Улаангомын цэцэрлэгүүд Солонгос багшаар хичээл заалгах хүсэлт гаргажээ!!! Монголын боловсролын систем шинээр сонгогдсон сайд бүрийн туршилтын туулай болдог нь багадаж одоо хүүхдүүдээ гадныхны соёл урлаг, тэдний арга барилаар бүр анхан шатнаас нь сургах л дутаж… Улаангомд улсын 9 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ба 11 багийн сургуулийн өмнөх насны 2500 гаруй хүүхэд хүмүүждэг. Сүүлийн үед ганц манай аймаг гэлтгүй хөдөө орон нутгийн боловсролын салбарийг Солонгосын “Койка” байгууллагын “зааварлагчид” чиглүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Яагаад Монголчууд өөрсдөө хүүхэд хойч үедээ хэн нэгнээр зөвлүүлэлгүй, заалгалгүй боловсрол эзэмшүүлж чадахаа болив. Зөвлүүллээ гэхэд яагаад заавал Солонгосчуудаар гэж. Сургууль дээр нь Солонгос багш, Есүсийн сүм дээр Солонгос пастер, Боловролын газарт Солонгос мэргэжилтэн. Энэ ер нь юу болоод байна вэ? Өнөөдрийн байдлаар Боловсролын газарт 1 мэргэжилтэн, Улаангом политехник коллежид 1 багш, 5-р цэцэрлэгт 1 урлангийн багш гэсэн 3 Солонгос “зааварлагч” Улаангомд ажиллаж байна. Энэ тоо багадсан бололтой. Улаангомын цэцэрлэгийн эрхлэгч нар Солонгос багш нарыг ажиллуулах, арга барилийг нь нэвтрүүлэх зорилгоор ганц нэгээр биш бүр багаар ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтийг Солонгосийн Койка байгууллагад гаргасныг зураг дээрээс та бүхэн харж байна. Цэцэрлэгийн багш нар үнэхээр гадны хэн нэгнээр зөвлүүлэхгүйгээр , заалгахгүйгээр хүүхдүүддээ “Маамуу нааш ир” дуу, цаасаар цэцэг хайчлах, өнгө ялгаж будахыг зааж чадахааргүй тийм чадамжгүй болчихсон бол сургуулийн өмнөх боловсрол “дампуурлаа” зарлах хэрэгтэй. Үгүй бол гадны багш нарыг багаар нь ажиллуулах хүсэлт гаргасан эрхлэгч нар энэ үйлдлээ тайлбарлах учиртай. Албан бичгийг харж байхад бүгд нэг загвараар, зохион байгууллаттайгаар бичсэн байгаа нь сэжиг төрүүлж байна. Эрхлэгч нар сайн дураараа биш дээрээс албан шахалтаар бичсэн үү? Хэрэв тэгсэн бол Монголын боловсролын салбарыг, хүүхэд багачуудыг Солонгос соёлд автуулах чимээгүй түрэмгийлэл “албан ёсоор” эхэлсэн гэж үзэх талтай. Мэдээж цэцэрлэгийн хүүхдүүд дөнгөж хэлд орж, ертөнцийг анхлан таних насан дээрээ байгаа ер нь 5 нас хүртэл хүний хүмүүжил, цаашдын чиг хандлагын дийлэнх хувь нь тогтдогийг эрдэмтэд баталсан. Гэтэл энэ насанд нь Солонгос багшаар хичээл заалгаж, харийн соёлыг сурталчилах нь хэр оновчтой вэ? Өргөн хүрээгээр харвал Үндэсний аюулгүй байдал, үр хойч минь Монголоороо үлдэх эсэх асуудал хөндөгдөнө. Эсвэл Улаангомын цэцэрлэгүүдэд тусгайлан бэлтгэсэн цэвэр Монгол хэлтэй, дээл өмсдөг, “Маамуу нааш ир” мэддэг, “Болжмор” шүлэг уншдаг Солонгос багш нарын багийг ажиллуулах гэж байна уу? Энэ мэтээр харийн соёлыг түгээх гэсэн оролдлого орон нутагт эрчимжиж түүнийг нь төрийн байгууллагууд зохион байгуулалттайгаар дэмжиж, соёмботой албан бичиг дээр “солиотой” хүсэлт бичиж дураар авирлах нь хэрээс хэтэрлээ. Миний, таны хүүхэд Монгол хэлээ гүйцэд сураагүй байж Ханбуг өмсөж, Солонгос дуу дуулж, бүжиглэхийг та хүлээн зөвшөөрөх үү? Харин Увс аймгийн Боловсролын газар алга ташин, хөхүүлэн дэмжиж, араас нь хүчтэй түлхэж өгчээ.
Эх сурвалж: www.everyday.mn