Comment.mn

Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ


Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь Хутаг уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор төдийгүй  хулан, аргаль угалз  гээд дэлхийд ховордсон ан амьтдын идээшсэн нутаг юм. Алдарт Эндрьюс судалгаа хийж явсан түүх, соёлын дурсгалт газар, говийн хутагтуудын төрсөн гэрийн бууриас өгсүүлээд булш бунхныг хадгалсан дагшин хоймор   гээд олон талтай.

Харамсалтай нь  тэр бүхэн  “Галакси Майнинг” компанийн мэдэлд, ашигт малтмалын лиценз нэртэй  “цаазын тавцанд” очсон тухай “Хутаг уулын дурсгал хутганы ирэн дээр байна” гэсэн нийтлэлдээ бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаарх  иргэдийн захидал, өргөдөл, хүсэлтэд үндэслэн Өргөдлийн байнгын хорооноос  МХЕГ-т шалгуулахаар өгсний мөрөөр сураглахад хариу нь гараагүй байна.

Олон талт, эртний шүтлэгт Хутаг уулыг ухсан нүх, овоолсон шороо болговол уруудах шалтгаан олон байгааг нутгийн иргэд хэлж байна. Нэгд өвгөд  дээдсийн үеэс  тахиж ирсэн шүтээнээ хөндөхийг тэд  “Буяндаа бузар оруулахтай адил” хэмээн  цээрлэж байна. Мөн нэг талаас Чингис хаан, Говийн болон Халхын хутагтуудын буш бунханаар оролдох нь зохисгүй, нөгөөтэйгүүр түүх соёлын дурсгалаа авран хамгаалах учиртай гэв. Тэдгээрээс үл дутах чухал асуудал бол байгаль орчин, ан амьтан, өвс ургамлын аймаг, ус голууд  гээд   хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй үнэт зүйл, хэдэн үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө бууц нь тэнд бий. Тиймээс Хутаг уулаа уул уурхайн компанид өгчихвөл  “Буруу  замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэгч болно гэцгээж байна.

Бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон он цагийг хөөвөл 2004 онд иргэн С.Цогтсайхан, 2005 онд иргэн Л.Ганбаяр,  2006 онд “Занаду Майнз Монголиа” ХХК, 2007 онд “Занаду металл Монголиа” ХХК, 2008 онд “Ханги Хүдэр” ХХК, 2012 оноос БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси Майнинг Монголиа” ХХК  авч, улмаар 2014 оны арваннэгдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон  өөрчлүүлжээ. Ийнхүү Хутаг уул хутганы ирэн дээр ирээд байгаа юм.

Хутаг уулын  ойр орчмыг хамгаалах асуудал хэзээнээс  хүчтэй тавигдаж байв гэвэл XIII зуун буюу   Чингис хааны  үеэс гэчихвэл түүхчдийн өмнө цэцэрхсэн болохгүй байх. Учир нь Хутаг уул орчмын газар усны нэрээс харахад  Хоёр загал, Хатны булаг, Гуа тээг гэхчлэн их хааны түүх, домогтой холбогддог нь монголчууд тэр  үеэс газар ус, байгалиа хамгаалах үүднээс ийм зан үйл үйлддэг байсан тухай судлаачид хэлж байгаа юм.  Ус нутгаа хамгаалах дараа үеийн шийдвэрүүдийг хөөж үзвэл БНМАУ-ын үеэс Хутаг уул, ойр орчмыг хамгаалах асуудал удаа дараа тавигдаж иржээ. Тухайлбал, 1988 онд аймгийн Ардын депутатуудын хурлын  гүйцэтгэх захиргааны дарга Б.Мижид, нарийн бичгийн дарга З.Цагаан нарын гарын үсэг бүхий ховор болон ховордсон ан амьтад бүхий байгалийн үзэсгэлэнт зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай захирамж гаргахдаа Хутаг уулыг оруулсан нь цагаан дээр хараар тэмдэглээстэй байна. Харин хамгийн харамсалтай нь өнөө цагийн бид хэрхэн хандаж байгааг хэлэхэд,  Хутаг уулын ойр орчмын газар нутаг нь 2014 онд судлаачдын тодорхойлсон тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгийн жагсаалтад оруулсан  байгаа  юм.Хамрын хийд, Энергийн төв, Равжаа хутагттай холбоотой дурсгалууд гээд хүмүүс олноороо зорьж очдог энэ газрыг тэр чигт нь аялал жуулчлалын цогцолбор болгохын оронд Дорноговь аймгийн үе үеийн Засаг  дарга ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл өгч, улмаар өөрсдийн биеэр Хөвсгөл суманд очиж “Хутаг уулаа ухуулвал амьдрал чинь сайжирна” хэмээн уриалж явсныг иргэд хэлж байна. Бас нэг чухал мэдээлэл бол Хутаг уул жилийн жилд өвс тэжээлийн гарц сайн байдаг учраас отрын нутаг юм.  Ган, зуд болоход нэн тэргүүнд  барааддаг тухайн нутагтаа   Хэнтийн Хэрлэнбаян-Улаан  нь ажээ. Энэ бүхнээс үзэхэд нутгийнхны хэлснээр үнэхээр  Хутаг уулыг  ухчихвал  уруудах шалтгаан тэнд олон байна.

 

Хэн юу хэлэв?

Л.Батмөнх: Төв Азид хуурай газар анх үүсэхэд бий болсон хайрхан

 

 Хутаг уулаа ух гэж Засаг дарга нь уриалжээ

 

Хөвсгөл сумын уугуул, сумын анхны Засаг дарга нарын нэг, ахмад инженер Л.Батмөнх Хутаг уулын тухай ингэж ярьж байна.

-Хутаг уулыг нэг талаас ашиглах, нөгөө талаас хамгаалах саналууд эсрэгцэж байна. Нутгийн хүний хувьд та  ямар саналтай байна?

-Би нэг  түүх хэлье. Нутгийн залуус, хойч үе, уншигч олон мэдэж аваг.  Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Н.Ишжамц агсны судалж тодорхойлсноор бол Хутаг уул нэг тэрбум жилийн өмнө Хангайн нуруунаас бусад Монголын бүх газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц ууган гадаад далай болох Номхон далайтай залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроол байсан гэдэг. Ингээд 900 сая жилийн өмнө одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумдын зааг дахь Хутаг уул үүсч өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж хуурай газар болоход сүндэрлэн гарч ирсэн түүхтэй. Ер нь бол энэ бүс нутгийн Их дулаан уул зэрэг бусад уул толгод 350 гаруй сая жилийн өмнөөс удаа дараалан үүсч бий болсон. Хэрэв Хойд мөсөн далай Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая хүрэхгүй жилийн өмнө үүсч, тэнгэр баганадсан Гимлайн нуруу 30-аад сая жилийн өмнө бий болсныг анхаарвал, Хутаг уул тэргүүтэй говийн уул толгод Сүмбэр уулыг дов, Сүн далайг шалбааг ч болоогүй байхад үүссэн өнө эртний өвгөн буурал хайрхан юм. Тиймээс Хутаг уул хожмын үед эрхэм сүлд тахилга бүхий онгон дархан шүтээн сахиус болж тайгдан тахигдаж ирсэн. Нөгөө талаас Хутаг уул Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн нутгийн хамгийн өндөр цэг буюу 1436 метрт өргөгдсөн гол тахилгат шүтээн уул байгаа юм. Ухна, ашиглана гээд дайрвал ээж, аав руугаа  мэс далайж дайрсантай ялгаа юун. Би ийм л бодолтой байгаа.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

  “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.zuuniimedee.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.