ЦАГ ҮЕИЙН ДААЖИГНАЛ
Ардчилсан Монгол минь авлигачин монгол болчихов уу яав, нэг л бишдээд байх чинь. Ямар ч атугай авлигад ойр дөт олон зүйлийн үнэ цэнэ тэнгэрт хадаад талийчихдаг юм байна. Албан тушаал үнэд орсон. Авлига хээл хахууль үнэд орсон. Халаа сэлгээ үнэд орсон. Мөрийтэй тоглоом үнэд орсон. Янханч амьдрал үнэд орсон. Хүний наймаа үнэд орсон. Үнэ үнэд орсон. Ялын тогтоол үнэд орсон. Шүүх үнэд орсон. Өршөөл үнэд орсон. Өр зээл үнэд орсон. Өш хонзон үнэд орсон. Ер нь олон олон муу юм үнэд орж авлигачдын бэл бэнчинг зузаатгах эх булаг болсон. Амьдралын нөгөө өнцгөөс сөхөж харваас, авлигачин амьдралтай харшилддаг олон сайхан зүйл үнэгүйджээ. Ардчилал үнэгүй болсон. Ахмад нас үнэгүй болсон. Хүн чанар үнэгүй болсон. Хөдөлмөр, хүмүүжил үнэгүй болсон. Хайр халамж үнэгүй болсон. Шударга ёс үнэгүй болсон. Хариуцлага үнэгүй болсон. Хууль журам үнэгүй болсон. Үнэн үнэгүй болсон. Үг үнэгүй болсон. Эцэст нь эх орон үнэгүйдсэн. Эрдэнэс баялаг нь үнэгүйдсэн. Түүх, соёл үнэгүйдсэн. Дээдсийн уламжлал үнэгүйдсэн. Үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүй болсон. Наад зах нь иймэрхүү. Үнэн байгаа биз. Миний харж байгаагаар энэ мэт хувирал өөрчлөлт нь гол зүйл хараахан биш. Аюул өөр зүйлд байгаа. Үнэд орсон үнэгүйдсэн хоёр, байгаа байхгүй хоёр, шинэ хуучин хоёрын хайчин солбицол дээр Монголын эгэл түмний амар амгалан амьдрал хийгээд аз жаргал, хүсэл тэмүүлэл хайчлуулан хяргуулж байна. Энэ аюулыг зарим улстөрчид болон сэтгүүлчид хааяа зарим зохиолчид сонор соргог харж хурц дайчин үгээр шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа нэрт нийтлэлч, илтгэгч Г.Жамъян, Г.Уянга, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, сэтгүүлч Билгээ, Б.Жаргалмаа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, сэтгүүлч П.Анужин, Э.Дагиймаа, Р.Эмүүжин тэргүүт шударга зүтгэлтнүүд түүхэнд алтан үсгээр дурсагдан үлдэх гавьяат үйл хэрэг бүтээж байна. Хэрэвхүйеэ манай нийгэм ухаантны үгийг сонсох чихтэйсэн бол, үнэнийг эргэцүүлэх тархи толгойг бол Монголыг аз жаргалын диваажин болгож болмоор үг хэлцгээж байна. Гэхдээ энэ үнэний элч төлөөлөгчдийн мятаршгүй тэмцлийн үр дүнд олон түмний улс төрийн ухамсар мэдэгдэхүйц сэргэж байна. Нэн их ноцтой том том хуйвалдааныг ямар нэг хэмжээгээр царцааж, заримыг тэглэж байх шиг байна. Энэ бүхэн бол үнэн үгээр суман мөндөр буулгаж байгаа эрхэм түшээд болон сэтгүүлч, зохиолч, нийтлэлчдийн нэргүй гавьяа мөн биз.
