Сүүлийн өдрүүдэд гадна, дотныхны анхаарлыг эрхгүй татаж байгаа“Тавантолгой”-н төсөл хөдлөх эсэх нь удахгүй тодорхой болно. Уг нь өнгөрсөн долоо хоногт уг төсөлд хөрөнгө оруулахаар шалгарсан Хятадын “Шинхуа”, Японы“Сумитомо” компанийн төлөөллүүд гэрээг үзэглэхээр манай улсад ирсэн ч УИХ-ын даргын сүржин мэдэгдлийн улмаас нутаг буцсан. Үүнийг төрийн өндөрлөгүүдийн хамтарсан “Үргээлэг” ч гэж нэрлэж болно. Учир нь, хөдөлсөн даруйдаа эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх “Тавантолгой”-н төсөлд талууд ерөнхийдөө нэгдсэн ойлголцолд хүрээд байсан. Энэ ч утгаараа гадны төлөөлөгчид томоохон хэвлэлийн төлөөллөө дагуулан ирсэн ч Ерөнхий сайдын “Томоохон төслүүд гацаанаас гарч, урагшлахаар боллоо” гэх итгэл төрүүлснийг ердөө ганцхан өдрийн дараа УИХ-ын дарга няцааж, “Тавантолгой”-н гэрээг УИХ-аар оруулалгүйгээр гарын үсэг зурсан сайд нарыг огцруулна гэх цочмог мэдэгдэл хийсэн нь жинхэнэ “Үргээлэг” болсон. Монгол төрийн номер хоёр, гурав дахь эрхмүүд ийнхүү дотооддоо зөрчилтэйгээ харуулах шаардлага байв уу. Тэр дундаа өглөөхөн нь хөлөө жийлцэж байснаа үдээс хойш нэг ширээний ард суугаад“Тавантолгой”-г УИХ-аар хэлэлцүүлье” хэмээн зарлаж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн өндөрлөгүүд нэг зүгт харж чадахгүй бол бид хэнд, юунд итгэх вэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь ийнхүү эсрэг тэсрэг мэдэгдэл хийсэн нь өдгөө ямар нөхцөл байдлыг үүсгээд байна вэ. Энэ талаар бид зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Н.Энхболд: МОНГОЛЫН ТӨРД НЭГДСЭН ОЙЛГОЛТ, НЭГ БОДЛОГО БАЙГАА ЭСЭХЭД ЭРГЭЛЗЧИХЛЭЭ
-Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь зөрүүтэй мэдэгдэл хийчихээр ямар олигтой мессежийг олон нийтэд өгөх вэ дээ. Монголын төр гэдэг ямар сонин юм, тэнд нэг төр, нэг бодлого байна уу, үгүй юү гэсэн сөрөг ойлголтыг хэн бүхэнд төрүүлчихлээ шүү дээ. Өмнөх өдөр Ерөнхий сайд нь нэг юм ярихаар ердөө маргааш нь УИХ-аас өөр зүйл ярилаа. Тэгэхээр магадгүй гадныхантай хэл амаа ололцохоос илүү дотооддоо эв нэгдэлтэй байж, асуудлыг эхнээс нь зөв гольдрол, тогтолцоогоор гаргахгүй бол үүнээс цааш бид явах газаргүй болчихлоо. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтыг ярихдаа УИХ-аар баталдаггүй юм гэхэд хэлэлцсэн байх ёстой гэдэг хуулийн агуулга, заалт бий. Гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн асуудал аль аль талдаа байгаа. Ер нь хэлэлцээр хийх явц гээд бүх зүйлээ ил тод танилцуулаад зовлон бэрхшээлийг нь яриад, ойлголцоод явсан бол өнөөдрийнх шиг ийм байдалд хүрэхгүй байсан. Би хувьдаа том төслүүд урагшлах ёстой гэдэг байр суурьтай байна. Улс хоорондын том ажил эхлүүлж, нэлээн явчихаад гэнэт дундаас нь ямар нэгэн байдлаар буюу 100 хувь эргүүлж өөрчилнө гэдэг хэцүү. Эдийн засгийн утга агуулга ч, харилцаа талаасаа ч хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ төслийг бид ямар нэгэн байдлаар явуулах талаас нь ажиллах ёстой. Мэдээж өөрийнхөө эрх ашиг, дараа нь хүний аманд орчихооргүй гэрээтэйгээр эхлүүлэх ёстой. Нэг анхаарах зүйл бол энэ том төсөл байтугай аливаа компани, хүмүүс хоорондын гэрээ хэлэлцээр дандаа хоёр гурван талаасаа шалтгаалдаг учраас зөвхөн манай талын тавьж байгаа болзол шаардлага, хүсэл100 хувь биелнэ гэхэд түвэгтэй. Тиймээс энэ нөхцөл байдлаа ойлгоод УИХ энэ төсөлтэй танилцаад үнэхээр болохгүй байгаагаа өөрчил гэдэг чиг гаргавал түүнд нь Засгийн газар дахиад ажиллах шаардлага гарах байх. Нэг ёсондоо, том төслүүдийг хөдлөхгүйгээр нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурьт тавих тал дээр ахиц гарахгүй.
