Ерөнхийлөгчийн санаачилсан шинэтгэлийн өмнө шүүхийн нэр хүнд ямар байсан талаар ганц хоёрхон судалгааг харлаа. Маш олон судалгаа байдаг юм байна.
Нээлттэй нийгэм форум 2008 онд АНУ-ын Аризонагийн их сургуулийн судлаач Брент Уайтээр хөндлөнгийн судалгаа хийлгэжээ. Тэр судалгаа 11 үзүүлэлтээр судалсны зөвхөн нэг л үзүүлэлт “ялимгүй хангалттай”, бусад 10 үзүүлэлт “хангалтгүй” гэсэн дүн гарсан байх юм. Заримыг онцолъё. “Шүүгч нь хэргийн талууд болон бусад сонирхогч талуудаас өгөх бэлэг сэлт, албан бус төлбөрт авталгүй шийдвэрээ гаргадаг” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 77 % нь санал огт нийлэхгүй, нэг ч хүн санал нийлнэ гэсэн хариулт өгөөгүй байна.
Мөн “Шүүгч шийдвэр гаргахдаа ямар нэг зүй бус нөлөөнд автдаггүй” гэсэн асуултад 73% санал огт нийлэхгүй, харин 9 % нь санал нийлнэ гэжээ.
“Сант марал”-ын өөр нэг судалгаагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь шүүхэд итгэхгүй гэсэн утгатай хариулт өгчээ.
Сэтгүүлчийн нүдээр өнгөц харахад ийм л дүр зураг 2009 оноос өмнө байжээ. Үүнийг Шүүгчдийн холбоо няцааж чадах юм уу.
“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр Н.Лүндэндорж даргатай Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн түүхэнд байгаагүй цалинг шүүгчиддээ өгч, амтай болгонд 2 жил баалуулж, загнуулж, одоо яах нь шийдэгдээгүй байхад энэ холбоо хаана байв, мөн шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, шүүгчдийн хариуцлага, ёс зүй, чадварыг дээшлүүлэх талаар тэд ямар санал, санаачилга гаргав гэж өөрийн эрхгүй бодоход хүргэв. Харин шүүгчид нь өр зээлээс салж, мөнгө эрэлгүй ажлаа хийдэг болсноо шударгаар хүлээн зөвшөөрдөг юм билээ.Тэгэхээр энэ холбоо яавч Шүүгчдийн холбоо биш бололтой. Харин тэднийг шүүхийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн холбоо гэвэл таараад байна. Шүүгчид минь холбоогоо нэг эргэн харахгүй бол нэрийг чинь барьсан нөхөд та нарыг баллаж мэдэх нь.
Б.Тэнүүн
Эх сурвалж: www.info.mn