ГАЙ ЧИРЭХЭД ХҮРВЭЛ ГАНЦ ҮГ БАЙЛАА ГЭЭД ГАНЦДАХГҮЙ
Энэ удаад миний бие урд өмнө давтагдаж ул дол болоогүй боловч нийгмийн сэтгэлгээний эргэлтэд заавал орж, олны анхааралд өртсөн шаардлагатай нэг л асуудлыг хөндөх гэсэн юм. Тэр нь үгийн тухай сэдэв. Үг бол хүн дүрст амьтныг хүний зэрэгт хүргэсэн эх түүхийн өрлөг ээж. Хүний ухамсарт амьдралыг үнэ хөлсгүй жолооддог ганц найдвартай алтан жолоо. Зөвхөн сэтгүүл зүйн шинжлэх ухаан ингэж үздэг төдий биш ерөөс хүний чөлөөт амьдрал үүнийг ойлгуулдаг. Тийм учраас жинхэнэ эрх чөлөөтэй хүнд худал хэлэх хэрэгцээ шаардлага байдаггүй гэж мэргэд хэлсэн. Гэтэл манайд ямар байгаа билээ. Бүр эсрэгээрээ хөрвөсөн байна. Хүний эрх, эрх чөлөө гэж хэн их ярьж байна, тэр хүн төдийчинээ худлаа ярьж байна. Манайд ардчилал үнэгүйдсэний үндсэн шалтгаан нь энэхүү худалч хоосон (популист) амлалтад байна гэж би таамагладаг. Өөрөөр ухаарвал, үгийг тарвагачны даллуур, загасчны хиймэл хулгана мэт заль мэхний өгөөш болгосноос (популист) улстөрчдийн үг төдийгүй төрийн хуулийн үг тэр тусмаа Монгол Улсын Үндсэн хууль өөрөө хоосон дүр эсгэсэн (популист) жүжгийн зохиол болон хувирч үнэ хүндээ алдаж байна. Зөвхөн энэ хууль өөрөө хуурмаг улстөрчдийн золиос болоод зогсохгүй Монголын эгэл ард түмний ирээдүйдээ итгэх итгэл найдвар үнс чандруу болон хийсч байна. Монгол Улс миний бахархал хэмээн өөриймч лөх ардчилалтай байсан улс. Одоо үндсэндээ байхгүй болсон. Монголын ардчиллыг тэргүүн дээрээ өргөж байсан 1992 оны шинэ Үндсэн хууль нь эдүгээ “будаа” болсон. Баримт түшье. Монгол улсын 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн Монгол Улсын Их Хурал гэсэн гуравдугаар бүлгийг энд харж байна
“Хорьдугаар зүйл.
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
Хорин нэгдүгээр зүйл.
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.
2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
3. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” Үндсэн хуульд ингэж заажээ. Монголын төр 1992-2012 он хүртэл 20 жил энэ заалтыг мөрдөхдөө үндсэндээ болоод л байжээ. Гэтэл 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан сонгуулийн хуулийн шинэчлэлтээр Үндсэн хуулийн тулгуур зарчимд “мэс хүргэсэн” учраас өнөөдөр бүр болохгүй болчихлоо. Дээр эшилж дурдсан хорин нэгдүгээр зүйлийн 4-т “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн байна шүү дээ. Тэгтэл 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 1-ийн 1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг” тодорхойлно гэж эцэг хуулийнхаа толгой дээр гарч томорсон байна. Зөвхөн сонгууль явуулах журмыг буюу манайхны ярих дуртай гадаад үгээр нэрлэвэл зөвхөн “процедур”-ыг л сонгуулийн хуулиар тогтооно гэсэн байхад тэр үеийн манай эрхэм түшээд “Үндсэн зарчим, журмыг” тогтооно гэж томроод иргэний зэрэгцээгээр намыг сонгох болгож, Үндсэн хуулийн утга санааг засварласан байна. Энэ бол зөвхөн журам төдий биш үндсэн зарчмын өөрчлөлт гэж үзэж болохоор байна. Би буруу бодож байж болно. Гэвч шууд сонгох сонгууль нь иргэний ардчиллын зарчим бөгөөд хувь тэнцүүлсэн зарчим гэдэг нь уг чанартаа улс төрийн ардчиллын үзэл санаа гэж ойлгож байна. Ингэхээр сонгуулийн энэ хууль нь иргэний ардчиллыг улстөржүүлж намчирхсан ардчилал болгон зарчмын шинэчлэл хийсэн гэж би харж байна. Бас мөн бүлгийн мөн зүйлийн 2-т Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байтал “шууд” гэсэн утгыг үгүйсгэн 76 гишүүний 28-ыг намаас баталсан нэрсийн жагсаалтаар сонгоно гээд хуульчилсан. Ингэж иргэнийг шууд сонгох хуультай байтал намыг сонгох болгож, бас 76 гишүүнийг шууд сонгох байтал түүний 28-ыг намаар нь дамжуулан дам сонгохоор болгож Монголынхоо Үндсэн хуулийг улаан цайм зөрчсөн. Чингээд жаахан хэтрүүхэн хэлбээс, Монгол Улс хоёр Үндсэн хуультай юм шиг болчихсон байдаг юм. Сонгуулийн гэх салбар хуулиар Үндсэн хуулийг ингэж өөрчлөх эрх байхгүй биз дээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиа мөрдөх ёстой гэж үзвэл өнөөдрийн энэ төр, засаг үндсэндээ хууль бус болж харагдаад байгаа юм. Аль эсвэл би хуульч биш учраас андуу ташаа хараад байна. Намаас нэр дэвшүүлсэн хүнийг шууд сонгох намын нэрсийн жагсаалтаар хувь тэнцүүлэн дам сонгох хоёр нь мөн чанарын хувьд тэнгэр газар шиг ялгаатайг учирламаар байна. Худлаа гэвэл өнөөдрийнхөө амьд-ралыг эргээд нэг харъя. Эзэн хааны бол алтан титэм, хайрхан уулсын бол тахилгын овоо гэлтэй нэг содон оргил Монголын төр, засгийн шовхрох орой дээр сүндэрлэж байдаг. Түүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) гэнэ. Энэ зөвлөл ердөө гуравхан гишүүнтэй. Ахлагч нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Түүнийг 2013 онд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон тул ямар ч асуудал байхгүй. Нөгөө нэг гишүүн нь Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, бас нэг гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг. Энэ хоёр гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон нэр бүхий сонгогч бий билүү. Байхгүй. Тэгтэл тэд төр, засгийн шовхрох оргил дээр сууцгааж байна. Нэгэнт тийм хууль гаргачихсан юм чинь тэдний буруу биш нь мэдээж хэрэг. Ингэхээр төр, засгийн дээд өндөрлөгийн гурван гишүүний 34 хувь нь шууд сонгуулиар, үлдэх 66 хувь нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон байна. ҮАБЗ-ийн гишүүнийг сонгогчид нэр заан сонгоогүй байх нь яав ч зөв биш.
МИНИЙ ХАРЖ БҮХИЙ “ХИЙ ЮМ”
Ингээд болсон хэрэг явдлыг илүү сайн танихын тулд шатрын нүүдлээр зүйрлэн бодохоор нэг сонин дүр зураг тодорч байгаа юм. Юу гэвэл дээр нэрлэсэн сонгуулийн шинэчилсэн хууль гэгч нь монгол төрийн ноён бэрс хоёрыг ац шалчихсан байгаа юм. Ноён гэдэг нь төр засаг, бэрс гэдэг нь эрх баригч нам шүү дээ. Шалаанаас гарах арга мэдээжээр байж л байсан байна. Шатрын ухаан баян юм чинь байлгүй ч яахав. Тэгээд энэ шалаанд ноёноо сул өгчихөөд арслан (намаа) бэрсээ авч үлдэх уран ухаан сийлсэн байгаа юм. Ноёнгүй шатарт мад сууна гэж айхын зовлон байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, хариуцлага асуулгана, гэм нүгэл хүлээнэ, торгуулна, хоригдоно энэ тэр гэхийн зовлон байдаггүй амар юм байж. Ноёнгүй шатраар нүүгээд л байж, нүүгээд л байж, бүтэн гурван жил нүүж тоглолт хийгээд эцсийн нүүдэл дээр авч үлдсэн Монгол Улсыг нь өнөөдөр иргэн бид хамтдаа нулимстай нулимсгүй, баяртай гунигтай, бас ууртай инээдтэй, хар, бор, шар, ногоон олон өнгийн нүдээр, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын өнцгөөс ширтэн харцгааж байна. Энэ олон нүд өөр өөрийн өнцгөөс харах-даа ижил биш дүр зураг төсөөлж суугаа нь мэдээжийн хэрэг. Тэдний зарим нь өнөөгийн УИХ ба Засгийн газар хоёрыг эхнээс нь (2012 оны зунаас эхлээд) тойргоос шууд сонгогдсон эрхэм гишүүд удирдсан бол өнөөгийн хямрал болоо ч билүү үгүй ч билүү хэн мэдлээ гэж эргэлзэнэ. “Би