-Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн ажлыг баллуурдах бүрт төсвийн мөнгө туршилтын туулай болж байна-
Үндсэн хуулийн цэцээс тойргийн шүүхийн системийг өөрчлөх шийдвэрийг гаргасан. Харин ШЕЗ-өөс шүүхүүдээс судалгаа авахад тойргийн системийг өөрчлөхгүй байхыг дэмжсэн байгаа юм. Үүнээс болж хаа хаанаа янз бүрийн л асуудал гарч ирж, ард түмэн ч мэтгэлцэх дээрээ тулж байна. Тиймээс ШЕЗ-өөс тойргийн системийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр шинэ шүүх байгуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.
Хамгийн гол нь тойргийн систем Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаад байгаа. Тиймээс ШЕЗ-өөс шийдвэрт дурьдсан үндэслэлүүдийг буюу шүүхийн бүтэц зохион байгуулалтын ажлыг дахин харж, шүүх байгуулах тухай хуулийн төслийг санал солилцохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт санал хүргүүлсэн нь энэ юм. Засгийн газрын саналыг авсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу УИХ-д өргөн барих бүрэн эрхтэй билээ.
Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэсээр ёсоор болгосон. Гэвч түүний хийсэн энэхүү шинэчлэлийг шинэ сайд Д.Дорлигжав дахин баллуурдаж шүүхийн шинэчлэл хийхээр болсон. Гагцхүү энэ шинэчлэл, өөрчлөлтийн дунд төсвийн мөнгө туршилтын туулай болсоор байгаа нь харамсалтай.
-Шүүхийг дахин шинэчлэхэд 3 тэрбум шаардлагатай-
Тойргийн шүүх байгуулахад багагүй төсөв зарцуулсаныг хүн бүр мэдэж байгаа.Өөрөөр хэлбэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд шинэ тойргийн системээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Тэгвэл шинэ шүүх байгуулах асуудалд ч их хэмжээний мөнгөн дүн яригдаж байгааг нуух юун.
Бүр тодруулбал, нэг жилийн хугацаанд шүүгч томилолтоор ажиллахад ойролцоогоор 180-аад сая төгрөгний нэмэлт зардал гарахаар байгаа аж. Үүнийг одоо байгаа төсвийн хэмжээнд зохицуулаад шийдэж болох юм гэж үзэж байгааг ШЕЗ-өөс онцоллоо. Түүнээс гадна шүүгчдийн тоо нэмэгдэх учир ойролцоогоор жилдээ 3 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарахаар тооцоо гарч байгаа гэнэ.
-Иргэд биш шүүгчид аймаг аймагт очиж шүүх хурлаа явуулна-
Одоогийн байдлаар 2, 3 шүүхийг нийлүүлж давж заалдах шатны иргэний болон эрүүгийн шүүхийг байгуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний 10, эрүүгийн 10 давж заалдах шатны шүүх байна. Мөн 2,3 шүүхийг нийлүүлэн нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулинд нийцэхгүй, тодруулбал, иргэдийг шүүхээс холдуулж, шүүх иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шийдвэр гарсан учраас үүнийг болиулахаар болжээ. Харин шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, шүүх аймаг бүрт хуралдаанаа явуулдаг болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийлүүлэн нэг давж заалдах шатны шүүх байгуулж, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хуралдаанд оролцохын тулд Хэнтий рүү явдаг байсныг болиулж, иргэд биш шүүгчид нь өөрсдөө аймаг аймагт очиж хуралдаан хийдэг болгохоор зохицуулахаар саналаа хүргүүлжээ. Хэрэв энэ шинэлчлэлийг УИХ-аар баталвал ирэх долдугаар сарын 1-нээс шинэ бүтцээрээ ажиллаад эхлэх нь ээ.
-Дэмжээд байсан тойргийн систем нь Үндсэн хууль зөрчсөн болж хувирав-
Анх тойргийн системээр шүүхийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд сайн, муу янз бүрийн хэл ам бий болж байсан. Нэг хэсэг нь тойргийн системээр шүүх хурал явуулж байгаа нь эмх замбараагүй, иргэдэд чирэгдэл учруулсан зүйл гэж бухимдаж байхад нөгөө хэсэг нь ингэснээр харин ч сайн үр дагавартай гэж байсан. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр шүүх хурал явуулсанаар нутаг орон дахь шүүхийн “цус ойртсон” байдлыг болиулж, иргэд шүүхэд итгэх итгэлтэй болж байна гэх иргэд цөөнгүй байсан.
Харин ийм маягаар ажлаа явуулахад хууль, прокурор, өмгөөлөгчид хүндрэлүүд учирж эхэлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тэд өмгөөлөлөө үзүүлэхийн тулд, хэргийг хянахын тулд хуулийнхаа дагуу өөр газарт шүүх хуралд оролцох шаардлагатай болсон. Энэ нь мэдээж тэдэнд чирэгдэл ихтэй, ачаалал дагуулж байсан нь ойлгомжтой. Тиймээс ч тойргийн системээр шүүх ажиллагаа явуулах нь прокурор, өмгөөлөгч буюу хуульчдын цаг зав, хүндрэл бэрхшээлийг нэмсэн ажил болж байсанд ихэд дургүйцэж байжээ. Ингэснээр энэ системийг иргэд биш хуульчид шүүмжилж байсан гэхэд хэлсдэхгүй. Гэвч тойргийн системд үндсэн хууль зөрчсөн зүйл байсан нь тодорхой болж ийн Үндсэн хуулиа дагаж мөрдөх шаардлагатай болсон.
-Үндсэн хууль зөрчсөн шинэчлэл хийж байхдаа юу бодож байсан юм бол доо-
Хамгийн гол нь Х.Тэмүүжин сайд энэ бүхнийг яагаад судалж үзэлгүйгээр хэрэгжүүлж, хууль зөрчсөн зүйл хийв гэдэгт л иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Төрийн албаныхан хийгээд хууль санаачлагчдын алдаатай шийдвэр, шинэчлэлээс болж төсвийн мөнгө хороогдож, шүүх ч “утсан хүүхэлдэй” аятай байр сууриа олохгүй бөнжигнөж байгаан тод жишээ энэ юм. Мэдээж шинэчлэл хийхэд мөнгө, төсөв шаардлагатай, зарцуулагдах нь ч тодорхой. Мөнгө зарцуулна гээд алдаагаа засаж, шинэчлэл хийхгүй байна гэдэг утгагүй. Гэвч ажил хийхийнхээ өмнө, амьдралд хэрэгжүүлэхийнхээ өмнө сайтар нягталж аль аль талаас нь харж үзэж байвал сайн сан.
Эх сурвалж: www.24tsag.mn