Монгол, Хятад, Японы хамтарсан хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх байсан ч УИХ-ын даргын мэдэгдэлтэй холбоотойгоор хойшлоод байгаа.
Тодруулбал, УИХ-ын дарга хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Тавантолгойг ашиглах гэрээ, хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурсан сайд нарт хариуцлага тооцож огцруулах болно” гэж мэдэгдсэн нь дахин тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм.
Улмаар Ерөнхий сайд, УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр Тавантолгойн гэрээ, хэлэлцээг 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газар шийдвэрээ гаргах тохиролцоонд хүрсэн билээ.
Ийнхүү Тавантолгойн гэрээ хэлэлцээ хойшилсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагч тал болох “Шинхуа” компанийн төлөөлөгчид Хятад руу буцжээ. Ингэхдээ УИХ-ын даргыг хариуцлагагүй мэдэгдэл хийснийг тодотгоод, “Нааштай шийдэлд хүрвэл араас, Бээжинд очиж гэрээгээ үзэглээрэй” гэж хэлчихээд явсан сурагтай.
Харин Японы “Сүмитомо” корпорацын Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү Монгол Улсын сайд М.Энхсайхантай өчигдөр уулзах үеэрээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар Улаанбаатар хотод ирсэн ч хойшлогдсон нь хүндээр тусч байгааг илэрхийлээд, хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаагаа уламжилсан байна.
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг батлахтай холбоотойгоор “Шинхуа”, “Сүмитомо” компанийн төлөөлөгчид болон тус улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд нийслэлд ирээд байсан юм байна.
С.Дөл
Эх сурвалж: www.ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН