2015 оны 03-р сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Баяннуур суманд 52 адуу гал амьдаараа түлэгдэж үхсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үхсэн адуунаас гадна түлэгдэж амьд үлдсэн цөөнгүй адуу байгаа. Харамсалтай нь тэдгээр адуу эхнээсээ шархаа даалгүй үхэж байна. Тодруулбал, түймэрт урт чихт гэх азаргатай 27 тооны адуунаас найман адуу амьд үлдсэн боловч дөрөв нь үхлээ. Одоо үлдсэн дөрөв нь үхэх хоногоо хүлээн тарчилсаар байна.
Ус бараадаж явсан гүү голын дэргэд ийнхүү шархаа даалгүй нас барсан байна.
Түймэрт өртөж, хараагүй болохын зэрэгцээ босч чадахгүй болсон энэхүү гүү хичнээн тарчилсанг газар ухагдсан байдлаас харж болно. Гүү энэ мэтээр цөөнгүй газраа түлэгдэж шархадсан байгаа.
Түймэрт өртсөний улмаас арьс нь зумарч унасан. Түймрээс хойш саяхныг хүртэл тарчилсан.
Түймэрт шатаж үхсэн унага.
Түймрээс авсан шархаа даалгүй үхсэн гүү.
Урт чихт нэртэй бор азарга нь ноднин хавчиг азарга гүү хураасан. Энэ жил анхных нь унаганууд гарах байжээ. Гэвч анхны үр нь улаан галд шатаж, мэндэлж амжаагүй унаганууд нь алтан туурайгаа гамнасан алаг дэлхийг голсон уу эхийнхээ хэвлийнээс гарч амжилгүй энэ орчлонгоос хулжин одсон юм.
Эдгээрээс гадна түймэрт өртсөн шархандаа шаналж байгаа бөгөөд уг гүү азаргаасаа холдож чадахгүй ийнхүү тарчилж байна. Өөрөөр хэлбэл адгуусанд ч гэсэн
Онцгой байдлын Ерөнхий газраас гал хэрхэн хаанаас гарсан, хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Огт мэдээлэл өгөхгүй. Учир нь комисс гарч шалгалт хийж байгаа бөгөөд шалгалт 30 хоногт гардаг. Тиймээс 4-р сарын 20-доор хүрч ирээд мэдээлэл аваарай гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт гараагүй тул мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин уг хэргийг шалгаж байгаа цагдаагийн албан хаагч нийт 52 адуу шатсан. Үүнээс гадна цөөнгүй адуу шатсан байдалтай байгаа гэдгийг онцолж байна.
Хэргийн талаар Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ-аас худал мэдээлэл өгсөн хэвээр байгаа юм. Тодруулбал Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “Манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар шатаж, ганц адуу жаахан түлэгдсэнийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн мэдээлсэн. Харин худал хэлсэн нь баримтаар нотлогдоод ирэхийн цагт 13 адуу шатаж үхсэн, гурван адуу түлэгдсэн хэмээн мэдээлсэн. Харин түүний 13 адуу үхсэн гэж худал мэдээлж байгаа нь дээрх дурьдсан баримтуудаар нотлогдоод байна. Тэгвэл түймэр гарах үед Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга ЗДТГ-ын 22 ажилтны хамт Улаанбаатар хотод зочид буудалд “цэнгэн хөгжилдөж” байсан бөгөөд үүнийг баримтлах баримт, гэрчлэх гэрц цөөнгүй бий.
Уг нь Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлгын тухай хуульд заасны дагуу яаралтай арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр хүн, малыг тарчлаахгүй байсан гэдгийг хэлэх хүн бий. Өөрөөр хэлбэл Баяннуурт ойр ойрхон түймэр гарч байхад Улаанбаатарт архидалт зохион байгуулан назгайрсны улмаас шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Цаг алдсны улмаас малчид хичээж ажиласан ч хүн хүчгүйдэхийн зэрэгцээ өөрсдөө ч эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нүүр тулсан байгаа юм. Мөн Б.Алтаншагай энэ талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага ташаа мэдээлсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэндээ тэрбээр түймэр гарсан газарт огт очоогүй байдал ямар байгааг ч мэдэхгүй байгаа юм. Түүний хувьд түймр гарсан газарт очих хугацаа байсаар байхад нэг ч удаа ирээгүй байна.
Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай хэрэг гарах үед яагаад буудалд байсан? Түүний буудалд байрлах шалтгаан, түүний хууль бус ямар ямар ажиллагаа зохион байгуулж байгааг бид цувралаар хүргэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn