тэгээд дэд ажлын хэсэгт гэрээний болон гэрээний хавсралтын төслүүдийг хууль, тогтоомж болон энэ ордыг эргэлтэнд оруулахтай холбогдуулж УИХ-аас гарсан шийдвэртэй нийцэж байгаа эсэхийг яаралтай судлах үүргийг өгсөн.

 

-Өнгөрсөн үйл явдлыг харвал хачирхалтай нэг зүйл бий. Гарын үсэг зурахад бэлэн болсон байсан гэрээг Засгийн газар УИХ-д оруулж ирэх гэж 14 хонолоо. Хачин юм шүү. Үүнээс үүдэж бэлэн гэрээгээ засварлаж, арай дөнгүүр болгож оруулж ирчихээд байгаа нь энэ юм биш үү гэх хардлага цухалздаг?

 

-Тэр гарын үсэг зурах гэж байсан гэрээний төсөл, одоо УИХ-д өргөн бариад байгаа төслийг нь харьцуулж үзэх хэрэгтэй. Ингэж үзээд ноцтой асуудал байвал хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна.

 

-Тавантолгойн орд газар хэн нь суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт алга гэж МАХН-ын гишүүд хэлж, дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Ер нь одоогийн байдлаар энэ гэрээг батлах найдвар үгүй болчих шиг. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Миний хувьд болж өгвөл явуулах юмсан гэж бодож байна. Гэхдээ хууль,тогтоомж зөрчсөн гэрээний төслийг УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь УИХ өөрөө хууль зөрчсөн асуудалд орооцолдох эсэхэд ихэд анхааралтай хандах шаардлагатай. Засгийн газартай УИХ судалгаанд үндэслэн албан ёсоор хэл амаа ололцож чадвал араас нь хяналт тавих нөхцөлтэй, Засгийн газартай тохиролцсон маш ойлгомжтой чиглэлийг УИХ-с өгч болох боломж ч байгаа байх. Энэ ордын эзэн нь одоогийн байдлаар Засгийн газар болон Монгол Улсын хувьцаа эзэмшигч иргэд. Өөр этгээд Эзэн болох хүсэлтэй бол хөрөнгөө бэлдэж байгаад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас худалдаж авах боломжтой. Тэрнээс УИХ-ын гишүүдийн кнопыг тоолж лобби хийгээд  луйврын аргаар Тавантолгой ордын эзэн болчихно гэж бодож байвал боломжгүй гэж хэлмээр байна. Ер нь тэгээд шуналд хязгаар байх учиртай. Улсын хөрөнгөөр илрүүлсэн хувьцаа эзэмшигч иргэд, Монголын төр эзэн нь байгаа ганц гайгүй орд уруу аль нэгэн этгээд байнга шуналтаад дайраад байгааг бодож үзэх цаг үе ирсэн байна. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн бодлогын хэрэгжилт ямар түвшинд байгааг харуулж байна.

 

-М.Сономпил гишүүн УИХ-аас байгуулсан Тавантолгойн ажлын хэсэгт орохоос татгалзсан.Татгалзсан шалтгаанаа энэ ажлын хэсгийнхэн Тавантолгойн гэрээгявуулахгүйгээрзогсооххандлагадавамгайлжбуйгэсэн. Тач гэсэн тэгэхээр тэр нөхдүүдийн нэг мөн үү?

 

-Ажлын хэсэг шийдвэр гаргах нь байтугай, явуулах болон зогсоох талаар юу ч яриагүй байна. Хууль, тогтоомжид нийцсэн гэрээний төслийг явуулахгүй гэсэн бодолтой УИХ-ын гишүүн байх учиргүй.Гэрээний төслийг зөвшөөрөх эсэхийг хуульд зааснаар Ажлын хэсэг биш УИХ-ын олонхи шийдэх учиртай.

 

-Ер нь энэ ажлын хэсэгт орох санаачилгыг хэн гаргасан бэ. Та юу эсвэл УИХ-ын дарга шууд шийдвэрлэчихсэн үү?

 

-АН-ын бүлгээс миний нэрийг ажлын хэсэгт оруулахаар өгсөн гэсэн.

 

-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх гэрээний талаарх хэд хэдэн ноцтой баримтыг ил гаргаад буй. Тэр мэдээллийг харвал Тавантолгой Оюутолгойн араас орохоор байсныг харж болохуйц. Та Оюутолгойн гэрээг батлах үеэр эсэргүүцэгчдийн нэг байсан. Энэ гэрээ Монголд ашиггүй гэж олонтаа хэлсэн. Гэтэл одоо Тавантолгой..?