З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрт дургүйдээ ийм санал хэлж байгаа юм биш. Үндсэн хуулиа яс баримтлах итгэл үнэмшилтэй учраас ийм бодол надад төрлөө гэж нөгөө зарим нь гэмшингүй бодно. “Улс орны ажил байдал, ард олны хувь заяа төр, засгийн тамгыг хэн гэдэг хүн атгаж байгаагаас шууд шалтгаалдаг учраас ҮАБЗ-ийн гурван гишүүнд илүү анхаарах хэрэгтэй юм байна гэж зарим нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэрийг бодон амаа барина. “Ер нь ингэхэд өнөөгийн төр, засгийн эрх баригч 76-ийн бүлэгт намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн тэдгээр 28 эрхмийг тойрогт өрсөлдүүлсэн бол олонхийн санал авч чадах байсан ч юм уу. Унах байсан бол” хэмээн бодоод баттай сонгогдох нөхдийн нэрийг тоолох гэж баруун гарын таван хуруугаа нэг нэгээр нь дарж үзнэ. Хортой шартай зарим нь “Үндсэн хуулийг сонгуулийн хуулиар далимдуулан санаандаа тааруулах гэж батлах товчлуур дарсан тэдгээр эрхмийн нэрийг тодруулж ял асуухсан” гээд 2011 оны архив онгичихыг дэмий л хүснэ. “Эцэг хуулийн “Иргэнийг шууд” гэсэн хоёр-хон үгэнд гар хүргэх төдийд л улс орон ингэж хямарч байгааг бодоход Үндсэн хуулиараа оролдоно гэдэг амиа хорлохтой адил айхтар байдаг юм байна, ум базарваань хум пад” гээд зарим нь дотроо залбирна. Зарим нэг өргөн цар хүрээнд сэтгэдэг хашрууд мөнөөх 2000 оны “Дордохын долоон өөрчлөлт”-ийг сэргээн санаад авав бололтой толгой сэгсэрнэ. “Хэрэвхүйеэ тэр завхарсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн “дийлэнх, олонх” гэж байсан зохицуулалтыг “ердийн олонх” гэж өөрчлөөгүй байсансан бол энэ удаагийн сонгуулийн шинэчилсэн хуулийг батлахгүй байх байсан уу” хэмээн амаа барина.
“Ер нь дийлэнх олонхийн ирцтэйгээр чуулганы хуралдааныг хуралдуулахаар Үндсэн хуульд заасныг ердийн олонх болгож хялбарчилснаас гишүүдийн ирц, хариуцлага суларч олон чухал хуулийг цөөн хүний ирцтэйгээр баталсны уршгаар өнгөрсөн 15 жилд хэчнээн олон түүхий шүүрхий, муу муухай хууль гарч улс орны амьдралыг будлиулж байгааг тэр гэх билээ” хэмээн толгой гудайн шогширч сууна. “Дийлэнх олонх гэдэг чинь манай төрийн хууль батлах үйл ажиллагааг хариуцлагатай, дотоод хяналттай байлгах учиртай чухамхүү үнэнийг хэлбэл уул хангай мэт нөмөр нөөлөг бүхий “ухаалаг төрийн зохицуулалт” байсныг ойлгох оюун сэтгэл манайхны тэр үеийн “бушуу туулай”-нуудад байгаагүй гэж худлаа даа” гэж доголон нулимс унагах шахна. “Горьгүй ээ горьгүй. Бурхан тэнгэр шиг сайхан Үндсэн хуулиа буг чөтгөр шиг болгочихлоо доо, манайхан. Эцэг хуулийн үг бүр нь алтнаас үнэтэй “алтан үг” байдаг юм байна шүү, та минь ээ” хэмээн хашгирах нь холгүй адгаж бэтгэрч суунам. Би сэтгэлдээ ийм л “хий юм” харж сууна. “Үгийн үнэ цэнийг эрхэмлэнэ. Энэ бол манай намын амин чухал зорилт мөн. Үг нь үнэгүй бол хүн нь хүндгүй. Одоо манай төр, засагт үгийн үнэ цэн ихээхэн уналаа. Сүүлдээ бүр “хэлэх хийхийн хагас” гэж тунхаглах болжээ. Ийм байдалтай бид эвлэрч таарахгүй. Намд ярихаас өөр зүйл хийдэггүй, ярьснаа ажил болгодоггүй хүн олширч байна. Манай намын ялалт, амжилтын эх сурвалж нь ам ажлын нэгдэл байсан юм. Бид хийхээсээ өмнө боддог, ярихаасаа өмнө хийдэг арга барилыг намын бүх түвшинд нэвтрүүлж, намын ажлын үр дүнг зөвхөн бодит ажлаар үнэлж, дүгнэдэг болох ёстой” гэсэн Ардын намын даргын энэ үг намайг эцэг хуулийн алтнаас үнэтэй алтан үгийн тухай ийнхүү эргэцүүлэхэд өдөөсөн бүлэг ээ.
