АН-ын бүлгийн хурал өчигдрийн 13 цагаас эхэлсэн ч орой болтол сунжирлаа. АН-ын бүлэг ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг гишүүдээс нь тодруулахад эхлээд Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн захидлын талаар хэлэлцсэн аж. Гишүүд зөвхөн энэ асуудлыг л гэхэд бүтэн гурван цагийн турш ярилцжээ. Хуралд арав гаруй гишүүн суусан бөгөөд намынхаа удирдлагуудаас юу болоод байгааг тодруулж бухимдацгаасан гэнэ. “Яагаад мөнгө идсэн хэрэг нь татварын асуудал руу шилжиж, юу ч асууж тодруулахгүй хэрнээ шоронд хориод байгаа юм. Нэг ч удаа тайлбар аваагүй гэнэ лээ. Ер нь Я.Батсуурь гэлтгүй ажил хийж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хорьж тамладаг асуудал хэрээс хэтэрлээ. Я.Батсуурь бол яавч мөнгө, төгрөг идэж уух хүн биш. Л.Гансүхийг хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулж байхад бид дүлий юм шиг л байх уу” гэх мэтээр ярьцгаасан гэнэ. Ингээд гурван хүн томилж Я.Батсуурийг эргэж, өмгөөлөгчтэй нь уулзаж асуудал ямар байгааг асууж тодруулахаар болсон аж.
Дараа нь АН-ын бүлэг Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцжээ. Хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байгаа ч Р.Бурмаа гишүүн мэдээлэл өгсөн байна. Ажлын хэсгийн хувьд УИХ-ын сонгуулийг одоогийн хувилбараар буюу 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдох хувилбараар явуулахаар хуулийн төслийг боловсруулснаа тэрээр танилцуулсан байна. Мөн МАН, “Шударга ёс” эвслийнхэн ямар байр суурьтай байгааг ч намынхандаа хэлж одоо ямар зарчим баримталж хуулийн төслөө боловсруулах вэ, хэзээ УИХ-д өргөн барих вэ гэдгийг хэлэлцжээ. Бүлгээр хэлэлцэх дараагийн асуудал нь Таван толгойн гэрээ байжээ. АН-ын гишүүдэд Таван толгойн гэрээг УИХ-д өргөн барих тогтоолын төслийг тарааж өгсөн ч гэрээ нь бүрэн эхээрээ ирээгүй гэнэ. Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад Таван толгойн гэрээ багтсан ч өчигдөртөө багтаж хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байлаа. Ер нь Засгийн газар өнгөрсөн баасан гаригт Таван толгойг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр Тамгын газраас зөвшөөрөл хүсч, баримт бичгүүдээ явуулжээ.
УИХ-ын Тамгын газар уг баримт бичгийн бүрдлийг 72 цагийн хугацаанд шалгаж, нягтлах хуультай юм байна. Үүний дараа УИХ-ын дарга цаг товлож тогтоолын төслийг хүлээн авах аж. 72 цагийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа гэнэ.
Эх сурвалж: www.dnn.mn