 

Оюутолгойн гэрээг эсэргүүцээгүй. Гэрээний доторх Монгол улсын эрх ашгийг хөндсөн хууль,тогтоожинд нийцээгүй 2-3 заалтыг эсэргүүцэж тухайн үед нь байр сууриа илэрхийлж байсан. Гэрээний төсөл дээр ажиллаж байсан тэр үеийн  ЗГ-ын гишүүн нь УИХ дээр Африк загварын гэрээний төсөл гэж хариулж байсныг хүмүүс сонссон л байх. Эдгээр заалт одоо ч гэсэн хэл ам таталсаар цаг хугацааны шалгуураар буруу байжээ гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм болов уу.Ер нь тэр үед гол хөрөнгө оруулагч байсан компаны хувьцаа эзэмшигч компаныг төслийн санхүүгийн зөвлөхөөр сонгочихсон байдаг. Энэ бол хачирхалтай шийдвэр. Иймээс мэдээж тэр зөвлөх компани нь гэрээ байгуулахын өмнөх болон гэрээ байгуулсны дараахь “Айванхоу майнз” компанийн хувьцааны арилжааны ханшны зөрүүнээс нилээд хэмжээний ашиг хийж таарна биз дээ. Энэ бүхэнд хөрөнгө оруулагч биш тухайн үеийн Засгийн газар,Ерөнхий сайд буруутай. Гэтэл Энэ таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь Оюутолгойн гэрээний төслөөс  дор байна гэж харагдаад байна. Энэ үндэслэлийн талаар дээр хангалттай тайлбарласан.

 

-Таныг Уул уурхайн сайдаар ажиллаж байхад Тавантолгойн Хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах, улмаар гэрээ байгуулах асуудал мөн л бэлтгэгдэж байсан гэдэг. Энэ үнэн үү?

 

-Намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад 2011 онд зарлагдаж сонгон шалгаруулалтын нэгдүгээр шат нь дууссан байсныг үргэлжлүүлэх шийдвэр гарсан байсан. Гэрээний төслийг би л лав тэр үед харж байгаагүй. Энэ засгийн газрын сайд нар хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэхдээ хэрэгжээд явж байгаа энэ ордыг эргэлтэнд оруулахтай холбогдсон УИХ-ын 40,39-р тогтоолын дагуу ажиллаагүй байж магадгүй байна.Гэрээний төсөл нь хөрөнгө оруулагч талын бэлтгэсэн төсөл болов уу гэж бодож байна.Бид төмөр замын талаар баримтлах бодлогоо 2010 онд баталсан мөртлөө,төмөр замын царигын талаар 4-5 жил маргалдсан.Гэтэл төмөр замаар нүүрс тээвэрлэхтэй холбогдсон хамгийн чухал төмөр замын тээврийн тарифийн болон тразит тээврийн тарифийн хэлэлцээрээ өмнөд хөрштэйгээ хийгээгүй байсан. Өнгөрсөн 2014 онд шинэчлэлийн ЗГ-ын үед энэ хэлэлцээрийг хийснээр “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшиж буй Тавантолгой ордод хөрөнгө оруулагч сонгох сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдсэн юм.

 

-Гэрээнд иргэн бүрийн халаасанд байгаа үхмэл 1072 ширхэг хувьцааг тусгах ёстой, үгүй гэсэн асуудал хөндөгддөг. Тэр ч бүү хэл, иргэдээс саналыг нь авах гэнэ. Энэ зөв үү?

 

-Энэ уг нь маш ойлгомжтой энгийн асуудал. Тухайн компани шинээр хөрөнгө оруулагч нэмэх,компанын хуульд заасан их хэмжээний хэлэлцэлд тооцогдох зээл авах тохиолдолд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж зохих шийдвэрийг гаргуулах учиртай. “Эрдэнэс Тавантолгой”-ХК-д эзэмшиж байгаа иргэдийн хувьцаанд ноогдол ашиг хэрхэн хувиарлах нь ойлгомжгүй тохиолдолд иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааны ханш өсөхгүй л болов уу даа.

 

-Дараагийн асуудал нь Тавантолгойн 51 хувийг эзэмшигч нь Монгол Улсын компани мөн үү. Энэ талаар ажлын хэсгийнхэн бас нягталсан байх?

 

-Үүнийг нягталж амжаагүй байна. Хэвлэлээр гарч байгаа түвшний мэдээлэл бол байгаа.

