Comment.mn

М.Энхсайханы мэдэх дэг жаяг ба “Тавантолгой”-н дэгээ


М.Энхсайханы мэдэх дэг жаяг ба “Тавантолгой”-н дэгээ
“Тавантолгой” мега төсөл тойрсон талцал ид дундаа үргэлжилж байна. “Урагшаа Тавантолгой” нэртэй цөөн эдийн засагч, судлаачаас бүрдсэн хөдөлгөөнөөс эхлээд намын бүлгүүд, бие даагчид, Монголын залуучуудын холбоо зэргээс эхлээд нийгмийн бүх давхаргад зөвхөн “Нүүрс” л ярьдаг болжээ. Энэ байдал төрийн тэргүүн асны нэгэнтээ айлдсан “Нүүрсчин бүлэг” гэдэг тодорхойлтыг эрхгүй сануулна. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ойрын хугацаанд энэ талаар томоохон маргаан өрнөх нь парламент дахь олонхийн бүлгийн мэдээллээс илэрхий байгаа юм. М.Энхсайхан Хаврын чуулганы “Шинийн 1”-д УИХ-ын даргыг буруутгасан мэдэгдэл хийхээс өмнө АН-ын бүлэгт мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тэрбээр “Айлын гэрт зодоон болж байгаа талаар би юу ярих билээ дээ” хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн билээ. Зөвхөн энэ жишээнээс харахад АН- ын бүлэг дотор зарчмын байр суурийн асар том зөрчил үүссэн гэдэг нь нэгэнт тодорхой байгаа Үүнээс гадна Засгийн газарт “заналхийлсэн” УИХ-ын даргын ээлж даараалсан мэдэгдэл ил нэртэй боловч нууцлаг хэлбэртэй байсан “Тавантолгой” төслийг маргааны тавцан дээр шинэ өнгө төрхөөр гарган тавив. Ингэснээр Засгийн газрын богино хугацааны төлөвлөгөө нуран уналаа. Яагаад заавал “Шийдлийн” гэсэн нэрийг энэ Засгийн газар сонгосон болохыг ч тод харууллаа.

Тэд ч “Шийдлийн” гэдэг нэрэндээ дэндүү итгээд юу ч байсан хамаагүй богино хугацаанд дур мэдэн шийдэх давуу эрх хэмээн ойлгож явсан бололтой. Уг нь, ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайханы тооцоогоор уржигдар Засгийн газрын хуралдаанаар оруулаад өчигдөр гарын үсэг зурах ёслол үйлдэх байлаа. Цөөн үгээр хэлбэл бүх зүйл дуусах ёстой байв. Тиймдээ ч Хятадын “Шинхуа”, Японы “Сумимото” компаниас гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд дэлхийн хэмжээний мэдээллийн агентлагийн багтай хүрэлцэн ирж монголын сайхан хавартай танилцах “аялал” хийж эхэлсэн билээ. Харин тэд гарын үсэг зурах ёслолыг хамгийн багадаа 14 хоног хүлээхээр болж байна. Мөн намын бүлгүүд ч бие даагчид ч, иргэний нийгмийн байгууллагууд ч “Тавантолгой” төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг улиглан дурдах нь зүйтэй.

