МАН-ын НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдлаа. Яагаад бужигнаад эхлэв?
-Би хуралд оролцоогүй. Хурлын протокол одоо болтол миний гар дээр ирээгүй байна. Тэгэхээр яг ямар асуудлаар хуралдаж, юу шийдсэнийг мэдэхгүй. Зарим нэг сураг л сонссон.
-Яагаад хуралдаа оролцоогүй юм бэ?
-Болж байгаа процессийн тухайд гэвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ саяхан ирээд буцсан. Тэрээр сар хүрэхгүй хугацааны дараа сургуулиа төгсөнө. Тэгээд эх орондоо ирж НАМЗХ-ны Удирдах зөвлөл, Бага, Их хурлыг хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Л.Оюун-Эрдэнийг ирэхээс өмнө НАМЗХ-г хөдөлгөе гэсэн бүлэглэл байна. БиЕрөнхий нарийн бичгийн даргын хувьд нэгдүгээрт дүрэм, хоёрдугаарт зарчим барихын зэрэгцээ нэгэнт холбооны дарга удахгүй ирэх учраас холбооны хурлыг хойшлуулъя гэсэн саналыг өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн. Мөн тэр өдөр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат даргын өрөөнд намайг гүтгэсэн. Тиймээс би Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийг иртэл нэг ч хуралд оролцохгүй гэдгээ хэлээд гараад явчихсан.
-Та тэгвэл сая болсон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг юу гэж тайлбарлах вэ?
-НАМЗХ дүрэмдээ Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр, хуралд оролцсон гишүүдийн олонх нь аливаа асуудлыг дэмжиж тогтоол гаргаснаар тухайн асуудал баталгааждаг. Саяын хуралд нийт 19 хүн оролцож 20 гишүүн ирээгүй. Мөн хурлын ирцийг хүргэхийн тулд дөрвөн жил нэг ч удаа хуралдаа ирээгүй хүнийг хүртэл авчирч гар өргүүлсэн процесс ч өрнөлөө. Бас зарим нэг хүнийг маань албан тушаал өгье гэж дуудаж ирүүлээд гар өргүүлсэн тохиолдол ч гарсан. Ингэж л хэт улайрсан үйл явдал өрнөж байна. Ирээдүйд Монголын төрийг зөв хүмүүс авч явахаас бус аливаа бүлэглэл авч явна гэж байхгүй.
-Бүлэглэл гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэй хүмүүсийг нэрлээд байна уу. НАМЗХ-ны тэргүүний суудлыг Л.Оюун-Эрдэнийг эзгүйд Н.Номтойбаяр авах гэснээс асуудал өрнөөд байгаа хэрэг үү?
-НАМЗХ-ны дүрмээр Их хурлаасаа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгодог. Шууд хэлбэл НАМЗХ-ны Их хуралд Намын даргын зүгээс ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулж чөлөөт сонгууль явуулснаар сонгогддог. Үүний дагуу сонгогдсон ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Н.Номтойбаяр. Гэхдээ НАМЗХ-ны дүрэмд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй. Тодруулбал, ерөнхийлөгчийг эзгүйд ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалттай. Тэгэхээр бас л дүрмийн зөрчил явж байгаа гэсэн үг. О.Содбилэг гишүүн үүнд ямар ч хамаагүй ээ. Тэгээд ч өнөөдрийн энэ үйл явдлыг Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Илүү том үйлдэл ард талд нь нуугдаад байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч хийж байхдаа давхар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тэр үед МАН-ын удирдлагууд Харвардын улс төрийн удирдлагын сургуульд даалгавар өгч явуулсан. Түүнээс биш өөрийнхөө дураар явчихсан юм биш. Тиймдээ ч саяхан ирэхдээ намын удирдлагуудтай уулзаж “Намын даалгавраар явсан. Төгсөхөд ганцхан сар үлдлээ. Ирээд холбооныхоо хурлуудыг хийнэ” гэсэн. Сүүлийн шалгалтууд нь эхэлчихсэн байгаа. Ийм цаг үеийг тааруулж байгаа нь жудаггүй, увайгүй үйлдэл.