 

-“Энержи ресурс”-ийг “Эрдэнэс Тавантолгой”-гоор солих тухай гишүүдийн амнаас цухалзаж эхэллээ. Танай намын бүлэг дээр ч энэ асуудал хөндөгдсөн гэсэн?

 

-Энэ талаар дээр тайлбарласан. Ямар ч хуулийн этгээд “Эрдэнэс Тавантолгой”-компанид хувь эзэмших гэж байгаа бол энэ компанын хувьцаанаас худалдаж авахаас өөр арга зам байхгүй.

 

-“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь бүлгийн хуралдаан дээр өнгөрсөн хугацаанд хэрхэн ашигтай ажилласан талаар, мөн цаашид ч орлого нэмэгдэх тухай мэдээлэл хийсэн гэсэн. Тэгэхээр алдагдалтай ажиллаж байсан компани харин ч орлоготой болж хувирсан нь анхаарал татах юм?

-“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажилласныг тайлангаас нь харж болно. Харин нь үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байхад нь ирээдүйд олох орлогыг нь барьцаалж байгаад 350 сая ам.доллар зээлээд тараачихсанд л гол асуудал нь байгаа юм. Бид нүүрсээ ганц орны зах зээлд нийлүүлэлдэг худалдан авагчийн өрсөлдөөн байхгүй бусад орноос 30-40 хувиар хямд нүүрсээ борлуулдаг билээ. Дээр нь 2012 онтой харьцуулахад 2013, 2014 онд нүүрсний үнэ борлуулалтын үнэ бүс нутгийн зах зээл дээр 70 орчим хувиар уначихсан.Нүүрсний үнэ унаагүй бол 2013 онд тэр зээлийг нүүрсээр төлөөд дуусчих байсан. Бас нэг Монголын бүх компаниудад байгаа нийтлэг асуудал нь гадаад валютын ханшны өсөлтөөс улбаатай алдагдлыг тайландаа хэрхэн тусгасан байна вэ гэдгийг харгалзах хэрэгтэй.

 

-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд гарах бол. Энэ гэрээний төслийг хэлэлцэхгүй удаашруулах нь ямар үр дагавартай гэж та харж байна вэ?

 

-Удаашруулах зорилготой УИХ-ын гишүүн байтугай жирийн иргэн байх учиргүй. Монгол Улсын эрх ашгийг дээдэлж, хууль номын дагуу хурдан шийдвэрлэх шаардлагатай. Үүний үр дагавар нь УИХ гэхээсээ илүүтэйгээр Засгийн газар, түүний өргөн барьсан гэрээний төслөөс илүү хамааралтай. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хэрэгжээд явж байгаа УИХ-ын 39-р тогтоолын 5-р заалтад гэрээний төслийг УИХ-д танилцуулах гэж заасан байгаа. Иймд төслийг УИХ-р хэлэлцэх эсэхтэй холбогдуулж маргах хэрэггүй байсан. Монгол улс хуулийн засаглалтай орон.Хуульд зааснаар Ерөнхий сайд хууль, тогтоомжийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг.

 

-Уг нь УИХ-ын дарга гэрээгээ л оруулаад ирвэл 14хоногийн дотор хэлэлцээд явуулна гэж хэлж байсан. Мөн АН-ын бүлэг ч иймэрхүү байр суурь илэрхийлж байсан ч өнөөдөр тэс өөр зүйл яриад сууж байна. Яагаад ингэх болов?

 

-УИХ-ын бүтэц аливаа асуудлыг олонхын саналаар шийддэг.

 

-Магадгүй танай намын бүлэг Тавантолгойн гэрээг буцааж мэдэхээр байгаа нь нууц биш. Тийм биз?

 

-Одоогоор ийм шийдвэр УИХ-ын аль ч бүтцээс гараагүй байна. Бүх гишүүдэд хурдан явуулах хүсэл байгаа байх. Гол нь Засгийн газраас өргөн барьсан төсөл нь хууль,тогтоомжинд нийцэж байгаа эсэхээс шууд хамаарна.

 

Ер нь Тавантолгойгоор бамбай хийж АН-ын тодотголтой гурван толгойн зөрчил ил боллоо гэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Монголын ардчилал сүүдрээ нуудаггүй гэдэг байх аа. Тэрний л нэг жишиг болов уу. Ер нь тэднээс гарч буй төрийн ажилтай холбогдсон аливаа шийдвэр улсын эрх ашиг, хууль тогтоомжинд нийцсэн байх учиртай гэж бодож байна.

 

 

Л.НИНЖСЭМЖИД

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.