Монголын нэр хүнд дэлхий дээр унаж байгааг эдгээр цөөхөн компанийн жишээ л харуулж байгааг УИХ-ын гишүүний хувиар хөндсөн хэрэг биз. Дээрх нэр дурьдсан компаниуд дандаа тухайн улсдаа нэр хүндтэй, дэлхийн олон ч оронд уул уурхай болон бусад салбарт лиценз эзэмшиж, баялаг бүтээхдээ бүтээчихсэн “луухгар”-ууд.
Харамсалтай нь Монгол Улсад ирээд тэд өөд нар харсангүй. Зарим нь компанийнх нь хэрэг шүүхийн шатанд байх үед захирал нь Монгол Улсад ирчихсэн байхдаа учир битүүлгээр амиа алдчихлаа. Олон орны хэвлэл мэдээлэл энэ мэт хэргүүдийг олзолж авчихаад Монгол бол “Hotel Mongolia” хэмээн дэлхий нийтэд зарлан тунхаглаж байна. Бид одоогоор үндэстэн дамнасан гурван том корпорацитай шүүхийн асуудалтай байгаа.
Баялгийн үндэсний үзэл гэгчийн синдром жинхэнэ утгаараа энэ улсад нүүрлэчихсэн. Хууль баталж тоглодог, том ордуудаа эзэмших гэж улайрдаг, хувь эзэмших хүслээ хүчээр тулгах, үндэстэн дамнасан корпорациудтай үргэлж зөрчилдөх зэргээр илэрдэг синдром энэ үзлээр илэрдэг хэмээн улс төр судлаачид хэлдэг.
Уул уурхай, Гадаад хэрэг, Аж үйлдвэр зэрэг баялаг бүтээгч яамдууд хөрөнгө оруулах сонирхолтой хар шар зүсэн зүйлийн хүмүүсийн хөлд дарагдчихсан байдаг цаг. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдын бараа зүс эдгээр яамдуудаар харагдахаа больсныг нуугаад яах вэ. Нүсэр техникийн дуу тэнгэрт хадаж байх хаврын улирал дуусах дөхөж байхад гадны хөрөнгө оруулалт сэргэхгүй байна. Доллар орж ирэхгүй нь.
Нүүрсний үнэ улам унаж байна гэсэн таагүй мэдээллийг салбарын яамнаас хийлээ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Харин Монгол Улсын төр засгийн өндөрлөгт суугаа эрхмүүдэд энэ үг хамаагүй бололтой. Гадны олон ч хурал уулзалтад Төрийн тэргүүнээсээ эхлээд очиж “Монголд тавтай морил” хэмээн урьж залсан ч тэд ирсэнгүй. Эхлээд бодлогоо тодорхой болгочих. Дараа нь бид очно гэсэн шаардлага тавьдаг гэнэ.
Дампуурлаа зарлахыг хүсээгүй л бол Монгол Улсад битгий хөрөнгө оруул хэмээн нууц далд сүлбээний уулзалт хурлын үеэр уриалдаг талаар Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байсан ч мөн л шүүхээс салахаа больсон танил Япон маань ярьж байв. Тэд тус бүртээ үйл ажиллагаа явуулдаг, салбартаа хүчтэй өрсөлдөгчид ч хөрөнгө оруулсан улс орнуудынхаа талаар мэдээлэл ямагт солилцдог аж.
Тэр үед бидний талаар үргэлж таагүй мэдээлэл хуваалцах болсныг энд зориуд онцлон хэлье. Канадын “Саусгоби Сэндс” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Филиппиний иргэн Хиларион Кажуком “Миний карьер үгүй болчихлоо. Би энэ улсаас хэзээ явахаа мэдэхгүй байна” хэмээн ярьж байсныг “Блүүмбэрг” сануулж байсан удаатай. “Үнэхээр гайхамшигтай. Яг л Холливудын кинонд гардаг шиг намайг баривчилсан. Харин яагаад баривчилсан бэ гэдгээ надад тайлбарлаагүй.
Барууны компанийн засаглалын талаар цагдаа нарт мянга түм тайлбарласан ч тэд намайг ойлгоогүй. Тийм зүйл мэдэхгүй гэж хэлсэн” хэмээн Монгол Улсаас гарах эрхээ хоёр жил хасуулсан Австралийн иргэн Сара Армстронг дэлхийн хэдэн зуун хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байлаа. Хилс хэрэгт гүтгүүлсэн хэмээн улсынх нь Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд буцсан Саусгоби Сэндсийн удирдлагууд өнөөдөр дэлхий нийтэд бидний тухай аль бүтэхгүй талаас нь ярьж явна.
Ийм байхад хөрөнгө оруулалтын талаар ярих хэрэг байна уу. Хөгжих тухай мөрөөдлөөр сэтгэлээ ч хуурах шаардлага алга. Бид баялгаа ашиглуулж байж л хөгжих учиртай. Хоёр талаасаа хүчирхэг том гүрнээр түшүүлсэн, далайд гарцгүй улсын хувьд дангаараа уул уурхайгаа ашиглаад хэзээ ч Азийн бар улс болж чадахгүй. Нүүрс, зэс, алтны арвин их нөөцтэй ч техникийн хүчээр зодож буй акулуудын дэргэд бид голын жижигхэн жараахай төдий.