ЯАГААД ЗААВАЛ УИХ-ААР “ОРУУЛАХ” ЁСТОЙ ВЭ 

М.Энхсайхан тэргүүтэнд УИХ дур мэдэн шийдэх эрх олгоогүй. Харин хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгээ баримталбал зохино гэсэн утга бүхий даалгаврыг л өгсөн. Үүнээс гадна С.Батболдын Засгийн газрын үед буюу “Бар” жилд гаргасан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолд “… дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/- ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах…” гэсэн заалт бий. Өнгөрсөн хугацаанд тус тогтоолд гар хүрсэн боловч яг энэ заалтыг хөндөөгүй нь учиртай. Зөвхөн энэ баримтуудаас харахад “Тавантолгой” төслийг заавал УИХ-аар хэлэлцүүлэх учиртай. Мэдээж, энэ бүхний хажуугаар улстөржилт, зарим нэг хувь хүний эрх ашиг нөлөөлсөн, мэдээжийн зүйлд шахалт үзүүлсэн дүр зураг бий. Тэгвэл М.Энхсайхан З.Энхболд даргын УИХ-ын чуулганы нээлтийн үгийг буруутгах явцдаа “Консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай” гэсэн. /Мэдэж л байсан юм байна шүү дээ гэж хэлмээр/ Ийм байтал яагаад Засгийн газарт ч танилцуулж амжаагүй байтал тендерт шалгарсан талуудын эрх бүхий албан тушаалтнуудыг яагаад дуудсан байж таарах вэ… Хамгийн энгийнээр бодоход “Төрийн ёс жаяг” байдаг тухай хамгийн сайн мэдсэн байж, харилцагч талаа гарын үсэг зурахад бэлэн байхыг “үүрэгдсэн” байх вэ… Маш товчхондоо энэ л асуултуудын хариултад гол нууц бий.

М.ЭНХСАЙХАНААС ӨМНӨ ИРГЭД БУРУУТАХ “САЙХАН” ГАРГАЛГАА 

Гэрээ алдагдалтай болсон, ашигтай байсан зэрэг нь өөр ойлголт. Энэ талаар ч ирэх өдрүүдэд “Нүүрсчин бүлэг”-ийнхэн хангалттай ярих биз. Дагнан судалсан эрхмүүд гаргалгаагаа хэлж, уншиж танилцсан гишүүд уур бухимдлаа илэрхийлэх нь ч мэдээж. Тийм тул ашиг тусын тухай амин хувийн үзлээ хойш тавья. Харин М.Энхсайханаар энэ гэрээг үзэглүүлэхэд хүргэсэн хүчин зүйл нь ард түмэн болж байна. Бид л Шийдлийн “Засгийн” газарт шахалт үзүүлсэн болж хоцорч байна. Учир нь Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл ард түмнээс мессэж хэлбэрээр санал авсан. Санал асуулгад насанд хүрсэн хүмүүс оролцсон нь тодорхойгүй. Нэг хүн хэдэн гар утаснаас мессеж явуулсан ч ойлгомжгүй. Гэтэл газар дээр нь “Шийдэгчид” үүнийг ард нийтийн санал асуулга гэж нэрлэж байгаа. Тиймдээ ч “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэртэй хариулт нэхсэн мессэждээ Нэгдүгээрт: Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох. Хоёрдугаарт: Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох гэсэн хоёр хувилбарыг санал болгосон. Үнэндээ үүнээс гарах үр дүн нь ч тодорхой байсан. Тийм л учраас тэд “Оюутолгой” гэсэн онцлох нэрийн ард “Тавантолгой” төслийг нуучихсан л хэрэг. Түүнээс Тавантолгойн хувь заяаг Засгийн газар шийдэх үү, УИХ-аар хэлэлцүүлэх үү гэж асуугаагүй. Харин энэ бүхний нөгөө талд нэгдүгээр хувилбарыг сонгосноороо жирийн иргэд М.Энхсайханаас өмнө буруутах “сайхан” гаргалгаа бий болоод байна.

ДЭГЭЭ БА НАЙДЛАГА 

УИХ-аар хэлэлцүүлснээр эс бөгөөс УИХ-ын дарга “Огцруулна шүү” хэмээн заналхийлснээрээ энэ төслийн явц дуусч байгаа хэрэг биш гэдэг нь мэдээж л дээ. Тэгээд ч УИХ хэмжиж барахааргүй эрх мэдэлтэй байлаа ч гэсэн үүнийг зогсоох боломж байхгүй Харин гацаанд оруулж дөнгөнө. Энэ төслийг эсэргүүцэгчдийн гол найдвар юм. Олон зүйл нуршилгүй өгүүлбээс УИХ-аас “Алдаагаа зас, тэр цагт эрх олгоно” гэсэн эцсийн шийдвэр гаргаж хурдтай өрнөх байсан үйл явдалд дэгээ тавьж өгөх болов уу. Мөн ингэх л гэж УИХ-ын дарга З.Энхболд энэ хүртэл эсэргүүцсэн байж болох.

Д.БУЛГАН

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.