Өнөөдөр бид бүгд амьдарч буй нийгэм, төр засгийн тогтолцоогоо алхам тутамдаа шүүмжлэх болсон. Мөн нийгмийн бүхий л давхаргад эдийн засгийн хямрал үүсч байгааг ч төр барилцаж буй УИХ-ын гишүүдтэй холбон буруутгадаг болсон. Иргэдийн ихэнх нь парламентэд суудалтай гишүүд, нам бүлгүүдэд шүүмжлэлтэй ханддаг. Өөрөөр хэлбэл иргэд улс төрийн намуудын зөв төлөвшлөөс улс орны хөгжил бараг бүхэлдээ шалтгаална гэж үзэж байна.
Улс төрийн намын төлөвшилд нөлөөлөхүйц нэгэн чухал хүчин зүйл бол тухайн намын гишүүд удирдлагуудын бие хүний, нас намбаны төлөвшил байдаг. Тиймээс бид энэ сэдвийг хөндөхөөр шийдсэн юм. Ахмад улстөрчдөө намын акулууд гэж нэрлэх хэрнээ араас нь турхираад суудаг, залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөхгүй “шавар хаадаг” ч гэж гоочлох нь энгийн үзэгдэл аль ч намд байдаг л юм.
Тэгвэл энэхүү гоочлолд өртөхөөр монголын төрд тийм олон ахмадууд байгаа үгүйг тодруулахаар УИХ-ын эрхэм гишүүд, нам франц рүү өнгийхөд, 50 хол давсан улс төрчид цөөнгүй.
Олон улсын парламентын жишгээр ахмад гишүүдийг улс төрд байх ёстой гэж үздэг. Түүнчлэн аль ч улс оронд ахмад настнаа аливаад эрхэмд тавьж, алтан сургаалийг сонсож, алдаж онох бүртээ тэдний ажил, амьдралынхан туршлагыг чих тавин хичээнгүйлэн сонсож, заавар зөвлөгөө чиг баримтлалаар нь улс орноо ч удирдаж, урдах ажлаа ч амжуулсаар ирсэн.
Улс төрд шинэ үеийг гаргаж, “цус” сэлбэх цаг болсон гэх яриа нийгэмд, иргэдийн дунд аль ч цаг үед гарч л байдаг. Цаг хугацаа гэдэг өөрөө зогсолтгүй мөнхийн хөдөлгүүр учраас тэр. Ахмад үеийнхэн мөн олон жил энэ салбарын галыг манаж байгаа улстөрчид олон нийтийн энэ хандлагыг янз бүрээр хүлээж авдаг байна.
Хал үзэж, хашир суусан зарим ахмад улс төрчид залуу үеэр цусаа сэлбэхийг төдийлөн яаралгүй, байр сууриа тавьж өгөх болоогүй гэж үзсэндээ ч юмуу улс төрөөс зууралдсаар явдаг нь нууц биш. Харин залуус нь одоо улс төрд хийж бүтээсэн, аль эсхүл хор найруулсан чинь хангалттай гэж үзүүд түлхэхийг оролдоно. Ийм хувьслын шинж тэмдэг аль ч намд байгаа.
Монголын улстөрд одоо ид зүтгэж байгаа эрхмүүд тэртээ ардчилал мандсан 90-ээд оны эхэн үед цэл залуу хорьтууд л байлаа. Улс төрийн товчооны гишүүд огцорч Монгол улс Бага хурал зарлан хуралдуулж Үндсэн хуулиа батлан чөлөөт ардчилсан улс болохоо Ази тивдээ анх удаа тунхагласнаар манай улс төрд шинэ үеийнхэн орж ирсэн юм.
Тэр үеийнхнээс одоо ахмадуудын эгнээнд шилжин орсон цөөнгүй улстөрч байгаагаас дурдвал Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Л.Цог, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Р.Гончигдорж, Б.Батбаяр, С.Ламбаа тэргүүтэй 50-иад оныхон. Тэд өнөөг халаагаа өгөхгүй оршсоор л байгаа харагддаг. Тэдний дунд залуу нас, хүсэл мөрөөдөл ажил амьдралаа бүгдийг зориулж, зүтгэсээр ирсэн намтайгаа эцсээ хүртэл хамт байхаар шийдсэн нэгэн ч байдаг биз.
Д.Уянга
Эх сурвалж: www.dorgio.mn