Гэтэл хөрөнгө оруулах гэж сонирхож ирсэн бүхэнтэй шүүхдэлцэж, эсвэл хөөж туудаг, ямар шалтгаанаар хорьж цагдаж байгаагаа хэлэхгүйгээр барьж хорьдог, шалгаж байгаа нэрийдлээр улсаасаа гарахыг хориглодог тийм л улс болж хувирлаа. Уул уурхайгаар шоудсан улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл бүхэн ардаа ямар үр дагавар дагуулж байгааг Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн хэдхэн компаниудын жишээнээс харж болно.
Эд бол зөвхөн олны анхааралд байгаа томчууд нь. Шүүхийн шатанд хэдэн арван гадны компаниуд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Засгийн газар, яам агентлагтай шүүхдэлцэж яваа. Солонгосын “Реалко Кореа” ХХК Ашигт малтмалын газрыг лиценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүх болон Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандаж, мөн л шүүх дээр уулзаж яваа сурагтай.
“Хан Ресурс”-ын нэхэмжилсэн 104 сая ам.долларын хэрэг Хуульзүйн яамны толгойн өвчин болчихоод байгааг нуугаад яахав. Английн “Рио Тинто” Оюутолгойн 30 тэрбумын татвараас болж мөн л Засгийн газартай шүүх цагдаа болж, ойлголцолд хүрэх гэж хоёр тал ярилцаж хугацаа алдсаар.
Хөрөнгө оруулалтын олон арван компаниуд Оюутолгойн хувь заяа хаашаа эргэхээс шалтгаалан Монгол Улсад хөрөнгө оруулах уу, эс оруулах уу гэдгээ шийднэ гэдгээ ил тод зарлачихсан. Мөнгө аваад лицензээ ашиглах гэсэн олон ч компаниудад дэлхийн том банкууд мөнгө өгөхөөс татгалзаж, Оюутолгойг хараад суучихсан. Хятадын “Шинхуа” Тавантолгойн төслөөс болж мөн л таагүй сэтгэгдэл өвөрлөн нутаг буцлаа.
Хятадын дараагийн том компани болох Чалко өнөөдрийг хүртэл манайхаас бэлнээр өгсөн мөнгө, нүүрсээр төлөх өрөө салгаж авч чадахгүй суугаа. Японы Сумимото Монголчуудын замбараагүй, хариуцлагагүй, улстөржсөн, талцал хуваагдлыг гайхширсаар нутагтаа очсон нь тодорхой.
“Центерра Гоулд” хөрөнгө оруулалтаа хадгалж үлдэхийн тулд Гацуурт дээр аргаа бартал тэмцэж, бүх л арга чаргаа хэрэглэж байгаа. Улаанбадрах сумын тугал үхсэн, уран олборлох гэж улайрлаа хэмээн Ареваг аль муугаар л зүхэж байна, бид. Энэ мэт дэлхийн том, том компаниудыг бид дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр хашраах болов. Монгол руу л зүглэхгүй юм шүү гэсэн бодолтой бизнесмэнүүд хэтэрхий олширлоо.
Энэ бүхэн мэдээж өнөөдөр бий болчихсон асуудал биш. Хууль эрхзүйн хэтэрхий замбараагүй, хайнга байдал өнөөдөр ийм байдалд оруулчихлаа. Хуулиа зөөллөж, хэдэн арван төгрөгийн төлөө замбараагүй тараасан лицензийн асуудал биднийг эргээд гарах гарцгүй болгочихлоо.
Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр болж лицензийг нь эргэж сэргээж, хууль эрхзүйн орчноо өөрчилсөн нь нэгэнт хөрсөн итгэл эргэж сэргэхдээ удаан байдгийг энэ мэт жишээ харуулсаар байгаа юм. Хагарсан шаазан эргэж хэзээ ч нийлдэггүй гэсэн үг байдаг даа. Шүүх цагдаагаар явчихсан хөрөнгө оруулагчидтай бид хэзээ ч эргэж уулзах нүүргүй болоод хоцорлоо. Одоо үүнээс илүү олон асуудал хэрэггүй.
Стратегийн 35 ордоо дарж хэвтсээр баяжихгүйгээс хойш хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх арга чарга юу байна, тэр бүгдийг л хийцгээе. Хуульдаа ойр ойрхон өөрчлөлт оруулдаг байдлаа одоо болимоор байна. Мэдээллийн цензур энэ салбарт хэрэгтэй болчихоод байна.
Мэргэжлийн багт ажил хийлгэх эрхийг нь өгье. УИХ-ын гишүүний амнаас унасан үг бүхэн үнэтэй, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг механизмыг төрд бий болгоё. Хөрөнгө оруулалт татаж чадах мэргэжлийн пиарын багийг хөлс төлөөд ч болов ажиллуулмаар байна.
Монгол Улсын эсрэг хөдөлж буй тэр том мэдээллийн баазад няцаалт өгөх, дотоодын сайн мэдээллийг гадагшаа түгээх хүчирхэг пиар багийнхаа ажлыг яг өнөөдрөөс эхлээд эрчимжүүлмээр байна, улстөрчид өө. Энэ бол хөгжих гэж оролдож байгаа аль ч улсад байдаг жишиг. С.Баярцогт сайдын хэлсэнчлэн бид эерэг мессеж өгөх, дэлхийд өөрсдийгөө эерэгээр сурталчлуулахгүйгээр хаашаа ч хөдөлж чадахгүй. Дотооддоо мянга хэрэлдэж, уралцаж, сайхан бүтээн байгуулалт хийгээд энэ маань гадагшаа, дэлхийн чихэнд хүрэхгүй бол Азийн бар болох мөрөөдлөөр яах юм бэ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Эх сурвалж: www.mminfo.mn