ДИВААЖИНГИЙНХАА ҮҮД ХААЛГЫГ БИД ӨӨРСДӨӨ ХААСАН
Манай шинэ Үндсэн хуульд иргэн түмэндээ диваажингийн хаалгыг нээж өгсөн нэг бурхан шиг заалт байдаг юм. Харин бид амандаа орсон энэхүү диваажинг шуналт сэтгэлээрээ түлхээд хаячихсан. Тэр сайхан заалт бол Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т заасан заалт юм. Тэнд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн байдаг юм. Хөрөнгийг “Шударгаар олж авах эрхтэй” гэсэн байгааг харж байна уу. Энэ чинь монгол иргэнийг авлига хээл хахуульд автах эрхгүй гэж байна. Хулгай зэлгий хийх эрхгүй байж таарна. Бас бусдыг мөлжвөөс Үндсэн хуулиа зөрчих юм байна. Яагаад гэвэл мөлжлөг бол шударга арга огт биш. Тийм болохоор эзэд нь ажилчны хөдөлмөрийг нийтийн жишгээс доогуур үнэлж болохгүй нь байна. Үнэ хөөрөгдөн үндэслэлгүй нэмэх нь бас шударга биш учраас Үндсэн хуулийн энэ заалтаар хориглосон байж таарна. Мөнгө хүүлбэл Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхийг зөрчих болно. Мөнгө угааж болохгүй. Бараа шахаж болохгүй. Тендер будлиулж болохгүй. Залилан мэхэлж мэдээжээр болохгүй. Мөрийтэй тоглож, бусдын мөнгийг зүгээр авах эрх манай иргэдэд бас байхгүй. Ингээд харахад хэрэв энэ хуулийн хууль эрх зүйн хамгаалалтыг сайн хийгээд өгчихсөн байхад цоож цуурга хэрэггүй байж болохоор байна. Гэтэл өнөөдөр бүх хүн амын гучаад хувь нь ядуурч, дөнгөж гурван хувь нь нийт хөрөнгийн дийлэнх хувийг эзэмших хүртлээ Үндсэн хуулийн энэ тунгалаг үзэл санаа маш бүдүүлгээр завхарсан байгаа юм. Манайхны зарим уран шог нөхөд Монголын Үндсэн хуулийг “Монголын үнсэн гууль” хэмээн нэрлэж байгаа нь яалт ч үгүй үнэнийг дүрсэлж байгаа хэрэг. Улстөрчдийн амны хийг даган хийсч байдаг үнс чандруу болохын даваан дээр Үндсэн хууль маань дэнжигнэж байна. Наад зах нь үнэ ханшийг үндэслэлгүй хөөрөгдөн нэмэх эсвэл хөдөлмөрийг нь дутуу үнэлж, бага цалин хөлс олгох зэрэг нь мөн чанарын хувьд гэмгүй хүний гар хөлийг нь хуга цохихтой адилхан Үндсэн хуулиар сахин хамгаалсан хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг байх ёстой байтал манай төр, засгийн хяналтынхан ингэж үзэхгүй байна. Энэ юу хэлнэ вэ гэвэл манай шинэ Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван зургадугаар зүйлийн 3-т заасан тэр эрхийг хууль эрх зүйн талаас баталгаажуулаагүй байна гэсэн үг. Миний ойлгож байгаагаар сүүлийн хэдхэн жилийн дотор баян хоосны ялгаа хоёр хязгаартаа хүртэл туйлширсны хамгийн гол шалтгаан нь энэ чухал эрхийг манай төр баталгаажуулж өгөөгүйгээс болсон гэж харж байна. Энд би эцэг хуулийнхаа алтнаас үнэтэй нэг үгийг иш татъя. Хоёрдугаар бүлэг, арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах Үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заагаад