Comment.mn

Л.Эрдэнэчимэг гишүүн “сурвалжлагч асуухаар нь балмагдсандаа худлаа хэлчихсэн” гэжээ


Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзсаны дараа

Монос эмийн сангийн түгээдэг Фенобарбитал эмэнд найман сарын өмнө 16 нярай хордсон тохиолдол гарсан. Уг асуудал энэ хуга­цаанд шийдэгдээгүй бөгөөд хүүхдүүдийн хорд­лого өнөөдөр ч тайлаг­даагүй байгаа аж. Эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй Моносын эзэн буюу УИХ-ын ги­шүүн Л.Эрдэнэчимэг өчиг­дөр уулзав. Уулзалт сэтгүүлчдэд хаалттай бол­сон учраас эмэнд хорд­сон хүүхдүүдийн аав Ч.Энхжаргал, В.Амараа, Г.Ганзориг болон өмгөөлөгч Г.Мягмардоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Фенобарбитал эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Өнөөдөр Моносын эзэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй уулзлаа шүү дээ?

В.Амараа: Нэг хүүхэд саажилттай болчихоод байна. Тодруулбал, оюуны хомсдолтой болчихлоо. Хоёр хүүхэд тархины усжилттай болж байгаа нь оношилгоогоор илэрсэн бол бас нэг хүүхэд тархины шохойжилттой гэсэн оноштой байна. Хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй болсон шинжилгээний дүн хоёр сарын өмнө гарсан. Илэрч байгаа шинж тэмдгүүд бүх хүүхдүүдэд адилхан байна. Ахиад зургаан сарын дараа шинжилгээ өгөхөд хүүхдүүдийн биед дахиад өөрчлөлт гарах вий гэхээс бид айж байна. Тийм учраас даруйхан шинжлүүлье гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Гэтэл Монгол Улсад ийм шинжилгээ хийдэг газар байдаггүй юм байна.

-Хаана хийх боломжтой бол. Л.Эрдэнэчимэг гишүүн яаж тусална гэх юм?

В.Амараа: Хамгийн наад зах нь Орос, Хятад руу явах шаардлагатай байна. Тэр Солонгос, Япон руу явж шинжлүүлдэггүй юм аа гэхэд хөрш улс рууявж нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Эрдэнэчимэг гишүүн Монголд байгаа сайн эмнэлгүүдээрээ үзүүлж, харуулъя гэсэн юм ярьж байна. “ДЦП” буюу тархины бор давхаргын саажилттай хүүхэд маань Эх нялхас дээр эрчимт эмчилгээнд хэвтээд долоо хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Эрдэнэчимэг гишүүн өөрөө маргааш тэр хүүхэд дээр очиж уулзаж анхаарал хандуулна гэсэн.

Г.Ганзориг: Эрүүл мэндийн яаман дээр бидэнд туслалцаа үзүүлье гэсэн хүн алга. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Зэндмаа гэдэг хүнтэй гуравдугаар сарын 12-нд уулзаад хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яам Монос, Эх нялхас, Хүүхдийн төлөө Үндэсний газарт эцэг эхчүүдийн төлөөлөл орж уулзаад ярилцлага хийе гэсэн хүсэлт тавьсан ч бидэнд хариу хэлэхгүй байна. Ю.Атармаа сайд уг нь нэг удаа уулзсан. Тэрнээс хойш бид нартай уулзаж ярьж хэлсэн юм алга.

-Одоо Л.Эрдэнэчимэг гишүүнд ямар шаардлага хүргүүлж байгаа юм?

Г.Ганзориг: Эмчилж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. Монос группийн ерөнхийлөгчзахирал Л.Хүрэлбаатар, Алтанцогт захирал нар ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд удаж байгаа. Шүүх 16 хүүхдийн хоёрыг нь хохирогч гэж үзнэ гэснээс хойш тэд биднийг үл тоох хандлагатай байна. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзлаа. Эрдэнэчимэг гишүүн “Манайхан буруу ярьсан байна. Хоног хугацаа алдаж болохгүй” гэлээ. Сонгууль дөхөөд дахиад худлаа ярьсан ч байж мэднэ. Хүүхдүүдийг эмчлээд явж байхын оронд шүүхээ хүлээсээр байтал найман сар өнгөрлөө гэдгийг ч бид хэлсэн.

-Дахиад худлаа хэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

Г.Ганзориг: Л.Эрдэнэчимэг гишүүн эх нялхсын эндэгдэл байж болохгүй гэж байнга ярьдаг хэрнээ өмнө нь бидэнд анхаарал хандуулж байсангүй. Эрдэнэчимэг гишүүнтэй яагаад уулзах болсон бэ гэвэл өөрөөс нь болсон. Тэр нөхөр телевизээр хоёр удаа ярихдаа “Хохирогч хүүхдүүдийг бүх насаар нь эмчлэх гэрээ хийчихсэн” гээд худлаа ярьж бид түүнийг нь үзчихсэн юм. Тэр хүн хоёр удаа ингэж хэлсэн.