Д.Хаянхярваа: ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГЫН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЭЛ ГАДНЫХАНД БОЛГООМЖЛОЛ БИЙ БОЛГОЛОО
– Тавантолгойг шийдэх бүрэн эрх нь Засгийн газарт байгаа. Засгийн газар нь шийдээд явах хүрээний асуудал руу УИХ хальтирч орох шаардлагагүй. Яах вэ шаардлагыг татаад үзэх хууль эрх зүйн орчин нь байгаа. Гэхдээ бид өнөөдрийн нөхцөл байдлаа харах ёстой шүү дээ. Эдийн засгийн боломж хэр байгаа билээ. Цаашлаад урд, хойд хөрштэй харилцах харилцаа, дэлхий нийтийн биднийг харж байгаа хандлага, ямар үед бид ямар шийдвэр гаргав гэдгээ бодох л ёстой. Дэндүү харамсмаар шийдвэр гаргасан. Ер нь Монгол Улс гадаад талдаа бүү хэл, дотооддоо ойлголцохгүй байна гэдгийг л дэлхийд зарлалаа шүү дээ. Бид хэлэлцэх нь бүү хэл, наадуул чинь дотроо учраа олохгүй байгаа юм гэдгийг харууллаа. Нэг ёсондоо гадныханд асар том болгоомжлолыг бий болгочихож байгаа юм. Эд биднийг нааш ир гэж урьж, залж байгаа ч цаанаа шийдэх асуудал нь түүхийгээрээ байгааг нотолчихлоо гэж ойлгогдож байна. Цаашлаад төрийн том төвшний хүмүүс ганцхан өдрийн дотор ойлголцохгүйгээр сүржин даржин мэдээлэл хийдэг нь Монгол төрд засаглалын хямрал нүүрлэснийг хэн бүхэнд ойлгомжтой харууллаа. УИХ бодлогын чанартай бичиг баримтаа гаргаад аж ахуйн чанартай хэрэгжүүлэхээ Засгийн газар нь хариуцдаг тогтолцоо руу орохгүй бол Ерөнхийлөгчийн төвшинд ч тэр, Засгийн газар, УИХ дээр ч тэр бизнесийн бүх л юм руу хутгалдаж ороод байхаар хувийнхан юугаа хийх юм бэ. Төр гэдэг том машинтай хувийнхан очиж мөргөлдөөд байвал ажил төрөл яаж урагшилж, эдийн засгаа өөд нь татах юм бэ.
Ч.Хүрэлбаатар: ҮАБЗ-ИЙН ГУРВАН ГИШҮҮНИЙ ХОЁР НЬ ТАВАНТОЛГОЙН АСУУДЛААР ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ
-”Тавантолгой”-н хэлэлцээр үзэглэдэг дээрээ тулаад гаднаас зочид төлөөлөгчид ирсэн байхад УИХ-ын дарга нь Ерөнхий сайдынхаа ярьснаас эсрэг мэдэгдлийг хийж байгаа нь гадна дотныхонд маш сөрөг мессежийг өглөө. АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий сайд хоёр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй том төслийн талаар хоорондоо ойлголцохгүйгээр УИХ-ын индэр дээрээс хэрүүл маргаан хийж байгаа нь хөрөнгө оруулагчдад маш сөрөг дохиог өгчихөж байгаа юм. Үнэхээр харамсалтай. Яагаад нэг намын хоёр хүн ийм чухал асуудлаар хоорондоо ярилцаад учраа олчихож болдоггүй юм бэ. Тэр дундаа ҮАБЗ гурван гишүүнтэй. Үүний хоёр нь Тавантолгойн асуудлаар УИХ-ын индэр дээрээс хэрүүл хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үйлдэл нь таалагдахгүй байгаа юм л даа. Ард иргэдээс, бусдаас эв нэгдлийг шаарддаг эрхмүүд мөртлөө өөрсдөө ийм асуудал дээр ойлголцохгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Ер нь“Тавантолгой”-н асуудлыг УИХ дээр эргэж танилцуулах тогтоол бий шүү дээ. Одоохондоо бидний гар дээр ирсэн мэдээлэл алга. Гэхдээ энэ талаарх хуулийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсны дараа тодорхой мэдээлэлтэй болох байх. Ер нь бол “Тавантолгой”-г УИХ дээр хэлэлцээд явахад буруудах зүйлгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл тэр гэрээ ил тод болно. Дотор нь байгаа зүйл, заалтыг нээлттэй ил тод ярина. Ингэж ил, тод ярьж, танилцуулахаас зайлсхийгээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Үнэхээр энэ гэрээнд хүнээс нуугаад байхаар зүйл байгаа юм уу. Угаасаа УИХ-д танилцуулах тогтоолоо дагах л учиртай.
М.Өнөржаргал
Эх сурвалж: www.unen.mn