мөн бүлгийн арван есдүгээр зүйлд “1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн бултах аргагүй үүргийг төр, засагт хүлээлгэсэн байна. Гэтэл дээр эшилж дурдсан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн заалтыг баталгаажуулаагүй хорин таван жилийг ажин түжин ардаа орхижээ. Тэгэхээр эдүгээ хямрал мямрал гэж хоолой сөөтөл орилцгоохоос өмнө энэ их эрээ цээргүй мөлжлөг, үнэ ханшийн дарангуйлал, мөнгө хүүлэл хийгээд говийн Тавантолгой, Оюутолгойг тойрон төрийн дээд өндөрлөгт хүртэл орооцолдсон хээл хахуулийг илчлэн зогсоох тухайгаа бодох хэрэгтэй бус уу гэж халагламаар байна. Гэвч үгүй ээ үгүй, ийм шаардлага тавиад огт нэмэргүй. Энэ бол авлигачин төр, засагт хэллээ гээд санасан зоргоороо бүтэхгүй. Үндсэн хууль үг үсэгчлэн биелж байх талаас нь хандвал мөнөөх биелэх хувь тавилангүй болсон тэр заалтыг бүрмөсөн авч хаяад оронд нь “3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг авлига хээл хахууль авах, бусдыг шулан мөлжих, үнэ ханшийг хүссэн зоргоороо нэмэх, залилан мэхлэх зэрэг ямар ч хамаагүй зальхай аргаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн заалт оруулбал манай дээдэс дуртай хэрэгжүүлж таарна. Гэвч ард түмэн хилэгнэнэ биз. Ямар ч атугай тэрхүү заалтыг биелүүлэх хууль эрх зүйн баталгаа болохуйц багц хууль гаргаад өгөх болтугай хэмээн бурхан сахиусандаа залбирч суух ганц боломж л үлдээ юү дээ.
ҮГИЙН ТУХАЙ ҮГ НЭМЬЕ .
Үг бол энэ хорвоогийн хамгийн аварга их хүчтэн төдийгүй гарамгай мэргэн жолоодогч. Үгийг хар лам, цэргийн жанжин хоёрын хольц гэлцэх нь үнэний хувьтай. Тэр нийгмийн ухамсрыг сэлэм жад, сум бөмбөг шиг хүчирхийлэн дарангуйлж чадна. Бэлээхэн жишээг дээр нэгэнт дурдсан. Тухайлбал, тэнд дурдсанчлан Үндсэн хуулийн иргэнлэг мөн чанарыг илэрхийлсэн “иргэнийг шууд” сонгоно гэсэн гэгээлэг зарчмыг намын нэрсийн жагсаалтаар хувь тэнцүүлэн сонгоно гэсэн сонгуулийн шинэчилсэн хуулийн хэт намчирхаж, улстөржсөн зүйл заалт хэрхэн завхруулсан шиг дарангуйлж чаддагийг ойлгуулсан байх учиртай. Нөгөө нэг жишээ бол “дийлэнх” олонхиор асуудлыг шийдэх учиртай хүмүүнлэг ардчиллын үндсэн зарчмыг “ердийн” олонхиор шийддэг болгосон 2000 оны өөрчлөлт Монголын төрийг сүүлийн 15 жил нойрсуулчихлаа. Тэр хойгуур нь гадаадын гар хөл болсон улс төр бизнесийн бүлэглэлүүд (гобсекууд) өөрсдийн явцуу дур сонирхолд нийцсэн хамаг булхайтай хуулиа батлуулчихсан байна. Үгийн мунхруулах хүч чадал гэж ийм л байгаа юм. Миний бодож байгаагаар энэ өвөрмөц дүнхүүрлээс зайлсхийх ирээдүйтэй чухал санааг М.Энхболд дарга “үгийн үнэ цэнийг дээшлүүлэх “санаачилгаараа дэвшүүлсэн болов уу гэж харж байна.
Х.ЦЭВЛЭЭ /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/