“Тавантолгой”-н асуудлаар фракцгүй болсон гэх Ардчилсан нам талцаж, хуваагдаад бараг нэг сарын нүүрийг үзэх нь. Урагшилсан ажил нэг ч үгүй. Өнгөрсөн хугацаанд яг энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гурван удаа “хутгалав”.
Эхнийх нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх орой ард иргэддээ хандан “Тавантолгой, Оюутолгой гацаанаас гарч байна. Удахгүй Монголын эдийн засаг сэргэж, та бүхний амьдрал, ахуй сайжирах нь” гэж мэдэгдсэн. Гэтэл маргааш өглөө нь УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн гэрээг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Хэлэлцүүлэлгүй баталсан сайд нарыг огцруулна” мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлээс Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдэг нь тодорхой байв. Ингэж З.Энхболд гурван сая иргэний хүлээлтийг Ч.Сайханбилэгийн сайхан мэдэгдэлтэй хамт салхинд хийсгэсэн юм.
Хоёрдугаарт нь, Ч.Сайханбилэг УИХ-ын даргад бууж өгөн Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхийг зөвшөөрсөн. Ингээд 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр тохиролцсон ч уг төслийн ажил бахь байрандаа л байна. Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьсан ч гэрээний тогтоол боловсруулах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу бүрдүүлж өгсөн байна хэмээн буцаасан. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хоёр сая хувьцаас эзэмшигчдээсээ зөвшөөрөл аваагүй учраас Тавантолгойн төслийг буцаав” гэсэн тайлбарыг хэлж байлаа. Ингэж УИХ дээр тус төсөл бараг 14 хоног саатсан юм.
Гуравдугаарт нь, Засгийн газрын зүгээс шаардлагатай гэсэн бичиг баримтаа бүрдүүлээд дахиад өгтөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гарч Тавантолгойн ордын 51 хувийг төр эзэмших ёстой гэж мэдэгдсэнээр уг гэрээний төслийг нам гацаахад хүргэв. АН-ын гүйцэтгэх зөвлөлийг З.Энхболд хуралдуулсан нь ойлгомжтой бас ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн нь тодорхой юм. Мөн уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх гэтэл бас л УИХ-ын дарга хойшлуулав. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. УИХ-ын даргын зүгээс ажлын хэсэг гаргаж гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гаргах гэнэ. Энэ мэтээр тэрбээр Тавантолгойн гэрээний асуудлыг гацаасаар байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр үйлдэл бүрээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “түгжилдэж” байгаа юм.
АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уурыг нилээн барсан сурагтай. Тэрбээр уг асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдтой муудалцаж хаалгаа савж гарсан гэх мэдээлэл байна.
Ямартаа ч өнгөрсөн хугацаанд тэрбээр гурван удаа З.Энхболдод хутгалуулав. Харин одоо яах бол гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Ч.Сайханбилэг өнгөрсөн хугацаанд хангалттай тэвчиж янз бүрийн мэдэгдэл хийж, сэлэм эргүүлэлгүй өнөөдрийг хүргэлээ. Түүний тэвчээрийг хүмүүс гайхаж байна. З.Энхболд Засгийн газрын том төсөл ажлыг гурван удаа амжилттайгаар гацаахад тэрбээр буулт хийж чимээгүй байсан. Тэвчээрт хязгаар бий. Нэг л өдөр тэсэрнэ. Харин тэр үед улс төрийн ямар үйлдэл хийхийг мэдэхгүй.
Хэрвээ зөрчил энэ байдлаар үргэлжилбэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх нь тодорхой гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Ингээд Тавантолгой шийдэгдэлгүй дараагийн Засгийн газрын нүүртэй тулж мэдэхээр байна.
Эх сурвалж: www.24tsag.mn