-Асуудал яригдаж эхэлснээс хойш Н.Номтойбаяртай уулзаж ярилцав уу. Юу гэж байх юм?
-“Н.Номтойбаярыг НАМЗХ-ны ерөнхийлөгч боллоо”, “Н.Номтойбаяр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэллээ” гээд л мэдээ цацсан байсан. Энэ нь Н.Номтойбаяр НАМЗХ-г удирдаж авч ирлээ гэж хэлээд байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Н.Номтойбаяр гишүүн УИХ дахь МАН-ын бүлэг дээр л ажиллаж байсан. Өнөөдөр манай залуучуудаас энэ тухай асуухад бүгд үнэнийг нь л хэлнэ. Яг үнэндээ ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаа нь зохион байгуулагдаж байсан. Санхүү мөнгөний хувьд ч гэлээ асуудал бий. Олон нийт хөрөнгөтэй хүн энэ холбоог авлаа. Залуучуудын холбоо одоо л хүчирхэгжинэ гэж ярьж байсныг ч сонсож л байлаа. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ даргын үеэс ч долоон дор санхүүтэй бид ажилласан шүү. Бидний үйл ажиллагааг илүү хүчтэй болгохын тулд хөрөнгө мөнгө зарсан уу гэвэл үгүй.
-НАМЗХ хоёр хуваагдсан нь нотлогдоод байх шиг?
-Нийгэм тэгж харж байх шиг байна. Би үүнийг хуваагдал гэхээсээ илүүтэй ялалт, ялагдал гэж байхгүй тоглолт гэдгийг л хэлнэ. У.Хүрэлсүх гэдэг хүн энэ холбоог анх үүсгэн байгуулж анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байлаа. Дараа нь талийгаач Уламбаяр ерөнхийлөгч удирдаж байсан нь бас нэг үе. Тэгээд Г.Занданшатар дарга өөрийнхөө үеийнхнийг толгойлж байсан бол Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бас л нэг үеийг толгойлон гарч ирсэн. У.Хүрэлсүх, Г.Занданшатарын үеийн хүмүүс бүгдээрээ л хамт явж байна. Бидний хувьд Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ бид нэг л үед цуг явна. Тэгэхээр энэ байдлыг бид их ухаалгаар харах ёстой. Миний хувьд Н.Номтойбаярын гэдэг юм уу Л.Оюун-Эрдэнийн тал гэж хуваагдчихлаа гэж залуусаа харахгүй байгаа. Дүрэм зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой хүн нь би.
НАМЗХ бол хувь хүний компани биш. Манай байгууллага 18 жил оршин тогтносон магадгүй ирээдүйд 100 жил явахдаа л дүрмээрээ явах ёстой. Үүний төлөө манай үе үеийн гишүүд, залуучууд бат зогсч чадна гэдэгт итгэж байна. Ер нь НАМЗХ өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд дүрмээ л барьж ирсэн. Дүрмийн байгууллага. НАМЗХ-ны залуучуудын хувьд дүрэм гэдэг бол Үндсэн хууль. Үүнийг хэн нэгэн зөрчихийн эсрэг хатуу зогсоно.
-Л.Оюун-Эрдэнэ дарга бас дүрмийн бус юм биш үү. НАМЗХ-ны ээлжит Их хурал өнгөрсөн 2014 онд болох байсан гэдэг утгаараа?
-Манай холбооны Их хурал 2014 оны есдүгээр сард болох ёстой байсан. Үүнээс нэг сарын өмнө би Бага хурлыг зарлаж Их хурлаа зарлая гэсэн саналыг хэлж байсан. Тэгэхэд намаас үүрэг даалгавар аваад явсан холбооны ерөнхийлөгч гадаадад байгаа, ирэх хугацаа нь ойртсон учраас өөрөө ирээд Их хурлаа зарлаад яваг гэсэн зарчмын үндсэн дээр л өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Тэр үед хүлээн зөвшөөрч байсан хүмүүс өнөөдөр Их хурлаа зарлах ёстой гээд чичирч, дайрч байгааг ойлгохгүй байгаа.
-НАМЗХ-г Н.Номтойбаяр удирдлаа гээд яах юм. Л.Оюун-Эрдэнэ улирч сонгогдоод юу болох юм?
-Улс төрийн бас нэг гишгүүрийн асуудал. Үндсэн хуульд олонх болсон нам нь засаглана гэсэн заалттай. Тэгэхээр энэ залуус яагаад заавал намд орох гээд, заавал залуучуудын байгууллага руу орж удирдлагыг нь гартаа авах гээд байгаа юм гэвэл ирээдүйн улс төрийн зураглалтай нь холбоотой. Өнөөдөр улс төрийн намуудын төлөвшил гэдгийг хүн бүр ярьж байгаа. Гэхдээ ямар хүмүүс улс төрд явах ёстой вэ гэдгийг ярихгүй байна. Бизнесийн бүлэглэлүүд орж ирж, бизнесээ хамгаалахын тулд хуульд хүртэл гар дүрдэг боллоо. Ийм байхад яаж улс төрийн төлөвшил ярих юм. Бизнесийнхэн нь бизнесээ хийж, урлагийнхан нь дуугаа дуулж, улстөрчид нь улстөржих цаг болсон. Мөн цаг хугацааны хувьд яагаад өнөөдөр ийм асуудал үүсч байна вэ гэвэл 2016 оны сонгуулиар их олон тойрог суларч байгаа. Спортынхон дотор үе шилжилт явчихлаа гэдэг шиг улс төр дотор үе солигдох том мөчлөг ирсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ цаг хугацаан дээр цэвэр улстөрчид нь улс төрийг авч явах уу эсвэл тодорхой бүлэглэлүүд улс төрөөр дамжуулж төрийг барих нь уу гэдэг систем яригдаж байгаа. Үүний л эхлэл өнөөдөр эрчимжиж байна. Шууд хэлбэл 2016-2024 он хүртэлх тэр дундаа МАН доторх улс төрийг хэн барих вэ гэдэг тэмцлийн эхлэл бий боллоо гэж би харж байгаа. Түүнээс биш Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бол жижиг зүйл. Үүнийг ойлгож гаднаас шидсэн чулуунд бутрахааргүй зангидсан гар шиг л байх ёстой.
-Зангидсан гар шиг байх хөг ингээд өнгөрч байгаа юм биш үү?
-Асуудал дөнгөж эхэлж байна. Мэдээж хэвлэл мэдээллээр, АН бусад намын зүгээс НАМЗХ-г эвдрэлцүүлснээр 2016 онд МАН-ыг унагах, нам доторх хагарлыг үүсгэх гэх мэт улс төрийн олон өнцгийг харж байгаа байх. Яагаад би сая хуралд ороогүй хэрнээ Хяналтын хороондоо хандаж саяын хурал дүрмийн бус гэж зарлаагүй вэ гэвэл эцэс төгсгөлгүй үл ойлголцсон байдалд нэг удаа ч болов цэг тавиад олонхиороо шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Бид хэрэлдлээ гээд НАМЗХ хохирохгүй. Яагаад гэвэл НАМЗХ бус МАН сонгуульд ордог учраас нам л хохирно. Тиймээс ч би жил гаруйн өмнөөс МАН-ын удирдлагуудад “Ийм асуудал үүсч байгаа. Өрнөөд явж байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь өнөөдөр туйлдаа хүрнэ гэдэг шиг эцсийнхээ цэг рүү явж байх шиг байна. Бид олонхиороо шийдээд цаашаа алхах л ёстой.
-Н.Номтойбаярынхан та бүхний яриад байгааг хүлээн зөвшөөрөх юм уу. Ер нь НАМЗХ-ны удирдлагыг тэд гартаа авчихаж байгаа нь энэ юм биш үү?