Ч.Энхжаргал: Сурвалжлагчид гэнэт тийм зүйл асуунгуут нь балмагдсандаа худлаа хэлчихсэн юм гэж байна. УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад балмагдаж, худлаа, үнэн ярьж болдог ч юм уу үгүй ч юм уу.

В.Амараа: Моносын эмийн сангаас эм аваад хохирсон 16 хүүхэд байгаа юм. Яг тэр өдөр яг тэр эмийг Эх нялхсын эмч нар гурван хүүхдэд бас хэрэглүүлээд бидний үр хүүхдүүдтэй ижилхэн болгочихсон. Түүнийгээ Эх нялхас хав дараад нуучихсан байгаа. Одоо биднийг хохирогчид гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөөд шүүх дээр дуугарчихвал Эх нялхсын тэр хэрэг бас сэдрэх гээд байгаа юм билээ. Хордсон 16 хүүхдийг тэр эмээс болоогүй гэж хүүхдийн эмч нар байнга ярьж байгаа нь үүнтэй л холбоотой. Эх нялхсын Энхзул гэдэг эмч бүтэн найман сарын турш ингэж ярилаа. Өөрсдийнхөө бурууг хаацайлахын тулд 16 хүүхдийн хувь заяаг гаргуунд нь гаргаж байна. Шүүх хурал дээр “Та манай хүүхдүүдийг үзэж хараагүй байж яагаад худлаа яриад байгаа юм” гэж асуухаар таг дуугүй болчихно. Одоо хүүхдүүдийнхээ биеийг үзүүлээд хамгийн дээд шатных нь эмнэлэгт очъё гэвэл нөгөө Эх нялхас л байж таарч байгаа болохоор үнэндээ хаачихаа, яахаа мэдэхгүй болчихоод байна.

-Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргасан юм бол?

Өмгөөлөгч Г.Мягмардорж: Жор баригчид хоёр жилийн ял оноогоод хойшлуулчихсан. Лавлах дээр сууж байсан зөвлөгөө өгдөг эмчид нь нэг жилийн тэнсэн харгалзах өгсөн. Монос компани цэвэрхэн үлдсэн. Мөн шүүхийн шинжилгээний газар бодитой шинжилгээгээ гаргаж өгөхгүй байна. Шинжлүүлэх гээд очихоор хүүхдүүдийн хөл гарыг нь өргөж үзээд, нүдийг нь хараад алхуулж үзээд зүгээр байна гээд явуулчихдаг. Бид нар нарийн лабораторийн шинжилгээг яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр бидэнд тийм эрх, боломж байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

-Өөр газарт та бүхэн хандав уу?

Г.Ганзориг: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан. Нярай хүүхдэд энэ эмийг ийм их тунгаар уулгасан тохиолдол дэлхийд ховор байна. Мароккод нэг удаа ийм тохиолдол гарсан. Тэнд олон хүүхдүүд энэ эмэнд хордоод найман хувь нь тархины хорт хавдартай болсон байна гэсэн тодорхойлолтой хариу ирсэн. Бид хаашаа л хандана ингэж хана мөргөчихөөд үнэндээ хэцүү байна.

-Бусдад сэрэмжлүүлэхэд энэ эм ямар үйлчлэлтэй вэ. Үйлдвэрлэх, худалдаалах зөвшөөрлийг нь шалгаж үзсэн үү?

-Өмгөөлөгч Г.Мягмардорж: Фенобарбитал эм нь хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тэгээд элэг, уушги, бөөрөнд нөлөөлдөг гээд байгаа юм. Бага насандаа хүүхэд өндөг, хиамнаас хордсон бол бүх насаараа л юмнаас хорддог. Бидний хүүхдүүд эмэнд хордоод эд эрхтэн нь өөрчлөгдчихсөн. Одооцусанд үзэхэд тэр эмийн найрлага байхгүй ч тархи, таван цул эрхтэн нь өөрчлөгдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хамгийн гол асуудал нь тэр эмийг үйлдвэрлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан байсан юм билээ. Хэрэг гарангуут тэд улстөрчдөөрөө, танил нөхдөөрөө ярьж хөөцөлдсөөр байгаад л хэд хоногийн дараа зөвшөөрлөө эргэн сэргээсэн. Угаасаа Монголд үйлдвэрлэх зөвшөөрөлгүй байхад л Мон эм импекс үйлдвэрлэж, Монос эмийн сан худалдаж хууль зөрчсөн байдаг. Гэтэл өнөөдөр жор баригч, зөвлөгөө өгсөн эмч хоёроор энэ том компаниуд туг тахиад өнгөрөөх бодолтой байна.

Л.МӨНХӨӨ

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.