ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх хурал боллоо.
Тэднийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хоёр өдөр шүүж шүүхээс өчигдөр шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон байна. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял оноожээ.
Мөн энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Мөнхдэлгэрт хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгов.
Эл хэргийн талаар эргэн сөхвөл, Н.Түмэндэмбэрэл нь 2012 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар тендерт шалгаруулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан билээ.
Эх сурвалж: www.dorgio.mn