-Удирдлагыг гартаа авсан гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл Н.Номтойбаяр дүрэм зөрчиж өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан хүн. Тэгээд ч бид өнөөдөр энэ үеийнхнийхээ асуудлыг яриагүй. Өнгөрсөн дөрөв таван үе, ирээдүйд бий болох олон үеийн асуудлыг ярьж байгаа. Тиймээс үе үеийн удирдагчид болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар залуучуудын байгууллагыг өнгө мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэдгийг харуулна байх гэж бодож байгаа. “Та бол хууль бус” гэдгийг нь Н.Номтойбаярт өөрт нь олон удаа хэлж байсан. Намайг гурван ч удаа “НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өгчих” гэж шахаж байсан. Би өнөөдрийг болтол энэ тухай хэнд ч ам нээгээгүй ирсэн. Уг нь Н.Номтойбаярын маань хувьд улс төр хийх талбар нь их л том байгаа юм даа. УИХ-ын бүлгийн дэд дарга Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Харин бидний хувьд НАМЗХ гэдэг байгууллагадаа л ажиллаж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-г Н.Номтойбаяраар тэжээлгэчихээд одоо мурьж байгаа юм биш үү?
-Гадуур тийм ойлголт төрүүлсэн юм шиг байна лээ. “Би Оюун-Эрдэнийг байхгүй хойгуур НАМЗХ-г бүрэн дүүрэн санхүүжүүлсэн. Гэтэл одоо Оюун-Эрдэнэ ирээд намайг явуулах гэж байна” гэж. Ялангуяа намын удирдлагуудад энэ ойлголтыг өгсөн байна. Буруу ойлголт яваад байна. Санхүүгийн хувьд л гэхэд ажлын албаны бүтэн жил гарангийн нийгмийн даатгал төлөөгүй, ажилчдын гурван сарын цалин төлөгдөөгүй байна. Гэхдээ НАМЗХ бол дүрмээр явдаг байгууллага болохоос хэн нэгний халаасаар хөдөлдөг, хэн нэгний компани юм шиг дур зоргоор авирладаг газар биш.
-МАН-ын удирдлагууд юу гэж байх юм. Намын удирдлагууд чинь бас талцаад байгаа юм биш үү гэсэн яриа сонсдсон…
-Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч ирэхдээ бидэнтэй, Н.Номтойбаяр, намын удирдлагуудтай ч уулзсан. “Тавдугаар сарын дундуур Бага хурлаа, зургадугаар сарын дундуур Их хурлаа хийе. Нэгэнт төгсөөд ирж байгаа учраас залуучуудын байгууллагын дараа дараагийн үйл ажиллагааг удирдаад сонгууль руу орох” тухай бүх асуудлыг ярьж тохироод л явсан. Намын удирдлагууд “за” гээд хүлээж авсан гэж ойлгосон. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бусад нарийн бичгийн даргатай уулзахад ч хэлж байсан. Ийм байхад хүч түрж асуудал үүсгээд байгааг би сайн ойлгохгүй байна. Нийгэм үүнийг МАН-ын хагарал гээд яриад эхэлчихэж. Асуудлыг тийм түвшинд аваачихыг хүсэж буйхүмүүс ч байх шиг байна. Яагаад гэхээр албан тушаал аваагүй гомдогсод намаар дүүрэн байгаа. Сонгуулийн дараа зугтсан хэрнээ сая хамтрахад “Би энэ намын гишүүн тэнд ажилладаг юм. Ажилтайгаа үлдмээр байна” гээд ирсэн хүмүүсийн тоо ч маш их байна. Олон хүн намд байдал хэрхэн өрнөж байгааг ажиглан харж байна. Үүнээс шалтгаалаад намын хагарал эхэлнэ гэж юу байх билээ. Гэхдээ дүрмийн бус тоглолтыг, өнгө мөнгөөр хүч түрсэн байдлыг хараад суух, хүлцэнгүй аялдагч шударга бус хүмүүс манайд олон гэдэгт би итгэхгүй байна.
Л.МӨНХТӨР
Эх сурвалж: www.dnn.mn