СХД-ийн айлын хашаанаас Занданшуулсан шарил олдож, нэлээдгүй шуугиан тарьж байсан нь саяхан. Эл асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
Мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон билээ.
Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрчээ.
Эл мэдээллийг сонссон жирийн хийгээд ядарсан ард иргэдийн тархинд цус харвах дөхсөнийг нуух юун. Учир нь ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч, өвчин зовлон тохиосон нэгэн нь бусдаас тусламж гуйх нь хэвийн үзэгдэл болсон энэ цаг үед занданшуулсан шарилд Засгийн газрын нөөц хөрөнгөөс мөнгө гаргана гэдэг их л “хатуу” сонсогдож байгаа юм. Гаргах гаргахдаа бүр 100 гаран саяар цацах нь.
Зарим иргэдийн хувьд занданшуулсан шарил бага гарын хулгайчаас их гарын хулгайчийн гарт оровгэцгээж байна. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг энгийн хулгайч ухаад зардал чирэгдэлгүй аваад ирсэн юм их гарын хулгайчийн гарт орж Засгийн газрын нөөц сангаас 164 сая төгрөг гаргуулчихлаа гэх иргэд цөөнгүй байна.
Шарил олдож, хаанахын хэн гэгчийнхийг нь тогтоосны дараа Архангайн Цахир сумруу өч төчнөөн зардал чирэгдэл гаргаж аваачиж байсан. Үнэт өв гэдгийг ч ард түмэн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ л шарилд энэ хэмжээний зардал хөрөнгө гаргуулж ууланд нь буцааж байршуулна, шарилыг сэргээнэ гэсэн нь юу гэсэн үг вэ?.
Өнөөгийн нөхцөлд 164 сая төгрөгөөр юу хийж болох, хэдэн өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлж болохыг хүн бүр дор бүрнээ бодож байгаа байх?.
Нөгөөтэйгүүр зарим иргэд арай өөр өнцгөөс харж байна. Засгийн газрын нөөцөөс уг нь барагтай зүйлд төсөв гаргадаггүйг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл дээр дооргүй эдийн засгийн хямрал ярьсан өнөө үед, ийм хэмжээний мөнгө гаргах болсон нь цаанаа учир шалтгаантай байх гэцгээн таамаглаж байна. Тодруулбал, Улаан-Үдэд Итгэлт хамбын ийм шарилаар бизнес хийж сая сая жуулчид, мөргөлчдийг татаж байгаа. Тэгвэл яг энэ жишгийг Монголдоо авч хэрэгжүүлэн жуулчдаас орлого олох боломж эрэлхийлж байгаа юм болов уу гэх. Гэхдээ л энэ таамаг, горьдлого талаар өнгөрч болзошгүй. Занданшуулсан шарил тухайн уулын “савдаг” нь шахам болсон, тэр ууландаа л байж гэмээнэ нутаг нугынхаа зон олныг “харж хандаж” байх учиртай юм хэмээн тайлбарлаж байсан санагдана. Лам хуврагууд ч байсан газар нь буцааж залах нь зөв хэмээж байсан юмдаг.
Гэхдээ нөөцийн хөрөнгөөс гаргах гэж байгаа төсвийг зүгээр нэг ашиггүй зүйл болгож хувиргахгүй байх үүднээс их л нухацтай шийдэх нь зөв гэдгийг учир мэдэх хүмүүс онцолж байгаа юм.
Эх сурвалж: www.24tsag.mn