Comment.mn

Б.Амгаланбаатар: Ирэх сарын 1-нээс цалин нэмэхээр тохиролцсон


ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ УРТАСГАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ ГЭВ

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030 оны бодлогын баримт бичгийг Засгийн газар, УИХ-ын зарим байнгын хороодын төвшинд хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар МҮЭХ-ноос өчигдөр мэдээлэл хийв. Учир нь тус холбоонд салбар холбоо болон гишүүд тэтгэврийн насыг уртасгах төрийн бодлогыг хүлээж авах боломжгүй гэсэн санал, гомдол олноор хүргүүлэх болжээ. Холбооны зүгээс тэтгэврийн насыг уртасгах нь манай улсын нөхцөлд тохирч байгаа эсэх, төрийн бодлого ямар чиглэлээр гарах тухайд судалгаа хийсэн хэмээн хурал зохион байгуулагчид ярилаа. Тодруулба, Үндэсний стаститкийн хорооноос монгол хүний дундаж наслалтын хэмжээ 69.1 гэсэн бол НҮБ-ын судалгаараар 2013 оны сүүлчээр 63 нас гэжээ. Монгол хүний дундаж наслалт олон тооны зөрүүтэй байгааг бодитойгоор тогтоож, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзжээ. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Тэтгэврийн насыг уртасгах нь ойрын хэдэн жилдээ хэрэгжих бодлогын баримт бичиг биш. Энэ бол судалгааны баримт бичиг. ХАХНХ-ын сайдаас тайлбар авахад тэтгэврийн насыг уртасгах бодлогыг бид бариагүй. Ийм үг үсэг бодлогын баримт бичигт байхгүй гэдгийг албан ёсоор хэлсэн. Энэ бол урьдчилж хийж байгаа судалгаа юм. Тиймээс энэ асуудлыг манай холбооны зүгээс судалгааны ажил гэж хүлээж авч байгааг албан ёсоор хэлье. Эрхзүйн хүрээнд баталгаажих хугацаа ойрын хэдэн жилд бий болох боломжгүй” гэв. Тэрээр энэ үеэр цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгсөн юм.

ЦАЛИНГ ХУВИАР БИШ МӨНГӨН ДҮНГЭЭР НЭМНЭ

Өнгөрсөн нэгдүгээр сард Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрээр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгасан билээ. Тэтгэвэр, тэтгэмж Сар шинийн баярын үеэр нэмэгдсэн бол цалингийн нэмэгдэл одоог хүртэл хүлээлттэй хэвээр байгаа юм. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороо сүүлийн хоёр сарын турш энэ асуудлаар ярилцаж, энэ сарын эхээр тохиролцоонд хүрчээ. Тавдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээний салбарынхан, долдугаар сарын 1-нээс төрийн тусгай албан хаагчид, аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны буюу удирдах албан тушаалтнуудын цалинг нэмэхээр тохиролцсон байна. Ингэхдээ хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх аж. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэгдэх л үлджээ. Гэвч цаг хугацаа тулчихсан байхад шийдэгдээгүй байгааг Х.Амгаланбаатар онцолж “Засгийн газарт хандаж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр тохиолцоорг өнөө маргаашгүй хуралдаанаар авч хэлэлцэж баталгаажуулахыг дахин сануулъя. Хэрэв энэ байдал шийдэгдэхгүй, зөвхөн Тавантолгой, Оюутолгойн асуудал дээрээ анхаарлаа хандуулаад байвал нийгмийн зүгээс нэлээн бухимдал төрнө. Учир нь улсын гурван талт хэлэлцээрээр тохиролцсон асуудал болохоор хуулийн хүрээнд үйлчлэх ёстой байдаг. Аль нэг тал нь хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хамтын маргаан дэгдэж шүүхээр асуудал шийдэгдэх нөхцөл үүснэ” гэв.

“Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.zuuniimedee.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.